Open iToim app
Эдийн засаг | 10 мин уншина

“Чалько”-гоос зээл аваагүй бол “МАНАН”-гийн амлалт биелэхгүй байв

“Чалько”-гоос зээл аваагүй бол “МАНАН”-гийн амлалт биелэхгүй байв
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 30
Ажлаа мэддэг, тухайн ажлыг эхлүүлсэн хүний үг тун чухал. Бас үнэ цэнтэй. Тийм ч учраас хуулийн байгууллагаар шалгуулж байгаа, ажлаа өгчихсөн “Эрдэнэс-Тавантолгой”-н захирал асан Я.Батсуурийг АН-ын бүлэг Төрийн ордонд урьж Тавантолгойн асуудлаар хаалттай мэдээлэл сонсчээ.
Тэгвэл Я.Батсууриас дутуугүй мэдээлэлтэй нэгэн эрхмийн ярилцлагыг хүргэж байна. Тэр бол “Эрдэнэс-Тавантолгой”-н анхны захирал, “Чалько”-гийн гэрээг гардсан, намуудын бэлэн мөнгөний амлалтыг тараах эх үүсвэрийг олж өгсөн, одоо “эрэн сурвалжлагдаж байгаа” гэх хаяг дор гадаадад буй Б.Энэбиш юм. Тэрээр ажлаа өгснөөс хойш хэд хэдэн удаа онлайн ярилцлага өгснөөс одоо улстөрчдийн дунд маргаан дэгдээгээд буй “Эрдэнэс-Тавантолгой”-н ашиг, “Чалько”-гийн өрийн талаар өмнө нь ийм ярилцлага өгчээ.

-Таны удирдаж байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа тун хүнд байдалд орсон бололтой. Таныг ажлаа өгөх үед нөхцөл байдал ямархуу байсан бэ, ер нь компанийн үйл ажиллагаа хэр явж байгаа бол?
-2012 оны 10 дугаар сард ажлаа хүлээлгэж өгөх үед хүлээгдэж байсан урсгал ажлуудын төлбөрийг төлөөд санхүүгийн хувьд дансандаа 80 орчим тэрбум төгрөг буюу ойролцоогоор 60 сая ам. долларийн үлдэгдэлтэй байсан. Үйл ажиллагаа, нүүрсний олборлолт нь тогтмол явагдаж байгаа, ахисан түвшиний санхүүжилтын олон хувилбар дэвшүүлж хэлэлцээ хийсэн, дөхүүлсэн ийм л байдалтай хүлээлгэж өгсөн. Үндсэн үйл ажиллагаа болох нүүрс олборлолтын хувьд 2011 онд 1 сая тонн нүүрс олборлосон, 2012 онд оны эцэс гэхэд олборлолтын хэмжээ 3,5 сая тонн хүрэх бүрэнболомжтой байсан.Компанийн цаашдын үйл ажиллагаанд онцгой чухал цахилгаан станц болон нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг нь дуусгасан, Баруун Цанхийн талбай дээр үйл ажиллагааг нь нээж, Эрдэнэс Тавантолгой энэ хэсгийн талбайгаас нүүрс гаргах, орлого олох боломжийг нь нээж өгөөд гарсандаа. Зээлийн тухайд жаахан дэлгэрэнгүй хэлье. Хятадын Чалко компанид нийлүүлэх нүүрсний борлуулалтаас орлогоос 2011 онд урьдчилж авсан 250 сая ам.долларын үлдэгдэл хэсэг(энэ мөнгө жилийн 3 хувийн тогтмол хүүтэй),2012 оны хавар тус компаниас жилийн тогтмол 5 болон 7 хувийн хүүтэй зээлсэн 100 сая ам.долларын зээл, Хөгжлийн банкнаас 7.2 хувийн хүүтэй зээлсэн 100 сая ам.долларын зээлтэй байсан.
-Одоо “Эрдэнэс ТТ” компанийн үйл ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ, хэцүү байдлаас гарах боломж харагдаж байна уу?
