ЗХЖШ-ын даргын тушаалаар жил бүр дайчилгаатай команд штабын сургууль болдог. Бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах, ур чадварыг нэмэгдүүлэх, хээрийн нөхцөлд дадлагаа нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой энэ сургууль жил бүр харилцан адилгүй. 2015 онд гамшиг ослын үед Зэвсэгт хүчний ар тал хэрхэн ажиллах вэ гэсэн хүрээнд болж байсан бол энэ жил Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт тулгуурласан дайчилгаатай команд штабын сургууль Зэвсэгт хүчний дугаар ангийн байрлалд явагдаж байна.
Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийн явцтай өчигдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, ЗХЖШ-ын Бодлого төлөвлөлт, стратегийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, улсын эмнэлэг болон дүүргүүдийн эмнэлгийн удирдлагууд, нийслэлийн дүүргүүдийн цэргийн штабынхан танилцлаа. Дайчилгаатай команд штабын сургуулийн удирдагчаар ЗХЖШ-ын Бодлого төлөвлөлт, стратегийн газрын орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар ажиллаж байна. Хурандаа Ц.Жавхланбаатар хүрэлцэн ирсэн албаныханд сургуулийн ач холбогдол, хамрах хүрээний талаархи танилцуулгыг өгсний дараа болзошгүй гамшгийн үед ард иргэд, шархадсан дайчдад эмнэлгийн бүрэлдэхүүний үзүүлэх тусламжийг “бодит” сургуулиар үзүүлэв. Халдлага гарсан тохиолдолд иргэд, дайчдад яаралтай түргэн тусламжийг яаж хүргэх вэ, яаж хамгаалалт авах вэ, гамшиг ослын үед бүлгүүд хэрхэн хамтран ажиллах гэхчилэн нарийн мэргэжлийн олон үүргийг сургуулиар гүйцэтгэж буйгаа “бодит” жишээгээр дүйцүүлэн үзүүлсэн юм. Дайчилгаатай сургуулиар цэргийн эмнэлгийнхэн шархадсан дайчин бүрт эмнэлгийн тусламжийг бүх талаар үзүүлж байв. Хээрийн нөхцөлд анхан шатнаас эхлээд нарийн мэргэжлийн мэс заслыг ч “гүйцэтгэх” дадлага сургуулилтын талаар сургуулийн удирдагч, хурандаа Ц.Жавхланбаатараас зарим асуултад хариулт авлаа.
-Сургуулийн ач холбогдлын талаар тодруулахгүй юу. Гамшиг ослын үед манай эмнэлгийн цэргийн багийнхан ажиллах чадвартай гэдгээ харуулсан сургууль болж байна?
-Энэ жилийн сургуулийн онцлог нь гамшиг ослын үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, авран хамгаалах чиглэлээр болж байгаа. Сургуульд үндсэн бүрэлдэхүүн болох Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдаас гадна нийслэлийн дүүргүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг оролцуулж байна. Нийслэлийн 6 дүүргийн эмнэлгийн 60 гаруй эмч, эмнэлгийн ажилтан болон хувийн эмнэлгийн ажилтнууд хээрийн нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх сургалтыг авч байна гэсэн үг.
-Цэргийн эмнэлгийг түшиглэсэн энэхүү сургалт 28 жилийн дараа болж байгаа гэсэн үү?
-Ийм чиглэлийн сургууль 1988 онд болж байсан. 28 жилийн дараа гамшиг ослын үед цэргийн эмнэлэг болон эрүүл мэндийг сахин хамгаалах хүн бүр хэрхэн ажиллах вэ гэдгээ дахин сануулж сургаж байна. Сургуульд оролцож байгаа бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй сайн гүйцэтгэж байгааг энэ дашрамд онцлох ёстой" гэсэн юм.
Ийнхүү хээрийн нөхцөлд эмнэлгийн тусламж үзүүлэх, гоц халдварыг намжаах, устгах, түүнээс хэрхэн авран хамгаалах сэдэвт энэхүү сургуулийг гүйцэтгэхэд Зэвсэгт хүчний дөрвөн анги байгууллага ар тал болон бусад үйл ажиллагаанд нь тусалж байна. Хээрийн тактикийн сургуулийн дараа хээрийн байрлал дахь цэргийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэгдэлийг Б.Бат-Эрдэнэ, А.Цогнэмэх нарын сайдууд сонсч байсан юм.
Хээрийн сургуулийн үйл явцтай танилцсан зарим албаны хүний сэтгэгдлийг сонирхлоо.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Энэ сургуулилтыг явуулснаар эрүүл мэндийн салбарынхан цаашид бусад яамдууд, байгууллагууд, холбогдох газруудтай уялдаа холбоогоо бататган ажиллах боломж бүрдэж байна. Мөн эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх, малын гоц халдварт өвчин, байгалийн гамшиг, осол аваарт бэлэн байх зэрэгт чухал ач холбогдолтой. Өнөөдөр нийслэлийн бүх дүүргүүдээс гадна Халдварт өвчин судлалын төв, Зоонозын төв зэрэг олон байгууллагууд оролцсон үр дүнтэй сургуулилт болж байгаа нь харагдаж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:
-Сургуулийн үйл ажиллагаатай танилцахад сайхан байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Ямар ч нөхцөлд манай цэрэг дайчид, цэргийн эмнэлгийнхэн маань ажиллах чадвартай гэдгээ нотлон харуулж байгааг харахад бахархам сайхан юм. Нийслэл, дүүргийн бүх цэргийн штабаас дайчилгаатай сургуулилт хийж байгаа нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын байнгын ажиллагааг сайжруулахад чиглэж байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс батлан хамгаалах салбартай нягт уялдаатай ажилладаг, цаашид ч ажилласаар байх болно.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн төвийн захирал, клиникийн профессор Ц.Лхагва:
-Манай эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч тэргүүтэй гурван хүн оролцож байгаа. Зөвхөн цэргийн эмнэлэг гэлтгүй бусад эмнэлгийн ажилтнуудыг оролцуулж байгаад талархалтай байна. Өнөөдрийн сургуулийг харахад Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын эмнэлэг ямар өндөр төвшинд бэлтгэгдсэн алба хаагчидтай вэ гэдэг нь анзаарагдаж байна. Тэднээр бахархах сэтгэгдэл төрж сууна. Цаашдаа энэхүү дадлага сургуулийг тогтмолжуулж, энгийн эмнэлгийн ажилтнуудыг сургахад анхаараасай гэж захимаар байна. Би өөрөө гурван жилийн цэрэгт алба хаасан хүн учраас цэргийн дайчилгааны сургуулийг харахад залуу үе маань санагдаад сайхан байна шүү.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Хээрийн нөхцөлд иргэд, дайчдад тусламж үзүүлж буй энэ сургуулийг хараад эмнэлгийнхээ бүрэлдэхүүнийг хамруулах юмсан гэдэг сэтгэгдлэл төрж байна. Энэ жилийн сургуульд манай төвөөс орж чадаагүй ч цаашдын сургуульд оролцуулах байх гэдэгт итгэж байгаа шүү. Энэ талаар ЗХЖШ-ын удирдлагуудад санал хүсэлтээ тавина.
Цус сэлбэлтийн үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр:
-Би Д.Нямхүү захиралтай санал нэг байна. Манай төвийн хувьд онцгой байдлын байгууллагатай хамтарсан сургуулийг гүйцэтгэдэг. Гэхдээ Зэвсэгт хүчний энэ сургууль бодит байдалтай дэндүү нийцсэн үр өгөөжтэй сургууль гэдгийг өөрийн биеэр харлаа. Гамшиг осолд нэрвэгдсэн иргэдэд цусан бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгтэй. Энэ утгаар нь манай төв Батлан хамгаалах, хууль сахиулах нэгдсэн эмнэлгийн бүрэлдэхүүнтэй хамтарсан сургуулийг гүйцэтгэж болно. Энэ талаархи санал хүсэлтээ ч ЗХЖШ-ын удирдлагуудад илэрхийлэх болно” гэсэн юм. Албаныхан хээрийн сургуулийн сургалт дадлагатай танилцсаны дараа ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, Монгол цэргийн музейн түүхэн үзвэрүүдийг сонирхсон юм.