Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Цэрэг татлага баасан гаригт эхэлнэ

Цэрэг татлага баасан гаригт эхэлнэ
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 14
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага энэ сарын 16-нд буюу ирэх баасан гаригт эхэлнэ. Цэрэг татлагын хугацаа 18 хүртэл үргэлжлэх юм байна. Мөн эдгээр өдрүүдэд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг явуулах талаар нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Үүнтэй холбогдуулан өчигдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа. Хуралдаанд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараасан бөгөөд цэрэг татлагатай холбогдолтой 169 өргөдлийг хүлээн авч, хариуг нь өгөхөөр шийдвэрлэн ажиллаж байна. Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэдгийг нийслэлийн цэрэг татлагын товчооны гишүүд хэллээ.
Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар энэ үеэр, "Хэрэв цэргийн насандаа цэрэгт явахаас татгалзвал цэргийн алба хаасантай дүйцэхүйц төлбөрийг тухайн иргэн төлөх ёстой. Дүйцэх төлбөрийн хэмжээг жил бүр Засгийн газраас баталдаг. Гэхдээ дээрх төлбөрийн мөнгөн дүн жил ирэх бүр нэмэгддэг. Жишээлбэл өнгөрсөн онд дүйцэх албаны төлбөр 4.3 сая төгрөг байсан бол энэ жил дээрх тоо 4.6 сая болон 300 мянган төгрөгөөр нэмэгдсэн" гэлээ.
Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн