МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Газар зүйн тэнхмийн профессор, Ph.D Б.Чинбаттай ярилцлаа.
-Тантай Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаар ярилцахаар ирлээ. Танай Газар зүйн сургууль өөрчлөгдөөд тэнхим болоо юу даа?
-Өмнөх засгийн үед төрийн өмчийн их сургуулиудын бүтцийг өөрчилж, МУИС-ийн бүрэлдхүүний 16 сургууль байсныг 5 болгож өөрчилсөн. Газарзүй-Геологийн сургууль маань одоо МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, тэр дотороо Байгалийн ухааны сургуулийн Газар зүйн тэнхим болсон.
-Бидний ярилцлага нийслэлийн төлөвлөлттэй холбоотой учир хот төлөвлөлтийн чиглэлээрх сургалт, судалгааныхаа талаар танилцуулаач?
-МУИС-д хот, бүс нутаг төлөвлөлтийн ангийг 2009 онд нээж, Хот төлөвлөлт-газар зохион байгуулалтын тэнхим байгуулагдсан. Энэ чиглэлээр 70 орчим мэргэжилтэн бэлтгэж, 10 магистр, 5 доктор төрүүлсэн. ШУТС-ийн суурь судалгааны сэдэвт 2 ажил, “Хөх хот-Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн харьцуулсан судалгаа” олон улсын төсөл хэрэгжүүлсэн.
-Та Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд ямар санааг тусгаж оруулав?
-Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд салбар, салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцсон. Ачааны хүндийг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн үүрсэн. Бид энэ багтай хамтран, нийслэлийн орон зайн зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх санаа, төлөвлөлтийн шийдлүүдийг тусгасан. Нэгдүгээрт, Улаанбаатар нэг төвтэй хот. Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг Орос ах нар хийж өгч, одоо 5 дахь ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүллээ. Нийслэлийн нийгэм эдийн засгийн эрчимтэй тэлэлт, хүн амын бөөгнөрөл, машин, техникийн хэрэглээ нэмэгдсээр цаашдаа Улаанбаатар нэг төвт хотын загвараар хөгжих боломжгүй болсон. Их, Бага тойруугаар төвлөрч байгаа хотын ганц төв рүүгээ нийслэлийнхэн өглөөд дөрвөн зүг, найман зовхисоос чихэлдэн ирж, орой зүг, зүгрүүгээ бутардаг. Улаанбаатарыг нэг төвтөөс олон төвт тогтвортой хотын загварт шилжүүлэх саналыг боловсруулсан. Төвийн зургаан дүүргийг хот төлөвлөлтийн найман бүс болгосон. Бүс болгон дэд төвтэй байна.
-Дүүрэг бүр өөрийн гэсэн дэд төвтэй болно гэсэн үг үү?
-Дүүргийн төв манайд сонгодог утгаараа хөгжөөгүй. Тухайн дүүргийн иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан, бүх төрлийн үйлчилгээ, худалдаа, ажлын байр, мэргэжлийн албад, банк санхүү, нийгэм соёлын газрууд нэг дор төвлөрхийг хэлдэг. Ийм төвтэй болбол иргэд заавал хотын төв орох шаардлагагүй. Ингэснээр олон асуудлыг шийдэх боломжтой. Сөүл хот гэхэд л 25 дүүрэгтэй. Дүүргийн төв нь ямар том, ажил хэрэг, бизнесийн хувьд бие даасан, ямар хүчирхэг байдаг билээ. Хөгжингүй орнуудад хотын төвлөрлийг ингэж сааруулдаг.
-Улаанбаатар хотын замбараагүй тэлэлтийг яаж хязгаарлах вэ?
-Улаанбаатар хотын тэлэлт хэвтээ, босоо болон үсчсэн бүх хэлбэрээр эрчимтэй явагдаж, баруун, зүүн тийшээ 30-40 км, урагшаа, хойшоогоо 20-30 км үргэлжилсэн. Хэт олон хүн хотод шилжин, суурьшсан учраас иргэд, аж ахуйн нэгжүүд нүдэнд харагдсан сул газраа хашаа хатгаад эхлэсэн. Дараа нь зөвшөөрлөө хөөцөлдөнө, болохгүй бол сонгуулийн жилийг хүлээнэ. Тэгээд цахилгаан, ус, нийтийн тээвэр гээд дэд бүтцийн шаардлага тавина. Мөн дэд бүтэцгүй газрыг иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд олгож, ерөнхий төлөвлөгөөнөөс зөрөх болсон. Цаашдаа газар өмчлөл, олголт ба ерөнхий төлөвлөгөөг сайтар уялдуулмаар байна. Ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хот 2030 он хүртэл хөгжих тэг гортигийг заачихсан. Дэлхийн улсууд тэр заагаа ногоон бүс болгодог. Анх 1944 оны Лондонгийн ерөнхий төлөвлөгөөнд хотын ногоон бүсийг тусгасан. 1971 онд Сөүл хот үүнийг хэрэгжүүлсэн. Энэ ногоон бүсэд хотжилтыг хориглодог. Хотын физик тэлэлтийг хязгаарлах зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс ногоон бүсийн бодлого, менежмент, хэрэгжүүлэх арга, зөвшөөрөх, хориглох зүйлсийг заасан журмын саналыг ерөнхий төлөвлөгөөнд тусгасан.
-Замбараагүй газар ашиглалтыг яаж эв, дүйнд нь оруулах вэ?
-Ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах талаар тусгасан уу. Төлөвлөгөөний гол санаа нь юунд чиглэв?
-Ерөнхий төлөвлөгөөний гол үзэл санаа нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чиглэсэн. Төвлөрлийг төлөвлөж сааруулах бодлогыг дэлхийн бусад улсад хэрэгжүүлдэг. Метрополитан хот өсөлтийн менежмент болон ногоон бүсийг байгуулдаг. Түүний гадна дагуул хот, суурингуудыг төлөвлөж хөгжүүлдэг. Нийслэлийн дагуул хотод Багануур, Багахангай, Налайхаас гадна шинээр төлөвлөсөн Эмээлт-Аргалант, Шинэ нисэх онгоцны буудлыг дагаж үүсэх Аэро сити, Майдар хотыг хамруулж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжих орон зайн олон шатлалт эрэмбийг тооцож үзэх хэрэгтэй. Эхний ээлжинд нийслэлийн хил, хязгаар дотроо асуудлаа шийдэх. Төв аймгийн хэмжээнд буюу нийслэлийн эрчимтэй таталцал, нөлөөллийн бүсийн хүрээнд асуудлыг харах шаардлагатай болсон.
-Хөгжингүй орнууд нийслэл хотоо бүс нутаг болгон хөгжүүлдэг. Улаанбаатарын бүсийг хөгжүүлэх асуудлыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Төв аймаг, нийслэл хоёр хаяа залгасан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тусгаар нэгжүүд. Төв аймгийнхан засаг захиргаанаас бусад бүх үйлчилгээг өдөр тутам хотоос авдаг. Улаанбаатарын бүс нь Улаанбаатар хот, Багануур, Багахангай гэсэн орон зайн хувьд салангад. Ийм учраас нэг талаар Төв аймгийн хөгжлийг дэмжих, нөгөө талаар нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогыг багтаасан. Метрополитан хотууд, ялангуяа нийслэл хотууд хот-бүс нутаг, нийслэлийн бүс нутаг болон хөгжиж байгаа. Тухайлбал, БНСУ-ын нийслэлийн бүс нутаг нь Сөүл метрополитан ба Кёонгэ аймаг гэсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг багтаадаг.
-Нийслэлийн бүс нутгийн хүрээнд хот ба Төв аймгийн хөгжлийг хэрхэн уялдуулах боломжтой вэ?
-Төв аймгийн баруун хойд хэсэг хотынхныг сүү, хүнсний ногоогоор хангаж ирсэн. Цаашид ч эрчимжсэн хөдөө аж ахуйг дэмжин, хүнсний үйлдвэрлэлийн кластерийн цөм болох ирээдүйтэй. Зүүн хойд хэсэг нь Хан Хэнтийн дархан газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг багтаасан. Байгаль хамгаалал, эко туризмын чиглэлээр, зүүн урд тал нь Багануур, Багахангай төвтэй үйлдвэржилтийг дэмжих бүс болгох хандлага бий. Төв аймгийг үйлдвэрлэл, үйлчилгээ, соёл боловсрол төвлөрсөн, тулгуур төвтэйгөөр хөгжүүлэн төвлөрлийг сааруулах боломжтой. Энд орон нутгийн удирдлагуудын санал, бодлыг илүүтэй тусгасан шүү.
-Үндсэн хуульд зааснаар Монгол Улс ганцхан хоттой. Бусад хот нь сум болоод эдийн засгийн хувьд жижгэрээд л. Үүнд ямар шийдэл зохимжтой вэ?
-Монголын нийгэм, эдийн засгийн тогтолцоо ямар байгааг хот, суурингуудын хөгжлөөс харж болно. Манайх төвлөрсөн засаглалтай. Орон нутгууд бие даан хөгжөөгүй. Улсын хөрөнгө оруулалтын ихэнх нь уул уурхай, Улаанбаатар хоёрт ордог гэдэг яриа оргүй зүйл биш. 2000 оноос өнөөдрийг хүртэл долоо, найман аймгийн дайны хүн ам нийслэлд шилжин иржээ. Энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярихаар болсон. Дэлхийн хэмжээний уул уурхай хөгжүүлж, стратегийн ордуудыг ашиглаж байж яагаад шинэ хот суурин босгож болохгүй гэж. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс гадна улс орны ачааг үүрэлцэх шинэ хот, суурингуудыг хөгжүүлэх шаардлага гарч байна.
-Хүн амын нутагшилт, бүс нутгийн хөгжлийн асуудлыг эргэн харах шаардлагатай болж байна уу?
-Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төслийг шинэчлэн боловсруулах, энэ хүрээнд засаг захиргааны бүтэц, зохион байгуулалт, бүс нутгийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан, хот байгуулалтын үндэсний хөтөлбөр шинээр боловсруулах шаардлагатай болж байна. Ингэхдээ олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах санаачлага болон “Тал нутгийн зам” зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй уялдуулан үндэсний нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил үгүйлэгдэж байна.
Япон улс 18 кластерийн цөм үүсгэн бүс нутгийн хөгжлөө дэмжсэн. БНСУ үндэсний нутаг дэвсгэрийн 4 дэх ерөнхий төлөвлөгөөг тодотгон, кластер, инновацийн төв хотуудаа хөгжүүлж бүс нутаг бүрийн бие даасан хөгжил, гадаад дотоод хамтын ажиллагааг тэтгэж байна. Манай улс үндэсний нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөлтөд анхаарах цаг болжээ.
-Таньд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгаж чадаагүй санаа байгаа юу?
-Шинэ Дархан, хуучин Дархан гээд манайд бодитой жишээ байдаг даа?
-Шинэ Ордос, хуучин Ордос ч гэж өмнөд хөршид бий. Энэ бол хотын төвлөрлийг сааруулах том боломж юм. “Шинэ Улаанбаатар”-таа төр захиргааны төв байгууллагуудыг шилжүүлсэнээр, түүнийг дагалдаад томхоохон пүүс, компанийн толгойлох байгууллагууд, банк санхүү, хууль хяналт, худалдаа арилжааны салбарынхан шилжин байрших нь зүйн хэрэг.
Жишээлбэл, БНСУ олон үүрэгт засаг захиргааны хотыг Сежонд байгуулж, 9 яам, Засгийн газрын хоёр гол агентлагийг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2030 онд бүрэн хийхээр төлөвлөжээ. Улаанбаатар хотыг дахин төлөвлөж, дээрх жишгээр шинэ хотуудаа төлөвлөн хөгжүүлснээр төвлөрлийг сааруулна. Улаанбаатар хотыг нүүлгэн шилжүүлэх хамгийн хямд, төсөр арга зам энэ байж болох юм.