Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Цэц Сонгуулийн хуулийн 60 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийг түдгэлзүүллээ

Цэц Сонгуулийн хуулийн 60 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийг түдгэлзүүллээ
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 21
Үндсэн хуулийн цэц өнөөдөр хуралдаж,Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа Тус заалтад “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан юм.
Сонгуулийн тухай хуульд УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр зэргийг нийтлэг байдлаар хуульчилж, нэр дэвшигчдийг ижил үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхээр адилтган зохицуулсан боловч ийнхүү нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн хувьд илт ялгавартайгаар зохицуулсан байна.
Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн тохиолдолд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцохоор заасан атлаа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт ижил зөрчил гаргасан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид нэгдүгээрт, зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших; хоёрдугаарт, мөн хугацаанд төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах; гуравдугаарт, урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх хууль зүйн хэд хэдэн хариуцлагыг давхар хүлээлгэхээр хуульчилсан байгаа нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж уг заалтын үйлчлэлийг өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн