Open iToim app
Эксперт | 6 мин уншина

​Р.Чингис: Залилагч, баялаг бүтээгчээ цагдаа ялгана аа

​Р.Чингис: Залилагч, баялаг бүтээгчээ цагдаа ялгана аа
Нийтэлсэн 2015 оны 6 сарын 5
"ЭКСПЕРТ" буландаа Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг урьж ярилцлаа
-Татвар, цагдаагийнхан баялаг бүтээгчдийг олон мянгаар нь татварын хэргээр шалгаж, хаалга үүдээ барихад нь хүргэж байна гэх мэдээлэл гарах болсон. Хууль зөрчсөн бол хяналт, шалгалт явуулах нь хууль сахиулах байгууллагын үүрэг. Гэхдээ эдийн засаг хүнд байхад 11 мянган аж ахуйн нэгжийг шалгаж байна гэхээр аймшигтай сонсогдоод байгаа юм л даа?
-Улс орны төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлж байдаг баялаг бүтээгч буюу татвар төлөгчдийн мөнгөөр төрийн бүхий л байгууллага алба хаагчдаа цалинжуулж, нийгмийн халамж шаардлагатай байгаа олон хүн тэтгэмж, тусламж хүртэж байдгийг бид бүхэн сайн мэднэ. Манай улсын баялаг бүтээгчдийн дийлэнх нь шударгаар татвараа төлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа боловч төрийн хайр хишгийг умартан олсон орлогоо нуун, татвараас зайлсхийж, хууль бус үйлдэл гаргадаг хэсэг ч байсаар байна. 
Хууль бус үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд татвар болон бусад хууль хяналтын байгууллагуудтай хамтран хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчлийг шалгаж, зөрчил дутагдлыг засуулах арга хэмжээ авч ажилласаар ирсэн. Гэвч сүүлийн үед цагдаагийн байгууллагаас татвар төлөгч, баялаг бүтээгчдийг дарамталж байгаа болон тодорхой бус тоо баримтын талаар жирийн иргэнээс УИХ-ын гишүүн хүртэл ярьж, бичиж, олон нийтэд ташаа мэдээлэл өгч байгаад харамсаж байна.
Цагдаагийн байгууллага шударга бус явдалтай тэмцэж, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн иргэдийг хэн нь баялаг бүтээгч, хэн нь залилан мэхлэгч гэдгийг ялга салгах мэргэжлийн алба хаагчтай, хууль дүрэмтэй байгууллага юм. Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад цагдаагийн алба хаагч аж ахуйн нэгж, албан тушаалтанд дарамт шахалт үзүүлэх, татварын байцаагчийн өмнөөс татвар төлөхийг шаардах зэргээр хуулиас гадуур ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Энэ нь ч хуульд нийцэхгүй. Иргэн цагдаагийн алба хаагчийн зүй бус харьцаа, ёс бус үйл ажиллагааны талаар 126 дугаарын утас болон Засгийн газрын 11-11 төв болон өргөдөл гомдолоо ирүүлэх бүрэн эрхтэй. Энэ бүхэнтэй холбоотой ямар ч гомдол санал одоогийн байдлаар албан ёсоор цагдаагийн байгууллагад ирээгүй байна. Хий бичилттэй падаан авч ашигласан аж ахуйн нэгжүүд сайн дураараа татвараа нөхөн төлсөн тохиолдолд хуульд зааснаар үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох саналаа харъяалах прокурорын газарт хүргүүлэн шийдвэрлүүлж байна.
-Одоогийн байдлаар хэдэн хэрэгт холбогдуулан хэчнээн аж ахуйн нэгжийг татвартай холбоотой хэргээр шалгаж байгаа юм бэ?
-2012 оноос хойш НӨАТ төлөхөөс зайлсхийсэн зөрчилтэй 5537 аж ахуйн нэгж байна. Эдгээр нь 1.8 их наяд төгрөгийн татварын зөрчилд холбогдсон юм. Одоогийн байдлаар 732 аж ахуйн нэгжид холбогдох 24 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Үүнээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас зайлсхийсэн 10, гаалийн албан татвар төлөөгүй нэг хэрэг, бусад 13 хэрэг нь НӨАТ-тай холбоотой хэрэг юм. Үүнээс харахад зөвхөн нэг эрүүгийн хэрэгт маш олон аж ахуй нэгжүүд холбогдож ерөнхийдөө сүлжээ болж хавтгайрч байна. Нэг хэрэгт олон аж ахуйн нэгж шалгагдаж байгаа нь л тоог их болгож харагдуулж байгаа болов уу.
Өнөөдрийн байдлаар татварын байгууллагаас хий бичилттэй НӨАТ падаан ашигласан 571 аж ахуй нэгжид холбогдох татварын улсын байцаагчийн дүгнэлт ирээд байгаа юм. Энэ дүгнэлтийг үндэслэн 177 эрүүгийн хэрэг шалгагджээ.
-Мөрдөн байцаалтын шатанд татвараа нөхөн төлсөн хэдэн аж ахуйн нэгжийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бэ. Тэднээс хэр хэмжээний татвар гаргуулсан бэ?
-Засгийн газраас баялаг бүтээж байгаа иргэдээ дэмжсэн бодлого баримталж, 2012 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөртэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн болон энэ чиглэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг зөрчлийг татварын өр төлбөрөө бүрэн барагдуулсан тохиолдолд хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох арга хэмжээ авах чиглэлийг хууль хяналтын байгууллага, Хууль зүйн сайдад даалгасан. 2015 оны тавдугаар сарын байдлаар 332 аж ахуй нэгж сайн дураараа мөрдөн байцаалтын шатанд 18.9 тэрбум төгрөгний хохирол нөхөн төлсөн . Мөн 180 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна. Өөрөөр хэлбэл эдгээр аж ахуйн нэгжийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн гэж ойлгож болно.
Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд хэн нэгнээс хараат бусаар өөрийн үйл ажиллагаагаа явуулж татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг шалгахдаа хуульд заасан үндэслэлийг баримтлан ажиллаж баялаг бүтээгч аж ахуй нэгжүүд, ажил олгогчдыг дэмжиж тэдний эрх ашгийг хамгаалан, тайван амгалан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь ханган ажиллаж байгаа. Ийм учраас эдийн засаг хямарч, төсөв санхүү хүндэрч байгаа энэ үед цагдаагийн алба хаагчид баялаг бүтээгчдэд хэвийн үйл ажиллагаагаа явуулахад саад болж байгаа мэт буруу мэдээлэл олон нийтэд хүргэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.
-Ер нь татвартай холбоотой ямар үйлдлүүд их гарч байгаа бол. Төрөл бүрээр нь ярьж өгч болох уу?
-Татварын албанаас өөрийн компанийн нэр дээр бүртгүүлж авсан нэгдсэн дугаар бүхий НӨАТ-ын падаанд бараа, материал борлуулсан мэтээр хий бичилт хийж хууль бусаар бусад аж ахуйн нэгжүүдэд бэлэн мөнгөөр худалдах нь тэдэнд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгодог.
Мөн аж ахуйн нэгжүүдийн захирал, нягтлан бодогч, ажилтнууд эдгээр хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоод зах зээлээс бараа материал худалдан авсан мэтээр компанын санхүү, татварын тайланд тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг зориуд бууруулж, татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдлүүд тогтоогдож байгаа юм.
Үүнтэй холбоотой өөр аж ахуй нэгж, татвар төлөгчид бүртгэлтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр бусад аж ахуй нэгжийн тамга, санхүүгийн тэмдэгийг дарж худалдах, тухайн аж ахуй нэгжийн нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд нь захирал, удирдлагын анхаарал болгоомжгүй, хараа хяналт сул байдлыг ашиглан тухайн аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бусдад худалдан ашиг олох, тараах, аж ахуй нэгжүүд харилцан тохиролцож хоорондоо хий бичилттэй падааныг солилцон санхүү, татварын тайландаа тусгах зэрэг хууль бус үйлдлүүдийг цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгасаар ирсэн юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 175,550,000 төгрөг хүрэхгүй үнийн дүн бүхий хий бичилт хийсэн буюу эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй, давхардсан тоогоор 3051 аж ахуйн нэгжид холбогдох /553,112,802,783 төгрөгийн/ үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй тул захиргааны арга хэмжээ авч нөхөн татвар, торгууль, алдангийг төлүүлэхээр аж ахуйн нэгжийн нэрсийг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн.
-Эдийн засгийн өршөөл, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүд УИХ-д орж ирсэн. Хуулийн сургаар компаниуд татвараа төлөхөөс зайлсхийж байна гэсэн хардлага яваад байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Ингэж санаатайгаар татварын зөрчил гаргаж, улс орны эдийн засагт хохирол учруулдаг гэмт хэрэг дэлхийн улс орнуудад ч гэсэн гарч, хууль хяналтын байгууллага нь зохих ёсны шийтгэлийг нь ногдуулж, татварын эрүүл зөв зохистой тогтолцоог бий болгохын төлөө ажиллаж, баялаг бүтээхийн тулд иргэн бүр хамтдаа хичээж, төр засаг нь дэмждэг сайн жишээг бид олныг мэднэ. Ганц жишээ татъя. Канад улсад баялаг бүтээгч хохирлоо төлсөн тохиолдолд боломж олгож, ямар хугацаанд та үүнийг хэрхэн төлөх тухай ярилцаж шийддэг туршлага байдаг. Энэ мэт дэлхийн улс орон бүхэнд өөр өөрийн гэсэн хууль дүрэмтэй. Цагдаагийн байгууллага 2015 оныхоо үйл ажиллагааны нэг чиглэлийг бизнес эрхэлж байгаа байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд дарамт, шахалт, хүнд суртал учруулахгүйгээр хууль тогтоомжийн дагуу татварыг төлүүлэн , хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах чиглэл өгч алба хаагчид нь энэ үүргийн дагуу хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн