Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Цусны даралтын дээд хязгаарыг 130 байхаар өөрчиллөө

Цусны даралтын дээд хязгаарыг 130 байхаар өөрчиллөө
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 14
АНУ-ын Зүрхний ассоциаци, Америкийн Зүрхний өвчин судлалын коллеж болоод энэ чиглэлийн мэргэжлийн найман холбоо байгууллагууд хамтран цусны дээд даралтын эхлэх хэмжээг шинэчлэн тогтоосноо өчигдөр Калифорний Анахэйм хотод болсон Зүрх судасны өвчин судлалын хурал дээр зарлажээ.
Өмнө нь цусны дээд даралтын босгыг 140/90 гэж тооцдог байсан бол шинэчилсэн зөвлөмжинд 130/80 болгосон байна. “Цусны дээд даралтыг одоо 130mm Hg болон үүнээс өндөр систолик хэмжээ, 80 болон үүнээс дээш диастолик хэмжээгээр тооцно” гэж зөвлөмжид тодорхойлжээ.
Тэртээ 14 жилийн өмнө тогтоосон стандартыг ийнхүү өөрчилснөөр АНУ-ын хүн амын 46 хувь нь цусны даралт өндөртэй ангилалд багтаж байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь 45-аас дээш насныхан байгаа аж. Өмнөх стандартаар тооцдог байхад цусны даралт өндөртэй хүмүүс АНУ-ын нийт хүн амын 32 хувь байсан юм.
Шинэчилсэн стандартыг танилцуулах багийн удирдагч Роберт М.Карэй "Бидний урьд нь хэвийн эсвэл цусны даралт ихдэлтийн өмнөх гэж тооцдог байсан үзүүлэлт нь зүрхний шигдээс, хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашилбал үхэлд ч хүргэх аюултай болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон” гэжээ.
Гэхдээ мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар 130/80 хэмжээнд хүрсэн хүмүүс эмчилгээ хийлгэх шаардлагагүй, эмийн бус аргаар даралтаа бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэнэ. Тухайлбал, жингээ хасах, зөв хоолны дэглэм баримтлах, дасгал хөдөлгөөн хийх, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэхгүй байх, стрессийг багасгах зөв амьдралын хэв маягийг бий болгох зэргээр тодорхой арга хэмжээнүүд авч болох аж.
Харин цусны даралтын хэвийн хэмжээг 120/80 хэмээн урьд байсан стандартыг хэвээр үлдээжээ.
Эх сурвалж: Washington Post 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн