iToim агентлаг дунд сургуулийн хичээлийн цагаар "Wi-Fi" сүлжээг унагах, хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах санал дэвшүүлсэн цуврал нийтлэлээ хүргэж байна.
Бидний зорилго бол хүүхдүүдийг орчин үеийн хөгжил дэвшлээс хоцроох, хэрэглээ сонголтод нь халдах гэсэн санаагүй. Харин хичээлийн цагаа ухаалаг утсандаа зарцуулж, олон цагаар сошиал етөртөнцөөр аялж, тэр нь эргээд хүүхдүүдийн сурч боловсрох сонирхол, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг олон жишээгээр давтан тайлбарлаж байгаа юм. Олон оронд энэ туршлагыг хэрэглэдэг байна. Ер нь манай монголчууд хэрэглээгээрээ өрсөлдөх, хэрэглэснээрээ зиндаагаа тодорхойлох гэдэг дутагдалтай. Гар утас хамгийн гол нь эцэг эхтэйгээ холбоо барих хэрэгсэл болохоос гэр бүлийнхээ бэл бэнчинг илтгэх, хүүхэддээ хайртай эсэхээ харуулах хэмжүүр шалгуур биш юм. Жишээ нь, ухаалаг утсыг зохион бүтээгч гол авторуудын нэг, "Apple" компанийг үндэслэгч Стив Жобс гэхэд хүүхдүүддээ хэзээ ч ухаалаг утас, таблет хэрэглүүлдэггүй байжээ. Манайдаа л бидний хэлдгээр хамгийн боломжтой айлын хүүхдүүд сурдаг гэх нэгдүгээр сургууль, Сант, Шинэ Монгол зэрэг сургуулиуд ухаалаг утасны хэрэглээг сургуулийн орчиндоо хоригложээ. Тэдний эцэг эхчүүд мөнгөгүйдээ биш, хүүхдүүдээ илүү хайртай, ирээдүйд нь илүү санаа тавьдаг учраас л ухаалаг утасны ухаалаг бус хэрэглээнээс татгалзсан хэрэг.
Монголын, аав ээжийнхээ ирээдүй болсон хүүхэд өөрөө ухаалаг байх ёстой болохоос ухаалаг утасныхаа боол болох ёсгүй юм.
Иймд нийслэлийн хэд хэдэн сургууль ухаалаг утасны хэрэглээ, Wi-Fi сүлжээг хязгаарлаж, тодорхой үр дүнд хүрчээ. Тухайлбал, “Шинэ Монгол”, 1, 84, 93, 24, 20 дугаар сургууль сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхгүй байх журам гаргаж, хэрэгжүүлж байна. Ухаалаг утсыг сургуулийн орчинд болон хичээлийн цагаар хориглосон зарим сургуулийн хүүхдүүд болон нийгмийн ажилтан нартай уулзлаа.
"Тоочтой биш товчлууртай утас барья". Энэ бол нийслэлийн 84 дүгээр сургуулийн хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн уриа юм. Тус сургууль Монгол Улсын анхны цахим сургууль бөгөөд ухаалаг утсыг хичээлийн цагаар хориглосон анхны сургууль юм байна. Хичээлийн хөтөлбөр нь бүгд цахимаар явагддаг ч хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхийг бүрэн хоригложээ. Үдээс өмнөх ээлжийн их завсарлагааны үеэр тус сургуулийн зорьсон юм. Нийт хүүхдүүдийн талаас илүү хувь гартаа энгийн товчлууртай утас барьсан харагдлаа. Сургуулийн гадна талд ахлах ангийн хэсэг охид ухаалаг утсаараа өөсдийнхөө зургийг авч байгаа харагдлаа. Өөр ухаалаг утас барьсан хүүхэд олж харсангүй.
84-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Марал
-Танай сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглосон юм байна. Чи үүнийг хэр дэмждэг вэ?
-Хичээлийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглосон нь зөв гэж бодож байгаа. Хичээлийн цагаар утсанд янз бүрийн дуудлага ирэхгүй, хичээлээс бусад зүйлд сатаарахгүй анхаарал илүү сайн төвлөрдөг болсон.
-Чи ямар утас барьж байгаа вэ. Ээж аав чинь ухаалаг утас хэрэглэхгүй байгааг чинь дэмжсэн үү?
-Би “Nokia” барьж байгаа. Ер нь манай ангийнхан бараг бүгдээрээ энгийн товчлууртай утастай. Ээж, аав хоёр маань ч их дэмждэг. Гэхдээ хичээлийн бус цагаар ухаалаг утас хэрэглэх шаардлага гардаг. Хичээлийн даалгавар, материалыг ухаалаг утасны тусламжтайгаар олж авдаг.
84-р сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Г.Дөлгөөн
-Танай сургууль ухаалаг утас хэрэглэхийг хориглосон байхад чи яагаад тооч утас хэрэглэж байгаа юм бэ?
-Би хичээлийн цагаар ухаалаг утсаа огт хэрэглэдэг. Надад нэг nokia, бас ухаалаг утас байгаа. Би хичээл дээр товчлууртай утсаа барьж, хичээлийн бус цагаар тоочтой утсаа хэрэглэдэг. Яваандаа ухаалаг утасны хэрэглээгээ багасгана. Манай сургуулиас ухаалаг утсаа алдвал хариуцлага хүлээхгүй гэсэн дүрэм гаргасан. Тиймээс 80 мянган төгрөгөөс доош үнэтэй тоочгүй утас барих дүрэм баримталдаг л даа. Энэ дүрмийн биелэлтийн талаар нийгмийн ажилтан долоо хоногт хамгийн багадаа нэг удаа шалгалт хийдэг. Манай ангийнхны хувьд олонхи нь товчлууртай утас хэрэглэж байна. Зарим бүр гар утас ч барихаа больсон.
Дөрвөн үндсэн шалтгаанаар ухаалаг утсыг хориглосон
84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Р.Цэрэнсодномоос зарим зүйлийг тодрууллаа.
-Танай сургууль хоёр жилийн өмнөөс сургуулийн орчинд, тэр дундаа хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхийг хориглосон байна. Ямар шатгаантайгаар хориглох болсон бэ?
-Манай сургууль ухаалаг утсыг дөрвөн үндсэн шалгаанаар хориглосон.
Хүүхдүүд хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэж цагийг үр ашиггүй өнгөрөөх болсон. Хүүхдүүд хичээлдээ зарцуулах цагийг ухаалаг устандаа зарцуулдаг болсон. Тиймээс хичээлийн цагаар ухаалаг утсыг хэрэглэхийг хориглох үндсэн шалтгаан болсон
Эдийн засгийн шалтгаантай. Сурагчдын дунд нэг сая төгрөгөөс дээш үнэтэй гар утас барих нь элбэг болж, утсаа хаях, дээрэмдүүлэх тохиолдол их гарах болсон. Утсаа хаяж, гээсэн бол эцэг эхээрээ дахиад л авахуулж, эдийн засгийн хувьд хүнд байдал оруулах нь нэмэгдсэн учраас хориглосон.
Ухаалаг гар утас өөрөө гэмт хэргийн золиос болгоход нөлөөлж байгаа учраас хориглосон. Төвийн сургуулиудын ойр орчим залилан, дээрмийн гэмт хэргийн ихэнх нь ухаалаг гар утсыг нь авах зорилготой байна. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байдлаар хориглосон.
-Өнөөдрийн байдлаар нийт сурагчдын хэдэн хувь нь ухаалаг утаснаас татгалзсан бэ. Ер нь ухаалаг утасны хэрэглээг хязгаарлахад ямар хүндрэл бэрхшээл гарсан бэ?
