“Нийслэлийн авто үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготой "Авто худалдааны цогцолбор" энэ сарын 4-нд албан ёсоор нээгдсэн. “Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павильон 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай. Түүнчлэн авто экспо явагдах цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн.
Тус худалдааны төв ашиглалтад орсноор нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдааны зах, болон цэгүүдийг нүүлгэнэ гэж байсан юм. Худалдааны төвийн үйл ажиллагаа хэрхэн явж байгаа талаар Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын марктенгийн менежер О.Цэлмэгээс тодрууллаа.
-“Авто худалдааны цогцолбор” нээлтээ хийгээд хагас сар боллоо. Хотын төвд үйл ажиллагаагаа явуулдаг “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг захын үйл ажиллагааг зогсоож нүүлгэнэ. Захуудын удирдлага, түрээслэгчдэд нүүх албан бичгийг хүргүүлсэн гэж байсан. Захуудаас хариу ирсэн үү?
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдаа эрхэлдэг цэгүүдийг нүүлгэх ажлыг хариуцаж байгаа ажлын хэсэг гарсан. Тус ажлын хэсгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ахалж байгаа бөгөөд нийслэлээс барилгын материал, техникийн захыг нүүлгэх ажлыг хариуцаж байгаа. Энэ ажлын хэсэгт хяналт тавих хяналтын ажлын хэсэг гэж мөн байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ахлаж байгаа. Нүүлгэн шилүүжүүлэх ажлын хэсэг хотын төвд үйл ажиллагаагаа явуулдаг “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг захын үйл ажиллагааг зогсоож нүүлгэх албан бичгийг захуудын удирдлага, түрээслэгчдэд хүргүүлсэн. Гэтэл тэд “Биднийг нийслэлийн хөрс, агаарыг бохирдуулж байна гэж гүтгэж байна. Бид бохирдол үүсгээгүй. Нүүхгүй” гээд байгаа. Тиймээс дахин дээрх захуудын хөрс, агаар гээд таван төрлийн шинжилгээг дахин хийлгэсэн. Хариу нь хараахан гараагүй байна.
-Хэрвээ авто худалдаа эрхэлж байгаа хүмүүс шинэ худалдааны цогцолбор руу нүүхгүй байвал ямар арга хэмжээ авах вэ?
-Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газрын албанаас нийслэлд авто худалдаа, үйлчилгээ явуулж байгаа 102 газарт газраа зориулалтын дагуу ашигла. Зориулалтын дагуу ашиглаж, нүүхгүй бол энэ сарын 16-нд нийслэл газраа хурааж авна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн.
-Одоогоор худалдааны төвийн хэдэн зогсоол зарагдаад байна вэ?
-800 гаруй иргэн 1200 зогсоол худалдаж аваад байна. Гэхдээ эхний ээлж буюу 30 га газрын бүтээн байгуулалт хийгдсэн. Үүнд 20.4 га-д 6375 авто машины зогсоолтой дөрвөн талбай барьсан. Үлдсэн газарт нь Татварын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийтийн тээврийн газар, Цагдаагийн газар, Автозамын газар, Автотээврийн үндэсний төв, банк санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулах юм.
-“Авто худалдааны цогцолборын асуудлаар танай захирлыг АТГ-т шалгуулж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Манай захирлыг АТГ шалгаж байгаа ямар ч асуудал байхгүй. Олон жил газраа давхар давхар түрээсэлж ашиг олсон хүмүүс ийм мэдээлэл тараагаад байна. Газар эзэмшигчид авто худалдааны үйлчилгээ явуулдаг иргэдэд газраа түрээслүүлээд сард 40-50 сая төгрөгийн ашиг олдог. Түрээслэгчид нь “Авто худалдааны цогцолбор” руу нүүчихээр өөрсдийнх нь бизнес зогсчих гээд байгаа учраас иргэдийг турхирч байна. Угаасаа худалдааны цогцолбор барихад анхнаасаа нийслэлээс төсөв гаргаж өгөөгүй. Эхний ээлжинд зогсоолоо борлуулаад 3.4 тэрбум төгрөг цуглаж ажлаа эхэлж байсан. Дараа нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас дуудлага худалдаа зохион байгуулаад манай газрыг борлуулж өгч 3.5 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ мөнгө нийслэлийн төсөвт цуглаж дараа нь тэндээс авсан юм. Манайх иргэн, аж ахуйгаас боссон мөнгөөр барилгын ажлаа эхэлж гүйцэтгэгч компаниудад өр үүсгээд ажлаа хийж ирсэн. Одоогийн байдлаар “Авто худалдааны цогцолбор барихад 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. Гүйцэтгэгч компаниудад 10 гаруй тэрбум төгрөгийн өртэй явж байна. Өөрсдөө сайхан хотод амьдармаар байна гэдэг хэрнээ сайхан болгоё, хотоо тэлье, хотын төвдөө бохирдолгүй болъё гээд бүтээн байгуулалтын ажил хийхээр өөрсдөө ажлыг нь гацаах юм. Гэхдээ хэдхэн хүний ашгаас болж 20 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн газрыг ашиглахгүй байна гэсэн асуудал байхгүй. Ямар ч байсан авто худалдаа эрхэлж байгаа 102 цэгийн 27 га газрыг чөлөөлнө.