УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ.Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар ҮХЦ-ийн гишүүдийг нэг удаа улираан томилох, тэтгэвэрт гарах насыг Төрийн албаны тухай хуулиар тогтоож байхаар өөрчлөлт оруулсныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хууль санаачлагач Х.Тэмүүжин хариулсан юм. Хуулийн төсөлд Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 60 гэж заасан бөгөөд зургаан жилийн хугацаатайгаар томилохоор заасан. Мөн нэг удаа дахин улираан сонгож болохоор тусгасан байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж- ҮХЦ ипотекийн зээл зогслоо гэж худал суртал явуулж байна. Тэнд янз бүрийн юм болж байгаа. Харин энэ хууль батлагдсаны дараа дээрх зүйл гараад байх юм биш биз. Нэг парламент, Ерөнхийлөгч гарч ирээд улс төрөөс ангид, зургаан жилийн хугацаатай байх албан тушаалтнуудыг солиод байх уу. Улс төрөөс ангид байх албан тушаалтнууд нь улс төрийн айдас нуруундаа үүрээд байна. Төр тогтохгүй байх зүйл хийгдэх гээд байгаа учир санаа зовоод байгаа юм. Сайд огцруулах санал гаргах УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудалтай холбогдуулж хариуцлагын асуудал ярина гэсэн чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын дарга З.Энхболд өгсөн. Төрийн байгуулалтын байнгын хороо чимээгүй байна. Яагаад тэрийг ярихгүй байж хууль гаргах аргаар асуудал шийдэх гээд байна вэ?
УИХ-ын гишүүн, хуулийн төсөл санаачлагч Х.Тэмүүжин- Төрийн албаны тухай хуулинд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байна” гэж заасан. Тэтгэвэрт гарах насыг зарим салбарт хуулиар тодорхойлж өгдөг. Цэргийн албан хаагчдын тэтгэвэрт гарах насыг 20 жил ажилласан бол гээд тусдаа хуультай. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай болон Шүүгчийн тухай хуулиар Хөдөлмөрийн хуульд заасан насанд хүрсэн бол тэтгэвэрт гарна гэсэн заалттай. Бид хууль өргөн барихдаа Үндсэн хуулийн цэцийг Шүүх гэдэг талаас нь хандаж, Дээд шүүхийн шүүгчийн тэтгэвэрт гардаг насаар нь тавьсан. Энэ нь ҮХЦ-д болох ёстой байсан. Гэвч Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын саналын дагуу Төрийн албан хуулийн эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаагүйгээр 65 насаар тэтгэвэрт гаргана зарчмын зөрүүтэй санал гаргасан. Төрийн албаны хуулинд бүх төрийн албаныхны тэтгэвэрийн дээд нас 65 байдаг.Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээр УИХ гурав хүнийг томилох заалттай. Бусад улс орны жишгээр Дээд шүүх нь Үндсэн хуулийн эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй. Даганасан Үндсэн хуулийн шүүхтэй байдаг улс орнууд ҮХЦ-ийн гишүүдийн томилогдсон хугацаа 9-11 жил байдаг юм билээ. ҮХЦ-ийн гишүүдийг нэг удаа л томилдог. Гэтэл бид зургаан жилээр тавьсан. Үндсэн хуульд дахин томилох зохицуулалт байхгүй. Харамсалтай нь практик амьдрал дээр манайд 20 жил ҮХЦ-ийн гишүүн хийгээд явж байгаа хүмүүс байна. Тиймээс зургаан жил гэдэг хугацааг хоёр удаагийн бүрэн эрх гэж тооцон 12 жил ҮХЦ-ийн гишүүнээр ажиллах боломжтой гэж үзэн нэг удаа улируулан томилох асуудлыг төсөлд тусгасан.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ҮХЦ-ийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээр тус бүр санал болгодог. Тэднээс санал авсан уу? Энэ хуулийн төсөлд ажлын хэсэг гаргаж болдоггүй юм уу. Сонгуулийн өмнөхөн ҮХЦ-ийн найман хүнийг солих гээд байна. АН-ын дарга З.Энхболдын зөвлөх байсан, 66 настай С.Ламбаа төрийн жинхэнэ албан хаагчаар, Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод байна. Гэтэл яагаад ҮХЦ-ийн гишүүнд насны хязгаар тавиад байна вэ? Намын дарга 66 настай хүнийг томилж болдог, Төрийн тэргүүн, УИХ, Улсын дээд шүүх дээрх насны хүнийг томилуулж болдоггүй юм бэ?
УИХ-ын гишүүн, хуулийн төсөл санаачлагч Х.Тэмүүжин- Австри, Германы загвараар ҮХЦ-ийг шүүх гэж үзэж байгаа бол тэнд ажиллах шүүгч нь Дээд шүүхийн шүүгчээр томилогдох болзол хангасан байна гэсэн заалттай байдаг. Манайх харамсалтай энэ загварын Үндсэн хуулийн шүүхгүй. Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс ҮХЦ-ийн гишүүнээр нэр дэвшигчийг оруулж ирж батлуулдаг. Үндсэн хуулийн Цэцийг шүүх гэж үзвэл Шүүхийн тухай хуулинд зааснаар Хөдөлмөрийн хуулиар тэтгэвэрт гарах заалттай. Төрийн албаны тухай хуульд заасан тэтгэврийн насыг баръя гэвэл зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулна.
Дээрх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, бүлэг, эвсэл бүрээс төлөөлөл оруулж ажиллах ёстой гэж горимын санал гаргасан ч олонхийн дэмжлэг авч чадсангүй. Харин Ц.Нямдорж нарын гаргасан Цэцийн гишүүнээр томилогдох насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан заалтаар жишиг болгоё гэсэн санал олонхийн дэмжлэг авлаа. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65 болгож өөрчиллөө. Мөн төсөлд Цэцийн гишүүнийг нэг удаа улираан сонгохоор заасан учраас дээд тал нь 12 жилийн хугацаатай ажиллах болж байгаа юм.