Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой ирэх 2016 онд тохиож буй. Нэрт зүгтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсаны 100 жилийн ойг Монгол орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тогтоолын төсөл боловсруулж өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Өнөөгийн цаг үед ХХ зууны Монгол Улсын шинэ үеийн төрийн түүх, үүсэл хөгжил түүний үе шат, бодлого зорилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүн, өнөөгийн хүрсэн түвшин, үе үеийн төр засгийн удирдагчдын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн мөнөөр нь гарган тавих, олон түмэнд зөв ойлголт өгөх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд судлан үзэж алдаа онооны сургамж авах түүхэн шаардлага улам ихээр тавигдаж байна. Монголын ард түмэн энэ түүхэн гажуудлыг үнэн мөнөөр нь ойлгон мэдэрч төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг улс төрийн хувьд нь цагаатгах, түүхийн бодит үнэнийг гарган тавих, нэр алдрыг нь сэргээх хүсэлт, саналуудыг төрийн дээд шатны байгууллагуудад тавьж уламжилсаар ирсэн билээ.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 100 жилийн ой 2016 онд тохиож байгаа тул уг ойг тэмдэглэх асуудлын хүрээнд энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.
Уг тогтоолын төсөлд төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалд олгосон БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал цолыг буцаан олгох асуудлыг 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор судалж, шийдвэрлэхийг тусгасан байна.
Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын болон гавъяат цолтнууд, түүхт хүмүүсийн 100 ба түүнээс дээш тэгш жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хууль, Засгийн газрын тогтоол холбогдох шийдвэрийг үндэслэн алдар нэрийг нь мөнхжүүлэх, нэрэмжит албан байгууллага, газар бий болгох, хөшөө дурсгал босгох, цогцолбор байгуулах боломжтой болно гэж үзжээ.
2015 оны ...дугаар Дугаар... Улаанбаатар сарын ....-ны өдөр хот Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100
жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний улс төрийн талаар хэлмэгдсэн нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийнх нь талаарх түүхэн үнэнийг ард түмэн, залуу үедээ таниулан сурталчлах, өвлүүлж үлдээх талаар 1990-ээд оноос аймаг, нийслэл, сум, орон нутгийн иргэд, Хөдөлмөрийн баатрууд, Ардын болон гавьяат цолтнууд, төрийн шагналтнууд, генерал, цэрэг армийнхан, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудаас төрийн дээд шатны байгууллагуудад ирүүлж байсан санал, хүсэлтийг харгалзан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монголын Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
1. Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалыг цагаатгуулах гомдлыг зохих журмын дагуу холбогдох байгууллагад 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, шийдвэрлүүлэхийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс /Л.Цог/-т даалгасугай.
2.Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид даалгасугай:
а)БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн /хуучин нэрээр/ 1961 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 168 дугаар зарлиг, 1966 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр зарлиг, 1979 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 240 дүгээр зарлигаар тус тус төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалд олгосон БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал цолыг буцаан олгох асуудлыг 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор судалж, шийдвэрлэх;
б) БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн /хуучин нэрээр/ 1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигаар хассан, Юмжаагийн Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал-Филатовад олгосон БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны одон, Алтан гадас одонг тус тус зохих журмын дагуу буцаан олгох асуудлыг 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор судалж, шийдвэрлэх.
3.Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
а) төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын 1946-1988 он хүртэлх хугацаанд ажиллаж амьдарч байсан түүхт байрыг “Ю.Цэдэнбалын гэр музей” болгож зохион байгуулах;
б) төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Засгийн газрын комиссыг байгуулж ажиллуулах;
в) төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг түүний алдар гавьяаг нь мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийнх нь талаарх түүхэн үнэнийг ард түмэн, залуу үедээ таниулан сурталчлах, өвлүүлж үлдээх чиглэлээр боловсруулан баталж, шаардагдах хөрөнгийг 2016 оны улсын төсвийн төсөлд тусгах.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /А.Бакей/-нд үүрэг болгосугай.