Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Цэцэрлэгүүдийн жилийн төлбөр 1.3-9 сая төгрөгт хүрчээ

Цэцэрлэгүүдийн жилийн төлбөр 1.3-9 сая төгрөгт хүрчээ
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 13
Хичээлийн шинэ жил эхлэх бүрт их, дээд сургууль, ерөнхий боловсролын хувийн сургууль, цэцэрлэг сургалтын төлбөрөө нэмдэг жишиг тогтоод удаж байна. Энэ жил ЕБС, цэцэрлэгүүд болон их дээд сургуулийн сургалтын төлбөр хэдэн хувиар нэмэгдэж байгаа талаар сурвалжлага бэлдлээ.
Улсын цэцэрлэг энэ сарын 25-наас бүртгэлээ эхлэх ажээ. Хүүхдүүдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг энэ сарын 22-ноос дүүргийн эмнэлгүүд авч эхлэх аж.
Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 230 мянган хүүхэд байгаагаас 80 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа гэсэн мэдээллийг УИХ-ын эмэгтэй гишүүд өгсөн юм. Ялангуяа нийслэлийн захын дүүргүүдийн гэр хороололд энэ асуудал хурцаар тавигддаг боловч цэцэрлэг барих газар байхгүй, дэд бүтэцгүй шалтгаанаар улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барих боломж хомс байдаг
Тодруулбал улсын хэмжээнд нийт 1017 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг аж. Үүнээс 764 нь улсын цэцэрлэг улсынх 303 нь хувийн эзэмшлийн цэцэрлэг. Нийслэлд нийтдээ 430 гаруй цэцэрлэг ажиллаж байгаагаас 178 нь улсын цэцэрлэг аж. Иргэд түр оршин суугаа дүүргийнхээ цэцэрлэгт хүүхдээ өгөх боломж бий эсэх талаар БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодруулахад “Түр оршин сууж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолт аваад хүүхдээ цэцэрлэгт өгч болно. Гэхдээ дүүргүүд үндсэн харьяалалтай хүүхдүүдээ эхэлж аваад дараа нь түр оршин сууж байгаа иргэдийн хүүхдийг авна” гэсэн юм. Энэ жил хувийн цэцэрлэгийн төлбөр сарын 150-900 мянган төгрөгийн үнэтэй байх юм байна.
Хамгийн өндөр төлбөртэй хувийн сургууль 31 сая төгрөг
"British schoolof Ulaanbaatar"
Тус сургууль нь хичээлээ Англи болон Вэйлс улсын үндэсний хөтөлбөрийг Монголын сурах орчинд тааруулан заадаг аж.Төлбөрөө ам.доллараар тооцон авдаг. Бага ангийн төлбөр нь 13 мянган доллар, дунд анги нь 16 мянга 680 ам.доллар бол ахлах анги нь 17 мянга 920 ам.долларын төлбөртэй. Харин жилийн дундаж төлбөр нь 15 мянга 866 доллар буюу одоогийн долларын ханшаар тооцвол 31 сая 414 мянган төгрөг болж байгаа юм.
“Улаанбаатар-Элит”
“Улаанбаатар-Элит” сургуулийн ахлах ангийн сургалтын төлбөр 11.9 сая, дунд анги 10 сая 500 мянга, бага анги 8.9 сая төгрөг. Төлбөрт өдрийн хоол, дүрэмт хувцасны үнэ багтсан аж. Харин Төгөлдөр хуур, шатар зэрэг дамжаанд сургахаар бол жилд 300 мянган төгрөг нэмж төлнө.
“American school”
“American school” сургуулийн ахлах ангийн төлбөр нь 15 сая 250 мянга бол дунд анги нь 13 сая, бага анги нь 10 сая төгрөг. Жилд дунджаар 12 сая 750 мянган төгрөгийн төлбөртэй.
“Орчлон”сургууль
"Орчлон" Кембрижийн хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлсэн тус сургуулийн дундаж төлбөр 11 сая 666 мянган төгрөг. Тодруулбал, бага анги нь 11 сая төгрөгийн төлбөртэй. Дунд, ахлах ангийнхан нь 12 сая төгрөгийн төлбөр төлдөг. Сайн сурсан сурагчдаа гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сургадаг.
“Хобби” сургууль
1994 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй. Төгсөх ангийн сурагчиддаа ТОЕFL-ын бэлтгэл хичээл заадаг. Энэ жилийн төлбөр 5-7 сая төгрөг.
“Сант”сургууль
"Сант" сургуулийн жилийн төлбөр таван сая 333 мянган төгрөг. Тодруулбал, бага, дунд ангийн сургалтын төлбөр таван сая. Харин ахлах ангийн төлбөр нь зургаан сая юм байна.
“Олонлог” сургууль
Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн зүүн талд байрлах “Олонлог” сургуулийн энэ жилийн төлбөр 4.5 сая төгрөг. Бүх ангийн төлбөр ижил юм байна.
“Монгол Турк"-ийн хамтарсан сургууль
Тус сургууль нь зөвхөн долоо, найм, есдүгээр ангидаа л элсэлт авдаг юм байна. Ингэхдээ математик, англи хэл, IQ-н шалгалт авдаг бөгөөд жилийн таван сая төгрөгийн төлбөртэй аж.
МУИС сургалтын төлбөрөө 30-40 хувиар нэмжээ

Энэ хичээлийн жил ЕБС-ийг 19 мянган хүүхэд төгсч байгаа нь өмнөх онуудынхаас хоёр дахин бага юм. Тиймээс их дээд сургуулиуд төлбөрөө нэмжээ. Тодруулбал, МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж, 2015-2016 хичээлийн жилд II-V курсийнхээ сургалтын төлбөрийг инфляцын өсөлттэй уялдуулан 12 хувиар, шинэ элсэгчид буюу I курсийн оюутнууд мэргэжлийн чиглэлээсээ хамаарч сургалтын төлбөрөө өмнөх жилээс 30-40 хувиар нэмсэн байна. МУБИС-ийн сургалтын төлбөр энэ хичээлийн жилд өмнөх жилийнхээсээ 10-12 хувиар нэмэгдсэн ч 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Шинжлэх ухааны технологийн их сургуулийн нэг кредитийн төлбөр дунджаар 18 хувиар буюу 10.000 орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа аж.

Хөдөө аж ахуйн их сургууль I курсийн оюутны сургалтын төлбөрийг 25 орчим хувиар, харин бусад курсийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн сард болсон Удирдах зөвлөлийн хурлаараа шийдвэрлэсэн аж.

Төрийн өмчийн их, дээд сургуулиас хамгийн өндөр хувиар сургалтын төлбөрөө нэмж байгаа сургууль нь АШУҮИС. Тус сургууль шинэ элсэгчид буюу I курсийн сургалтын төлбөрийг 45 орчим хувиар нэмсэн бол хоёр болон түүнээс дээш курсийн сургалтын төлбөрт өөрчлөлт оруулахгүй юм байна. Өмнөх жилийн сургалтын төлбөр I курс 2.850.000 төгрөг байжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн