Сүүлийн үед олон улсын кино наадмуудад монгол кино оролцох нь улам бүр нэмэгдэж байгаа билээ. Энэ бүхэнд өөрийн хувь нэмрийг оруулж, олон улсад гүүр болж яваа СТА, доктор, профессор Д.Цэнгэлтэй ярилцлаа. Тэрээр “Тэнгис” кино театрын маркетингийн албаны даргаар ажилладаг юм.
-Монголын кино урлагийн талаар танд ярих зүйл их байгаа санагддаг. Эртнээс л таныг олон улсын кино наадмуудад монгол кинонуудыг оролцуулах сонирхолтой байдаг байсныг мэднэ. Гэхдээ сүүлийн нэг хоёр жилд илүү эрчимжсэн юм шиг харагдаад байна л даа. Энэ чиглэлийн таны ажил хэрхэн, хаанаас эхэлсэн бэ?
-Хоёр жилийн өмнөөс энэ төрлийн ажил хийх сэдлээ олсон. Хийж байгаа ажилтайгаа холбогдуулаад ирэх жил монголд ямар кинонууд авчрах вэ гээд кино захаар явж байхдаа 2014 онд Бусанд илүү их нүд нээгдсэн. Дээрээс нь өнгөрсөн жилийн аравдугаар сард Лос Анжелас очсон. Тухайн үед өмнө нь оюутаны хувиар амьдарч байсан газраа илүү өөрөөр харсан гэх үү дээ. Киноны зах зээл, тэр “Hollywood” гэсэн бичигтэй уулын доор ямар үйлдвэрлэл явагдаж байгааг нүдээрээ харсан. Энэ үеэс зоригтой шийдсэн. Улмаар өнгөрсөн жил олон улсын NETPAC буюу “Network of Asia of Pacific Cinemas” гэж байгууллагын гишүүн болсон. “NETPAC” нь аливаа олон улсын кино наадмуудын шүүгч томилдог байгууллага. “NETPAC”-ын гишүүн болсноор дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа кино наадмуудад шүүгчээр оролцох боломж олддог. Гэхдээ нэг хүнд 1-2 удаа шүүгчээр оролцох боломж бий болдог. Миний хувьд өнгөрсөн жилийн долдугаар сард Солонгосын Пучоны “Fantastic” кино наадам руу явсан. Тэнд очоод уулзахад Каннын кино наадмын шүүгч, Сандайнсын шүүгч гэх зэрэг миний хэзээ ч очиж уулзаж чадахааргүй хүмүүстэй хамтран ажиллах боломж олдсон. Тэр үед монгол кино дэлхийн зах зээл дээр гарах боломж байгаа юм байна, хамгийн гол нь гаргалгааг нь гаргаад зөв чиглүүлж өгөх хүн хэрэгтэй гэдгийг олж харсан. Манай дотоодын зах зээлд жилд 40-50 шинэ кино гарч байна. Гэтэл манайд өнөөдөр 5 кино театр, 33 дэлгэцтэй ажиллаж байна. Гуравхан сая хүн амттай Монгол Улсад ихэдсэн тоо л доо. Анх кино бүтээгчид зөвхөн кино театраас орлогоо олдог байсан бол одоо IPTV, OTT зэрэг үйлчилгээгээс давхар орлого олох боломжтой болсон. Манай жижигхэн зах зээл дээр үйлдвэрлэл явагдаж, нийлүүлэлт хэтэрхий их байгаад байна. Тиймээс кино контентоо гадаад зах зээл дээр яаж зарж борлуулах вэ гэдэг нь тустай шинжлэх ухаан болоод байна. Өнгөрсөн жилийн 7, 8 сараас эхлээд монгол кинонуудыг олон улсын наадмуудад явуулах ажилдаа орсон. Хамгийн анх явуулсан кино бол “Ээж” гэж кино байгаа. “Ээж” киноны хамгийн анх оролцон наадам нь ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадам байсан. Тус наадмаас “Шилдэг эмэгтэй дүрийн шүүгчийн тусгай шагналыг” МУГЖ Д.Мэндбаяр гуай хүртсэн. Дараа нь, Дэлхийн Азийн кино наадамд оролцсон. Ингэж гараагаа эхлээд наадам бүр дээр очиж хүмүүстэй уулзаад, кино таалагдаад, өөрсдийнхөө наадамд урих маягаар одоог хүртэл өөр бусад наадмуудад оролцсоор байгаа. Кино бүтээгчид киногоо хийлээ, дотоод зах зээл дээрээ борлууллаа, олон улсын наадмууд руу явуулдаг ийм систем тогтоод байна. Дээр нь олон улсын кино зах гэж байдаг. Тэр зах нь олон улсын наадмуудын дэргэд байрладаг лангуу дээр кино худалдах, худалдан авах үйл ажиллагаа явагдаж байдаг. Эндээс гаргах контентоо худалдаж авдаг. Цаашлаад наадамд явсан кино олон улсад танигдаад шагнал авах юм бол цаана нь дистрибьюшн компаниуд худалдаж авах санал тавьдаг.
-Монголын зах зээл дээр нэг кино дунджаар хэдэн төгрөгийн өртгөөр бүтээд, дотоод зах зээлээсээ хэдэн төгрөгийн ашиг олж байна вэ. Хэрвээ тухайн кино олон улсын наадамд амжилттай оролцлоо гэхэд ашгийн хэд болж хувирах боломжтой вэ?
-Миний хувьд мөнгөн дүнтэй гэрээ хийгээд туршлага хуримтлуулсан зүйл алга. Бүгдийг нь шинээр суралцаж байна. Монголд дунджаар 100 сая төгрөгөөр кино бүтэж байна. Түүхэн юм уу, хамтарсан продакшны хөрөнгө оруулалттай кинонууд 200 саяар бүтэж байгаа. Цаг үеэ зөв мэдрээд, зөв менежменттэй ажиллаж чадвал театр, IPTV, телевиз зэргийг оролцуулаад эцсийн байдлаар 300-400 сая төгрөг болгож чадаж байгаа. Харин зарим нь ингэж олох нь байтугай кино хийсэн зардлаа нөхөж чадахгүй байна. Энэ жижиг зах зээл дээр хэтэрхий их үйлдвэрлэл явагдсанаар ийм үр дүн гарахад хүрч байна. Тиймээс өөр зах зээлийг нээж, өөр зах зээл дээр тоглох хэрэгтэй. Тэр сувгийг олохгүй бол зах зээл хэтэрхий жижигхэн, дээр нь глобалчлагдсан нийгэмд залуучуудын хувьд тэр бүр монгол киног сонирхохгүй байх шиг байна. Дээр нь, тулга тойрсон сэдэвтэй кино, зөвхөн инээдмийн кино үйлдвэрлээд байгаагаас харахад хөгжлийн шинэ үе шат харагдахгүй байна. Олон улсын зах зээл дээр кино наадмаас, тухайлбал солонгост үзэгчдийн нэрэмжит шагнал нь 10 сая вон өгдөг. Тэгэхээр наадамд оролцоод ямар нэгэн байдлаар амжилт оллоо гэж бодоход мөнгөн шагналынх нь дүн өндөр байж болно. Зарагдлаа гэхэд нутаг дэвсгэр болгоноор үнэлэгдэнэ. Доод тал нь нэг нутаг дэвсгэрт 1000 доллараар үнэлэгдлээ гэхэд дэлхийн 50 гаруй улсад зарагдахад 50 мянган доллар олох жишээтэй. Тиймэрхүү л төсөөлөлтэй байна. Сая манайд хийгдсэн “Чингисийн хүүхдүүд”, “Атганд үлдсэн эрдэнэ” киног Америкийн “California Pictures” кино компани худалдаж авсан.
-Ер нь монголын уран бүтээл дэлхийн стандартад хэр зэрэг нийцдэг вэ?
-Манайд бүтээгдэж байгаа кинонууд контентынхоо хувьд, уран бүтээлчдийнхээ авьяас чадварын хувьд болоод байгаа боловч “Post-production” гэдэг зүйл нь гологдоод байгаа. “Post-production” гэдэг нь дуу болон дүрсний эвлүүлдэг ажил шүү дээ. Жишээлбэл, анхнаас нь 5.1-ээр хийнэ гэсэн бол түүний дууны стандартыг хэчнээн бүүмээр авах ёстойг нарийн тооцоолох ёстой. Саяхан америкуудыг манайд ирж кино хийхэд нь хамтарч ажиллалаа. Тэгэхэд дууны систем нь үнэхээр гайхалтай. Энд бичиж байгаа шумыг дахиж давтаад, гудамжинд явж байгаа дууг нь нэг өнцгөөс нь аваад, байгалийн шумыг нь давхар давхар бичих зэрэг үнэхээр өөр байсан. Зураглаач нь 4К, 8К зэрэг камераар дүрсээ аьч байсан. Дүрсний өнгөө зөв өгөөд тэр нь албан ёсны лицензтэй байх юм бол энэ жинхэнэ “Post-production”. Ихийг үйлдвэрлэхдээ гол нь биш чанартайг үйлдвэрлэх нь гол зүйл. Хэрвээ чанартай, гоё контенттой байгаад, агуулга нь “Цагаан хадаг”, “Шүүдэр дундуур” ч гэдэг юм уу, давтагдахгүй сэдэвтэй бол хүмүүст үнэлэгдэнэ.
-Та өөрөө монголын уран бүтээлчдэд олон улсын кино наадмуудад явах санал тавьж эхэлсэн гэж сонссон. Энэ үед уран бүтээлчид яаж хүлээж авч байсан бэ?
-Уран бүтээлч бүрт өөрийн гэсэн бахархал байдаг. Олон улсын тавцан дээр, улаан хивсэн дээр алхаад үзье гэсэн хүсэл байдаг. Тиймээс мэдээж нааштай хүлээн авдаг. Гэхдээ тэр бүрд нь хэн орчуулагчаар дагаж явах вэ, ганцаараа явах хэцүү, цаанаас нь зөвхөн нэг хүний зардлыг даадаг учраа олон асуудал гардаг. Эхний удаад би “Ээж” киног дагаад явж байсан. Түүнээс хойш Иран руу өөрсдийг нь явуулсан. Франц руу бас одоо дахиад явах гэж байна. Миний хувьд цаад наадмынхаа хүмүүстэй л уулзаж ярилцаж байгаа. Мэдээж явсан хүн улам илүүг үзэж танилцана, өөрийн уран бүтээлийг бусдынхтай харьцуулж харна. Кино урлагийн салбар хөгжиж байна гээд буцлаад байгаа юм шиг хэр нь хүний нөөц хөгжиж байж салбар хөгждөг. Манай хүний нөөц гэдэг бол манай кино уран бүтээлчид. Тиймээс олон улсын наадамд явснаар манай кино уран бүтээлчид хөгжих алхам болж байгаа юм.
-Та олон улсын зах зээлд гарах хэрэгтэй байна гэдгийг ойлгочихсон байна. Харин кино бүтээж байгаа уран бүтээлчид хэр зэрэг ойлголттой байна вэ?
-Ихэнх нь ойлгочихсон байгаа. Гэхдээ нэг, хоёр удаа олон улсын наадамд киногоо оролцуулаад үзчихсэн уран бүтээлчид үүний хэрэгцээ шаардлагыг илүү гүн ойлгочихсон байгаа. “Би гадагшаа явах хэрэггүй, зөвхөн Монголдоо уран бүтээлээ хүргэх сайхан байна” гэж хэлж байгаа нэг ч уран бүтээлчтэй тааралдаагүй.
-“Ээж” киноны хувьд аваад үзье. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн кино наадамд оролцоод ирсний дараа уг киноны уран бүтээлчдийн харах өнцөг, цаашдын өөрсдийн бүтээлд давих шалгуур ямар болсон бол?
-Нэгд, үзэгчдийн сэтгэлд нөлөөлж чадсан. Өнгөрсөн жилийн зун “Ээж” кино нээлтээ хийсэн. Тэр үед дотоодод үзэлт бага байсан л даа. Гэтэл олон улсад явж байна, шагнал авлаа зэрэг мэдээлэл гарсны дараа жирийн үзэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн. “Ямар кино байсан юм бол, олж үзэх юмсан” зэрэг хандлага нэмэгдэж, эрэлт бий болсон. Хоёрт, киноны үнэ цэнэ өсдөг. Аливаа кино театрт гарсны дараа IPTV-д ороод, дараа нь “youtube” хуудсаар тарж үнэ цэнээ алддаг. Олон улсын наадамд явснаар илүү их үнэ цэнэд хүрч, цаашлаад наадмуудад амжилттай оролцоод ирэхээр дистрибьюшн компаниудаас худалдаж авах санал ирнэ. Гэтэл тэндээс орж ирэх орлогыг IPTV-тэй харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй. Сайн уяач наадам бүрийн түрүүг түүх гэж хичээдэгтэй адил сайн уран бүтээл өөрийн шандсыг сорих сонирхолтой байдаг. “Ээж” киноны продюсер Б.Мөнхтуяагийн хувьд анх удаа бие дааж хийсэн уран бүтээл нь “Ээж” кино байсан юм билээ. Б.Мөнхтуяа олон улсын наадмуудад хэд хэдэн удаа оролцоод ирснийхээ дараа нь түүний харах өнцөг, үнэлэмж асар өргөжсөн байсан. Шинэ уран бүтээл хийх гээд эхэлчихсэн байгаа юм билээ. Түүний санаанд Оскар, Алтан бөмбөрцөг, Канн аль хэдий нь багтаад нэг уулын цаадахыг давчихсан яваа. Энэ ололт шүү дээ.
-Та кино урлагийн салбартай холбогдоод хэдэн жил болж байна, хэрхэн энэ салбарт хөл тавив?
-Би 2003 онд СУИС-ыг төгссөн. Угаас манай гэр бүлийнхэн дунд урлагийн мэргэжилтэй хүмүүс олон бий. Тиймээс багаасаа урлагийн хүн болох хүсэлтэй байсан боловч дуулах, жүжиглэх, хөгжимдөх зэрэг онцгой авьяас надад байсангүй. Ингээд урлагийн хүмүүстэй яаж ойрхон байх вэ гэж бодсоны эцэст “Соёл урлагийн менежмент” хэмээх салбарыг сонгох болсон. Энэ чиглэлээр арваад жил өөрийгөө боловсруулж 8 жил гадаадад амьдарсан. Ингээд 2013 онд Монголд ирээд Bloomberg телевизэд синхрон орчуулагч нэг жил хийж үзсэн. Хотын төвд, нэр хүндтэй газар ажиллах нь надад сайхан байсан ч миний хүсэл мөрөөдөлтэй холбогдохгүй байсан болохоор сэтгэл ханамж гэж зүйл байгаагүй. Тэгээд “Тэнгис” кино театрыг зорьж ирсэн. Гаднаас анкет бөглөөд л орж ирсэн. Ингээд ажиллахад гэртээ ороод ирсэн юм шиг л хаалга тогшоод ороод ирсэн хүмүүс бүгдээрээ манай нөгөө ангийн, хамт сурч байсан залуучууд ид уран бүтээл туурвиад явж байсан хүмүүс байсан. Ингээд л одоо сэтгэл ханамжаар дүүрэн ажиллаж байна даа.
-Цаашдын зорилго тань юу байна вэ?
-Соёлын арга хэмжээг илүү хөгжүүлмээр байна. Түүнчлэн, соёлын дэд бүтэц гэдэг зүйлийг манай улс бий болгоосой гэж хүсч байна. Кино бол үзэл суртлын зэвсэг. Зах замбараагүй мэдээлэл цацаж байгаа энэ нийгэмд хүүхдүүд ямар хүмүүжил, үзэл хандлагатай болох вэ гэдэг нь бидний үзүүлж байгаа кинотой шууд хамааралтай. Тиймээс бид хил хязгаараа зүгээр л задгай хаясанд би хувьдаа их харамсдаг. Мэдээж хүмүүс интернэтээс юу ч үзэж болно. Гэхдээ кино театрт гарч байгаа, IPTV-ээр үзүүлж байгаа кинонуудад насны хязгаар тавьдаг, түүнийг хянадаг албан ёсны агентлаг, төрийн үйлчилгээний байгууллага гэж байхгүй. Үүнийг зүгээр үзэмжээрээ шийддэг. Энэ асуудал Монголын ирээдүйг, оюун санааны ертөнцийг хаашаа шийдэж байгааг мэдэхгүй байгаа нь надад харамсалтай санагддаг.
