Open iToim app
Улс төр | 4 мин уншина

​Цөөхөн монголчууд хэдий хүртэл нэгнээ бөөрөлхөх вэ

​Цөөхөн монголчууд хэдий хүртэл нэгнээ бөөрөлхөх вэ
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 1
Зохиолын дууны ханхүү гэгдэж явсан МУГЖ, дуучин С.Жавхлан сүүлийн хэдэн жил иргэний хөдөлгөөнд нэгдэж, улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа. Тэрээр өнөөдөр Чингисийн талбайд олны өмнө сэвлэгээ үргээж, улс төрийн эсэргүүцэл илэрхийллээ. Түүнтэй хамт МУГТ Ц.Шаравжамц тэргүүтэй зарим иргэн үсээ хусуулсан юм. Арга хэмжээний эхэнд дуучин С.Жавхлангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Төр, засгийн удирдлагууд хар толгойгоо ухахын оронд Монголын толгойнуудыг ухаж, зарахын төлөө явдаг болсон. Гадаадуудын бөгсийг долоож, тэдэнтэй үгсэн хуйвалдаж монголчууд биднийг гомдоох болсон учир өнөөдөр бид энд ирсэн юм.
-Миний хувьд Монгол ёс заншлаа, өвөг дээдсийнхээ ухаан, ёс жудаг, сэтгэл, тэр бүх зүйлүүдийг ойлгож, сүүлийн есөн жил уриалж ирсэн. Энэ хооронд намайг газар шороогоо хайрлахаар галзуу гэсэн. Үндэсний дээлээ өмсөхөд “Энэ бүр тэнэг болсон. Мэдрэл нь муудчихаж, шар хаданд хэвтүүлье” гэсэн. Элгэн түмэндээ хайртай гэж хандивын тоглолт хийж, маш олон өвдөж зовсон хүнд туслахад ч, малчин түмэнтэйгээ нийлж хууль бус уул уурхайн эсрэг тэмцэхэд, “Энэ бүр балай болчихож” гэж хэлсэн. Ингээд миний хувьд найман жилийн турш балай, мэдрэл муутайгаараа дуудуулж байна. Монголын газар шороо, энэ соёл уламжлалаа ярьсан хүн галзуу болдог, монголоороо ярьсан хүн соёлгүй болдог. Гадаадаар ярьж, гадаад диплом цуглуулсан хүн Монголын газар шороон дээр үнэд ордог зүйл явснаас болж бидний эх оронд балрах доройтож байна. Би үүний эсрэг шатсан.
-Саяхан би Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуайг эргээд ирлээ. Хувь хүн, монгол эрх хүн гэдэг утгаар нь очсон юм. Тэр хүний бие сэргэлт авахгүй байна. Ц.Элбэгдорж гуай олуулаа болъё, хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулъя гэж гарч ирсэн. Гэтэл Монголоос нэгнээ адалж хөөгөөд байвал ямар Монгол гэх юм. Гурван сая хүн нэгнийгээ адалсаар байтал сэмэрч дуусах нь. Бидний тусгаар тогтнол байхгүй болох гэж байна.
-Ю.Цэдэнбал гэдэг хүний цогцсыг энд авчрахад оршуулах газар олдоогүй шүү дээ. Монголчууд цөөхүүлээ мөртлөө хэдий хүртэл нэгнээ бөөрөлхөх юм.
-Н.Энхбаяр гуайг Монголдоо ирээч гэж би гуйсан. Залуу хүний хувьд ямарваа үзэл суртлаас илүү хүний сэтгэл илүү чангаасан юм. Тэр хүн Монголын агаараа амьсгалж, олон түмнийхээ дунд байвал бие нь сэргэх юм шиг санагдсан. Монголчууд нэгнийгээ адалж хөөгөөд байвал 60 сая малаасаа хурдан алга болно шүү дээ.
-Ц.Мөнхбаяр ах тэргүүтэй Гал үндэстэн холбооны эх орончид байна. Тэр хүмүүс буу шийдэм барих болсон шалтгаан нь юу юм бэ гэж бодоод үзье л дээ, бүгдээрээ. Энэ их уул уурхай, лиценз нэрийн дор Монголын газар шороог самарч байгааг тэд эсэргүүцсэн шүү дээ. Ц.Мөнхбаяр ахын өмөөрсөн Онги гол өнөөдөр Улаан нуурандаа цутгаж байна. Монголын найман сум, гурван аймгийн нутгаар урсч байна. Тэр хэний ач гавъяа юм. Тэнд үүрлээд газар ухаж байсан 40 уурхайг Ц.Мөнхбаяр ах зогсоож чадсан шүү дээ. Гэтэл бид яагаад баярлалаа гэж хэлж, нэгнээ хайрлаж болдоггүй юм бэ.
-Гадаадыг болохоор уучилж өршөөгөөд, дайлж цайлаад явуулдаг. Монголын газар шороог самарсан хүн шүү дээ, тэр Жастин Капла гэдэг нөхөр. 35 тэрбум төгрөгөөр залуучууд хэчнээн сайхан зүйл хийх вэ. Тэгтэл Монголын Ерөнхийлөгч нь газар шороог нь самарч, 35 тэрбумаа төлөхгүй байгаа гадаадыг уучлаад, хошногыг нь долоогоод явуулж байна. Ийм байж болох уу.
-Намайг татвараас өчнөөн шалгаж байна. Би үүний эсрэг өнөөдөр бас ирсэн юм. Хүн бүр өртэй байхад Капла өрөөс зугтааж болох уу. Би Каплагийн 35 тэрбум төгрөг иртэл татвараа төлөхгүй. Надаас нэхэж байгаа татвар бага тоо. Харин Монголын бүх хүнээс нэхэж байгаа өр, татварыг нэмбэл их тоо шүү.
-Ингээд би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дуудаж байна. Ямаанаас дор 76 хар илжигийг дуудаж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дуудаж байна. Гадаадаар явах болохоороо бадар бариад гүйдэг. Монголчуудынхаа сэтгэл санааг бол сонсдоггүй. Бид хаваржингаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Монголоос хайгаад олсонгүй. Найр наадамд л цохиж явах юм. Гал түймэр гарахад цахим ертөнцийн 150 гаруй залуу очоод төрийн өмнөөс, ажил хийдэггүй хар илжигнүүдийн өмнөөс. Тэр залуучууд төрөөс илүү байна уу.
-Хорлоо эмээ орон гэргүй даарч байна гэхэд таван залуу очоод байшин барьж өгсөн. Хөдөлмөрийн яам, Халамжийн яамнаас илүү байна уу, тэр залуучууд. Гэр нь шатахад дүүгээ авраад өөрөө 80 хувь түлэгдсэн хүүхдэд залуучууд очиж 90 сая төгрөг хандивлаж хагалгаанд оруулахаар болсон. Тэр хүүхдийг тэврээд уйлаад сууцгааж байна, тэр залуучууд. Тэд Эрүүл мэндийн сайдаас илүү байна уу.
-Төрийн байгууллагууд хоорондоо бичиг шидэлцээд л байдаг. “Энийг яах вэ, тэрийг яах вэ. Зарчмын хувьд ийм байна” гээд гадаадаар яриад сууж байдаг. Гэтэл наана нь зөв сэтгэлтэй цахим ертөнцийн залуучууд тамгагүй төрийг бий болгочихжээ. Тамгатай усан төрөөс тамгагүй жинхэнэ төр гараад ирчихжээ. Тэгэхээр тамгагүй төрд нэгдье гэж би энд ирсэн юм. Юу ч хийдэггүй төрөөс тамгаа авцгаая аа монголчууд аа. Зөв хүмүүсээ гаргаж ирье. Энэ бүхэнд би өөрийгөө 100 хувь өргөхөд бэлэн байна. Ингээд Ц.Мөнхбаяр тэргүүтэй ах нарыг суллахыг шаардаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Каплаг дуудаж 35 тэрбумыг төлүүл эсвэл өөрөө төл гэж шаардаж байна” гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн