Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг илүүдэл жин болон чихрийн шижинтэй болох эрсдэлийг бууруулах үүднээс чихэрлэг ундаа болон хэрэгцээгүй нүүрс ус ихээр агуулдаг бусад бүтээгдэхүүнд сахарын татвар ногдуулахыг улс орнуудад зөвлөлөө. ДЭМБ-аас гаргасан тайланд дурдсанаар улс орнууд өөрийн улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс энэ төрлийн бүтээгдэхүүнд 20 хувь болон түүнээс дээш татвар ногдуулах замаар чихрийн хэрэглээг багасгах зайлшгүй шаардлага тулгараад байгаа аж.
Учир нь, сахарын агууламж өндөртэй буюу чихэрлэг бүтээгдэхүүнээс болж халдварт бус өвчин, тэр дундаа чихрийн шижин, таргалалт болон зүрхний шигдээс зэрэг олон өвчний шалтгаан болдог гэдэг нь хэдийнэ тодорхой болсон. Тиймээс ийм төрлийн бүтээгдэхүүнд онцгой татвар ногдуулснаар ундаа өндөр үнэтэй болно, ингэснээр хэрэглэгчид энэ ундааг худалдан авах нь буурна гэсэн үг.
ДЭМБ-аас халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд ямар бодлого хэрэгжүүлж байгааг судалсан тайланд чихэрлэг ундаа болон энэ төрлийн бүтээгдэхүүнүүд ихэд хэрэглэх болсон нь хэт тарган болон чихрийн шижинтэй хүмүүсийн тоо нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болоод байна гэжээ. Дэлхийн хэмжээнд 18-аас дээш насны 500 сая хүн илүүдэл жинтэй байгаа бол чихрийн шижинтэй 422 сая гаруй хүн байгаа юм байна. Тэдний үзэж буйгаар чихэрлэг ундаа болон хэрэгцээгүй нүүрс ус ихтэй бүтээгдэхүүний үнэ хямд байгаа нь энэ төрлийн бүтээгдэхүүний худалдан авалт их байх гол шалтгаан болж байгаа аж. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнд онцгой татвар ногдуулснаар хүмүүсийн чихрийн хэрэглээ багасч, үүнээс үүдэлтэй чихрийн шижин, таргалалт болон шүдний өвчлөл буурна гэж үзжээ.
Мөн хүний өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээний 10 хувь нь элсэн чихэр байх нь хэвийн гэж үздэг бол энэ хэмжээг таван хувь болгон бууруулах нь зөв гэж санал нэгджээ. Тиймээс сүү, бүх төрлийн жимс зэрэгт агуулагддаг “байгалийн” сахараар өдөрт авах ёстой сахарын хэмжээгээ нөхөж, хэрэгцээгүй нүүрс ус агуулдаг бүтээгдэхүүнээс татгалзахыг хүмүүст зөвлөсөн байна.
Одоогоор Мексик, Унгар зэрэг улс чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулсан байдаг бөгөөд Өмнөд Африк иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ирэх жилээс энэ төрлийн бүтээгдэхүүнд сахарын татвар тогтоохоор болоод байгаа юм.
Орос улс энэ жилээс сахар агуулдаг ундаанд, тэр дундаа “Coca Cola”ундаанд тусгай татвар ногдуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн бол Франц улс 2011 онд чихэрлэг ундааны татварын систем нэвтрүүлж, энэ төрлийн ундаанд ногдуулах татварыг гурван хувь байхаар тогтоосон юм. Иймтатварногдуулснаар жилд төсөвд нь 120 сая евро төвлөрдөг гэнэ. Харин Мексик улс 10 хувийн татвартай, Их Британи мөн ийм төрлийн татвар ногдуулахаар болоод байгаа.
Нүүрс усны гол үүрэг нь энерги буюу эрчим хүчний эх үүсвэр болдог. Нэг ёсондоо түлш гэсэн үг. Нийлмэл нүүрс ус нь хуваагдан задарсаар глюкоз цусанд нэвчиж, энерги болоход зарцуулагддаг. Харин энгийн буюу хэрэгцээгүй нүүрс усан хүнс идэхэд ямар нэгэн боловсруулалт явагдахгүйгээр сахар гэдэсний ханаар шимэгдэн, цусанд шууд ордог байна. Өөрөөр хэлбэл чихэрлэг бүтээгдэхүүнийг шатааж, зарцуулахгүй болж улмаар энэ нь өөх, тос болон нөөцлөгддөг байна.Цусан дахь сахарын хэмжээ дээрх маягаар байнга өндөр байх нь чихрийн шижин үүсэх нэгэн гол шалтгаан нөхцөлийг бүрдүүлдэг.