-Энэ жилийн Каннын кино наадамд та оролцсон байсан. Дэлхий хэмжээний томоохон наадамд оролцох үеийн сэтгэгдэл ямар байв, Европын кино үйлдвэрлэлийг танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Каннын кино наадам энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэлээ. Хоёрдугаар дайны дараа дэлхийд энх тайвныг тогтоож, харилцан бие биеийнхээ үнэт зүйлийг ойлгоё, дайн дажингүй амьдарцгаая гэсэн зорилгын хүрээнд бий болсон наадам. Тиймдээ ч түрүүлсэн кинонуудыг жил жилээр нь харж байхад, дайны эсрэг, эсвэл хайр сэтгэл, аз жаргалыг харуулсан кинонууд байдаг. Тэр кинонуудад заавал Холливуудийн од тоглосон байх нь чухал биш. Жирийн нэгэн амьдрал, үнэхээр амьд байгаагаа тэмдэглэж чадаж бйгаа уран бүтээлүүд илүү их шагнал авах, түрүүлэх хандлагатай байдаг. Каннын наадамд франц хэл бол тэдний бахархал юм билээ. Тухайлбал, би шууд хэн нэгэнтэй англиар ярих гэж оролдвол надтай ярилцах хүн олдохгүй. Харин эхлээд францаар мэндлээд, дараа нь англиар ярьдаг эсэхийг асуувал намайг уриалгахан хүлээж авч, ярилцана. Тийм болохоор франц хэлийг үнэхээр дээдэлж, бүр кино наадмаа ямар ч орчуулгагүй, зөвхөн франц хэлээр явуулж байсан. Тэнд Холливуудийн Уэлл Смит шагнал гардуулах гээд англиар ярихад Моника Белучи шууд зогсоогоод оронд нь франц хэл дээр шүүгчийн тэргүүлэгчийг нь дуудаж гаргаад яриулсан. Европ бол харилцан адилгүй. Франц киногоо ингэж өндөр үнэлж байхад Итали тийм ч чухалд тооцдоггүй гэж хүмүүс хэлж байсан. Сая би явахдаа Олон улсын продюсерийн холбооны “Producers Network” хөтөлбөрт 7 хоног суусан юм. Тэнд бас л хэзээ ч уулзаж чадахааргүй гэж бодож байсан “Sony”–ийн Бүргэдчин охины киног худалдаж авсан хүн, “Netflix”-ын борлуулалт хийдэг хүн, Бразилын Рио-де-Жанейрогийн кино наадмын захирал зэрэг хүмүүстэй уулзаж, бүтэн долоо хоног хамт байж, ярилцаад ном шиг дүүрэн нэрийн хуудас авчраад мэйлээ ч бичиж амжихгүй сууж байна даа. Би хувьдаа үнэхээр биширсэн. Тийм газар очоод өөрсдийгөө харьцуулаад харахаар бид нар хажууд нь жижигхэн шоргоолж шиг байна даа л гэж бодогдсон.
-Таны бодлоор Монгол энэ тавцанд очихын тулд юу хийх ёстой вэ?
Өөрсдөө явж үзэж, харах өнцгөө өөрчилж, дэлхийн кино урлагийн нэг хэсэг нь болох ёстой. Тэгээд хамтын ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Европт зүгээр л мөнгө сул хэвтэж байдаг юм билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр улс үндэстэн нь баян, хүмүүсээ ажилтай байлгахын тулд кино хийхэд нь зориулаад мөнгө хүртэл өгдөг. Гэхдээ заавал хамтарсан бүтээл байх ёстой. Энэ боломжуудыг явсан хүн л олж мэднэ, зүгээр суугаад юу ч олж мэдэж чадахгүй. Би хувьдаа хориод жилийн өмнө баларсан жимийг эргэж сэргээх гэж хичээж байна. Ингээд явахад хэн нэгэн хүн, хэзээ нэгэн цагт тэр хүмүүстэй аль хэдий нь холбогдчихсон байсан нь харагддаг. Энэ бол хэний ч огт хийж байгаагүй зүйл биш. Гэхдээ энэ бүхнийг мэдээд ганцаараа дуусчихсан байгаа нь надад харамсмаар санагдсан. Харин би энэ зүйлийг хүсээгүй. Нийтээрээ, хамтаараа нийгмийнхээ төлөө хичээе. Монголыг дэлхий дахинд хоёр л зүйлээр мэдэж байна. Нэг нь нүүрс, нөгөө нь Чингис хаан. Яагаад гурав дахь нь соёл урлаг байж болохгүй гэж. Үүнд хүн бүр өөр өөрийн хувь нэмрийг оруулъя гэж уриалмаар байна. Жишээлбэл, Солонгост гэхэд “би” үзэл биш “бид” үзэл ноёлдог. Япон бас тийм. Бүгдээрээ хамтаараа гэдэг нь хөгжлийнх нь үндэс байдаг. Kpop-ийг нь сонсоод, кимчиг нь идээд байгаа юм бол тэр үндэстнээс тэр үнэтэй байгаа юмыг нь илүү суралцъя гэж хэлмээр байдаг.