-Эрдэнэс Тавантолгойн төлөвлөсөн ажил, нүүрсний олборлолт хэвийн явагдвал Чалко компаниас авсан нийт мөнгөө энэ 2013 оны хавар цаашлаад л 5 сар гэхэд нүүрсээрээ барагдуулах бүрэн боломжтой. Зах зээл дэх нүүрсний үнэ унаагүй бол үүнээс ч хурдан барагдуулахболомжтой байсан. Үүний дараа Эрдэнэс Тавантолгой нүүрсний борлуулалтын орлогоо үзнэ, өөрөөр хэлбэл, зарсан нүүрсний орлогоо өмнө авсан мөнгөний төлбөрт өгч байсан нь дуусаад өөрөө орлого болгоно гэсэн үг. Нүүрсний борлуулалтын орлого 2013 онд доод зах нь 200-300 сая болно, нүүрсний үнэ өсвөл үүнээс илүү болно. 2014 он гээд уурхай өргөжиж 10 сая тоннд дөхсөн нүүрс жилдээ гаргаж чадвал орлого өмнөх оноосоо хэд дахин нэмэгдэнэ. Мэдээж олборлолт үйл ажиллагааны тодорхой зардлууд гарна. Одоо харин үйл ажиллагаагаа хэвийн явуулах тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилтын хэрэгцээ байгаа байх. Хамтарсан Засгийн газарт улс төрийн амлалтаа биелүүлэхэд нь зориулж их мөнгө олж өгч байсан, одоо засаг нь өрийн бичиг буюу бонд өөрөө гаргаад мөнгөтэй болсон байна, түүндээ өдөр бүр их хүү төлж байхын оронд тэр бондын мөнгөнөөсөө, эсхүл Хөгжлийн банкны олон улсын зах зээлээс зээлсэн мөнгөнөөс Эрдэнэс Тавантолгойд өгвөл их л хэрэгтэй зүйл болно. Дээр миний дурдсан Чалко компаниас авсан нийт 350 сая ам.долларын нүүрсний урьдчилгаа мөнгөний дийлэнхи буюу гуравний хоёр нь УИХ, Засгийн газрын шийдвэрүүд, Сангийн яамны шахалтын үндсэн дээр Хүний хөгжлийн санд шилжиж, иргэдэд сар бүр хорин нэгэн мянган төгрөг болж очсон байдаг. Хэрвээ Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс МГЛ компаниас Хүний хөгжлийн санд нийт 400 тэрбум төгрөг оруулаагүй бол улс төрийн хоёр гол нам болох МАН, АН хоёр сонгогчдод амалсан мөнгөө өгч чадахгүй байсан. Одоо дарга, гишүүн болсон нөхдүүд сонгогдож, томилогдох, цаашлаад нам нь санал авч, дарга сайд болох ч үгүй байсан болов уу. Хүмүүст мөнгө болон хувьцаа өгнө гэж амалсан 2 нам нь тодорхой. Хамтарсан Засаг, түүний парламент ямар шийдвэр гаргаж төрийн өмчит компанийг шахаж байсан нь бүгд ил тодорхой болсон явдал даа.
-“Чалко”-той хийсэн гэрээг цуцлах асуудлыг Ерөнхий сайд хөндөж байсан, анхнаасаа яагаад тийм муу гэрээ хийсэн юм бэ, таныг удирдаж байх үед хийгдсэн гэрээ шүү дээ?
-Намайг байх үед хийгдсээн. Хятадын төрийн өмчит хамгийн том компаниудын нэгтэй Монголын төрийн өмчит компанийн байгуулсан бизнесийн хэвийн гэрээ. Зарим дарга, сайд нарын ярьж байгаагаас үзэхэд гэрээний доторхи зарим зүйлийг сайн ойлгоогүй юмуу, дутуу мэдээлэл авсан юм шиг байна лээ. Чалкотой байгуулсан гэрээ болон хийж байсан хэлэлцээний явцыг компанийн ТУЗ болон Засгийн газарт танилцуулж байсан. Тавантолгой ордыг ашиглахдаа бүтээгдэхүүний урьдчилсан борлуулалт хийж мөнгө олж ирэх нь зүйтэй гэсэн УИХ-ын удирдамж 2008 оны 12 дугаар сард анх гарсан байдаг, Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас ч тийм үүрэг өгсөн байдаг. Борлуулалтын томоохон урьдчилгаа мөнгө эхэлж авах нөхцөлтэйгээр нэлээд хэдэн компаниудтай хэлэлцээ хийж санал авсанаас “Чалько”-той тунаж үлдэж гэрээ хийгдсэн. Гэрээ хэлэлцээ хийсэн, зөвшөөрөл авсан, танилцуулагдсан гээд бүх юм номоороо явсан.
-Нүүрсний үнэ хямдрахаас хятадын тал хямд үнээр аваад, үнэ өсөхөөр монголчууд өссөн үнээр зарах боломжгүй гэрээ хийгдсэн юм биш үү, энэ шударга явдал мөн үү?
-Энэ худлаа мэдээлэл Эдийн засгийн байнгын хороон дээр яригдаж байна лээ. Тийм юм гэж юу байдаг юм бэ. Анх газрын хөрс ухаж эхлээд нүүрсэндээ хүрэх эхний 4 дүгээр давхаргын олборлосон нүүрсний эхний нэг сая тонныг тогтмол 70 ам.доллар, энэ 1 сая тонн нүүрсээ нийлүүлсний дараа зах зээлийн үнийн индексийн тохиргоог улирал тутамд хэрэглэнэ. Энэ нь зах зээлийн үнэ өсөх, буурах аль алинд нь хамаатай. 2011 оны эцсээр энэ индексийн тохиргоогоор үнэ жааханөсч, 71, 72 болж байсан санагдаж байна. Харамсалтай нь 2012 онд олон улсын болон Хятадын нүүрсний үнэ эрс унасан. 2012 оны 3 дугаар улиралд 66 орчим доллар болж байснаа сүүлийн улиралд нь тавин хэд болсон байсан. Энержи Ресурс компанийн угааж баяжуулсан, жилийн өмнө 150 ам.доллараар Хятадын хилийн Ганц мод боомт дээр зарагдаж байсан нүүрс 80 ам.доллар хүрэхгүй болж үнэ унасантай харьцуулах хэрэгтэй байх. Яригдаад байгаа 70 ам.доллар гэдэг бол нэгдүгээрт: - хилээс 26 км наана байдаг манай дамжин өнгөрөх агуулахад хүлээлгэж өгөх үнэ байгаа юм. Хүмүүс Хятадын хилийн Ганц модны боомтын үнэтэй харьцуулж хутгаад байдаг. Хил хүртэл нэлээд зардал гардаг, 2-рт: энэ бол зөвхөн 4 дүгээр буюу хамгийн дээд давхаргын түүхий (ямарч ялгалт, баяжуулалт хийгдээгүй) нүүрсний үнэ. Үүнээс бусад бүх нүүрсний (бусад давхаргын нүүрс, угааж баяжуулсан нүүрс) үнийгхарилцан тохиролцох ёстой. Уурхайн ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөө ёсоор уурхайн хөрс хуулалт доошоо улам гүн болж,3 дугаар давхаргын нүүрсэнд энэ 2013 оны хавар, зун хүрэх учиртай. Тэгээд энэ давхаргын нүүрсний үнээ тохирох бүрэн боломжтой байгаа. Уурхай өргөжөөд бусад давхаргын нүүрс олборлоходмөн адил. Угаасаа нүүрс баяжуулах үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулах ёстой. ТЭЗҮ нь үндсэндээ дуусаж байсан одоо дууссан байх ёстой. Баяжуулах үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулаад 2014 оны дундаас угааж баяжуулсан нүүрсээ үнээ сайн тохироод зарвал бүр сайн болно. Зарим улс төрчид хэвлэл мэдээллээр 5 жилийн турш нүүрсээ зах зээлийн үнээс бага, тал үнээр нь өгөх гэрээ энэ тэр гэсэн байсан. Тийм юм гэж юу байхав. Ер нь гэрээг нээлтэй болгож зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байх.
-“Чалко”-гоос мөнгө олж ирэхдээ Баруун Цанхийн талбайг тавиад туучихсан гэх шиг зарим нь бичдэг, нүүрсний урьдчилгаа болгож авсан мөнгө ямар барьцаа, нөхцөлтэй байсан юм бэ. Одоо болтол барагдуулж дуусахгүй байна гээд байх юм?
-Тэгж бичиж байгаа бол ямар ч мэдлэг мэдээлэлгүй байна гэсэн үг. Тэр урьдчилгаа төлбөр бол үндсэндээ ямарваа нэг барьцаагүй, нүүрсээ олборлоод графикийн дагуу нийлүүлнэ гэсэн тохироо байгаа юм. Мөнгө өгөх, зээлж байгаа талаас барьцаа хөрөнгө байнга нэхдэг байсан. “Эрдэнэс-Тавантолгой” компаниас Засгийн газрын баталгаа гаргуулахыг шаардах, эсвэл ордынхоо лицензийг барьцаалах, нэг бол компанийн хувьцааны хэсгийг барьцаалах шаардлага байнга тавьдаг байсан. Хүмүүс жирийн ломбардаас мөнгө авахад хүртэл барьцаанд нь авах зээлийнхээ үнийн дүнгээс илүү үнэлэгдэх утас, ээмэг бөгжөө хүртэл тавьдаг. Хэдэн зуун сая доллар өгч байгаа тал бүр ч болгоомжилж байсан. Та нар хулхидаад нүүрсээ нийлүүлэхгүй бол өөрсдөө орж ирээд өгсөн мөнгө, гаргасан зардалтайгаа тэнцэх хэмжээний нүүрс ухаж авна гэсэн шаардлага гэрээнд оруулахыг удаан хугацаанд шахаж байсан. Тухайн үед Тавантолгой гайгүй нэрд гарсан байсан тул олон сар уйгагүй хэлэлцсэний эцэст дээр хэлсэнчлэн үндсэндээ барьцаагүй мөнгө урьдчилж авсан. Эхний ээлжид авсан 250 сая ам.долларын урьдчилгаа мөнгөний хүү жилийн тогтмол гурван хувь.
-Өнгөрсөн онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урд хөршид хийсэн айлчлалын үеэр “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи Ресурс”, жижиг “Тавантолгой” компаниуд нийлээд“Шинхуа” компанитай 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээ бичиг байгуулсан байгаа…
-Тэгж сонссон. Энэ бол нүүрсний экспортоо зогсоож өөр улсад байр сууриа алдах бодлогогүй алхам хийсэн хүмүүсийн“... ичсэн хүн хүн ална” гэдэг шиг үйлдэл. Би “Шинхуа”-тай нүүрс нийлүүлэх, худалдах гэрээ байгуулж харилцаатай байх асуудлыг ерөөсөө үгүйсгээгүй байна. Харин нэг тэрбум тонн нүүрсийг Тавантолгойн бүлэг ордоос нийлүүлнэ гэдэг нь нэгдүгээрт,манай олборлолт, экспортын боломж чадавхийн хувьд үл бүтэх “сансрын” тоо хэмжээ байна, өөр бусад оронд ч ийм хийсвэр зүйл байдаггүй байж таарна.Хоёрдугаарт, Монгол Улс, манай компаниуд ийм хэмжээний нүүрсийг нийлүүлэх, тээвэрлэх техник, ложистикийн боломж нөхцөл байхгүй, 20 жилийн дотор ч үүнийг бүрэн бий болгож чадахгүй, гуравдугаарт, том компанитай гэрээ байгуулах нь бодлогын хувьд зөв байж болох ч нэг компанид бүх нүүрсээ нийлүүлнэ гэж үүрэг авчболохгүй, нэг харилцагчийн эрхшээлд бүрэн орно гэсэн үг. Монголын хэдэн компани нийлээд бүү хэл “Эрдэнэс-Тавантолгой” дангаараа дор хаяж том, жижиг 4-5 нүүрс худалдан авагчтай харилцах ёстой. Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын компаниудтай хамтран ажиллах, харилцах асуудал хаачив. Нөгөө бидний 1990 оноос хойш ярьж ирсэн Монгол Улсын олон талт бодлого, эдийн засгийн олон харилцагчтай байх явдал яасан билээ. “Чалько” компанитай 2011 онд байгуулсан гэрээний дагуу дунджаар долоо орчим жилийн хугацаанд нийлүүлэх нүүрсний нийт хэмжээ хамгийн ихдээ 30 саяас хэтрэхгүй. Одоо гэрээбайгуулснаас хойш бараг дөрөв дэх жилдээ ороод явж байна.
-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. “Эрдэнэс-Тавантолгой” компанийг байгуулалцаж, удирдаж явсан хүний хувьд Тавантолгой ордын одоогийн ашиглалтын үйл ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ. Таныг ажлаа өгсөнөөс хойшхи үйл ажиллагааны талаар…
-Эхлүүлсэн ажлыг зогсонги байдалд оруулж, учраа олохгүй байна гэж үзэж байна. Зүйрлэж хэлбэл хоёр алхам хойш, нэг алхам урагш гэсэн байдалтай байна. Яагаад ингэж бодож байгаагаа хэлье. Тавантолгойн ордын Баруун Цанхийн талбайг ашиглах бүх бэлтгэлийг хангаад, уурхайн ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөг батлуулаад, хөрс хуулалтын амсар, уурхайн амыг нээж өгөөд явахад энэ ажил дээр 5-6 сар алдсан. Нүүрсний экспортыг зургаан сар зогсоож, гэрээ сайжруулах нэрийн дор нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон. Үр дүнд нь нүүрснийтээвэр, ложистик, боомтын хэвийн урсгал, ажлын хэмнэл алдагдуулснаасодоо хүртэл дахин зүгширч чадаагүй байгаа. Энэ ч бас гайгүйнүүрсний экспортыг зогсоож “Чалко”-той үндэслэл багатай хэрүүл хийснээс Монголд орж ирэх валютын орлого, урсгалыг алдагдуулсан, энэ нь төгрөгийн ханш унахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа ганхуулсан, гадаадын хөрөнгө оруулалтын орчинд муу нөлөө үзүүлсэн. “Чалко”-той байгуулсан гэрээ бол олон улсад мөрддөг стандарт зарчмын дагуу хоёр талд харилцан ашигтай байхаар байгуулагдсан оффтэк гэрээ юм. Маш их бодож, нөхцөл байдлуудыг тунгааж, олон талаас тооцож, удаан хугацаанд хэлэлцэж маргаж хийсэн учраас хариуцан ахалж хийсэн хүний хувьд би тайлбарлаад байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой”-д энэ гэрээ хэрэггүй бол үлдэгдэл өрийг нь төлөөд бид гэрээг чинь худалдаад авъя гэж “Энержи Ресурс” компани өнгөрсөн жил хөөцөлдөөд байсан гэж сонссон юм байна. Боловсон хүчин, хүний нөөцийн талаар хийрхсэн, харалган бодлого явуулсны улмаас ажлаа мэддэг, туршлагатай хүмүүсийг ажлаас нь халсан байсан. Нүүрс баяжуулах, угаах үйлдвэрийн ТЭЗҮ хийлгэх ажлыг эхлүүлээд явуулж байсныгудаасан мөртлөө сүүлд өөрөө мундаг хийсэн хүн болж сурталчилсан. Одоо хуурай аргаар элсээр нүүрс баяжуулах технологи нэвтрүүлэх тухай бодит амьдралд нэвтрээгүй технологийг ярьж цаг алдаж байна. Зүй нь ТЭЗҮ нь хийгдсэн уламжлалт угаах баяжуулалтын үйлдвэрээ санхүүжилт олж яаралтай эхлүүлж байвал нүүрсний үнэ, экспортод үнэлж баршгүй ач холбогдолтой зүйл болно. Говьд ус ховор, хэрүүл ам ихтэй тул элсээр хуурай аргаар баяжуулах технологийг хажуугаар нь туршиж явна биз. Амжилттай боллоо гэхэд практик амьдралд найдвартай нэвтэрч эхэлтлээ дор хаяж 10 жил болох байх. Уурхайд ажиллагсдын ахуйн хангамж, хоол унд, кемпийн байдал зэрэг нь хуучнаас дордсон гэх зэрэг тоочоод харьцуулаад байвал нэлээд юм бий. Шаардлагатай сонирхсон хүн энэ талаар судлаад харьцуулалт хийгээд явж болох юм. Хамгийн үл бүтэх зүйл нь гэвэл өөрсдөө учраа олохгүй, мэдэхгүй байсан мөртлөө бүхний бурууг өмнөх үрүү чихэж аргалж худлаа ярьдаг явдал. Нэг жил найман сар орчим хугацаа өнгөрсөн тул миний зүгээс “Эрдэнэс-Тавантолгой” компанийн одоогийн үйл ажиллагаа, удирдлагын арга барилд ингэж харьцуулалт хийж шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ энэ хугацаанд гарсан санхүүгийн хүндрэл, зах зээлийн байдал, улс төрчдийн дарамт, бусад компани, албан тушаалтнууд, хөндлөнгийн хүмүүсийннөлөө оролцоо, орон нутгийн хэрүүл зэргийг төсөл хариуцаж байсан хүний хувьд сайн ойлгож байна.
Эх сурвалж:
Улстөрийн тойм сонин 2013 он
“Монголиан майнинг” сэтгүүл 2014 он
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн