Манай улс өнгөрсөн хавраас эхлэн баруун таван аймгаас БНХАУ руу үхэр болон хонинын мах экспортолж байгаа билээ. Тэгвэл энэ хүрээнд малыг амьдаар нь экспортлох асуудал яригдаж эхэлсэн байдаг. Тухайлбал, адууг амьдаар экспортлох эрхийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас МХЕГ-т олгосон байна.
Ингэхдээ Бичигтийн боомтоор дамжуулан Хятад руу амьдаар нь адуу экспортолж байжээ. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ноос амьд малын экспортыг ирэх хавар хүртэл зогсоосон байгаа аж. Хүйтэн сэрүүний улиралд адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй тууж, зарим үед адууны нүд хөлдөх, турж эцэх хүндрэл гардаг учраас экспортыг зогсоосон гэж МХЕГ-аас тайлбарлаж байсан. Ганц Бичигтийн боомтоор энэ онд 1000 гаруй адуу экспортод гаргасан тоо байгаа юм. Энэ талаар өнөөдөр төр засгийн удирдлагууд байр сууриа илэрхийлж, хүйтний улиралд малыг амьдаар нь экспортлохыг зогсоохыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Холбогдох албаныхан Бичигтийн боомт дээр байгаа 800 гаруй адууг эргүүлэн татахаар болжээ.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Миний бие Сүлдэндээ залсан МОНГОЛ АДУУГАА хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулж байхыг тэвчихгүй...Энэ асуудлыг бүр мөсөн шийдэж, таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт АХИН ҮҮРЭГ болголоо” гэжээ. Яг энэ асуудлаар Хүнс хөдөө аж ахуйн яам болон МХЕГ-аас яг одоо мэдээлэл хийж байгаа юм.
Мөн энэ асуудлаар Монгол Улын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твийтрээр байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Малыг амьдаар нь экспортлох нь Монгол Улсын бодлого биш байсаар ирсэн. Цаашид ч энэ бодлого тууштай хэрэгжих учиртайг албан ёсоор анхааруулъя” гэжээ.