-Зарим сурагчдын эцэг эхчүүд ойлгохгүй, хүүхдүүд нь ухаалаг утсаа хэрэглэж байгаа тохиолдол байгаа. “Хүүхэддээ юугаа бариулах нь миний дур” гэж үздэг эцэг эхчүүдийн эсэргүүцэл бий. Гэхдээ манай сургуулийн хүүхдүүдийн дийлэнх буюу 70 нь хувь хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхээ больсон. Манай сургуулийн хүүхдүүд 80 мянган төгрөгөөс доош үнэтэй, товчлууртай утас барих дүрмийг баримталдаг. Хүүхдийг ухаалаг утас бариулах уу үгүй юү гэдэг эцэг эхчүүдийн ухамсартай шууд холбоотой . Эцэг эхчүүд дээрх дөрвөн эрсдэлээс сэргийлж, хүүхдийнхээ хэрэглээнд хяналт тавиад эхэлбэл нийтээрээ товчлууртай утас барих боломжтой. Орчин үед эцэг эхчүүд эрх эдлэх талаар их ярьдаг болж. Харин үүрэг хүлээх талаар огт ярьдаггүй. -Ухаалаг утас хэрэглэхийг хориглосон хоёр жилийн хугацаанд ямар ахиц, өөрчлөлт гарсан бэ. Жишээ нь, сурагчдын сурлагын төвшин сайжирсан уу?
-Хичээлийн цагаар болон их завсарлагааны үеэр охид бие засах газарт олноороо бөөгнөрч сельфидэх, дуу хөгжим сонсч, бичлэг үзэж, хөвгүүд утсан дээрээ янз бүрийн тоглоом тоглох тохиолдол маш их гардаг байсан. Харин одоо ийм байдал огт ажиглагдахгүй болсон. Энэ бол том ахиц гэж бид үзэж байгаа. Хичээлийн цагаар хичээлдээ л анхаарч байгаа учраас сурлагын төвшинд ахиц гаралгүй яах вэ. Утсаа харж байгаад хичээлээс хоцрох, таслах тохиолдол бүрэн арилсан. Гэхдээ хүүхдүүдийг гэртээ ухаалаг утас хэрэглэхийг бид хориглоогүй. Сургуулийн орчин болон хичээлийн цагаар ухаалаг утас ашиглуулахгүй гэдэг шаардлагыг тавьж байна.
-Танайх өөрөө цахим сургууль учраас хүүхдүүд “Wi-Fi” байнга ашиглаж интернэт, фэйсбүүкт орох тохиолдол их гарах юм биш үү?
-Сургуулийн интернэт Wi-Fi-ийг зөвхөн багш нар л хичээл заахдаа тусгай код хийж ашигладаг, хүүхдүүд ашиглах ямарч боломж байхгүй.
Багш нар ч мөн хичээлийн цагаар утсаар ярих, оролдох хориотой
84 сургуулийн ахлах ангийн багш Н.Энхтүвшин:
-Сургууль болон хичээлийн цагаар хүүхдүүдийн ухаалаг утсыг хориглосон байна. Харин багш нарын хувьд юу гэж үздэг вэ. Багш нар ухаалаг утас хэрэглэдэг үү?
-Багш нарт ч мөн хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглосон. Ер нь сургуулийн хүүхдүүд ухаалаг утас хэрэглэх нь хоёр талтай. Зарим хүүхдүүд сурах бичгийн хүрэлцээ муу байгаагаас болж гэрийн даалгавраа ухаалаг утсан дээрээ зургийг нь авах тохиодол гардаг. Гэхдээ хүүхдүүд энэ талаас нь биш ихэвчлэн буруу зүйлд ухаалаг утсыг ашиглаж байна. Хичээл үймүүлж, хичээлдээ анхаарахгүй утсандаа хэт анхаарч сошиол ертөнцөөр аялдаг. Энэ нь хүүхдийн сурлагад сөргөөр нөлөөлж байгаа нь эрс мэдрэгддэг байсан. Тиймээс манай сургууль хичээлийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглож байгааг зөв гэж үздэг.
Нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Галнаран
Манай сургуулийн өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс эхлэн дотоод журамдаа өөрчлөлт оруулж сургуулийн орчинд багш, суралцагчгүй ухаалаг гар утас хэрэглэхийг хориглосон. Эцэг эхчүүдийн дийлэнх нь сургуулийн орчинд ухаалаг утас хориглосны дэмжиж байгаа. Хавар сургууль амрахаас өмнө нийт суралцагчдын талаас илүү хувь ухаалаг утас барихаа больсон. Энэ хичээлийн жилд мөн энэ шаардлагыг тавьж ажиллана.
24 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Жаргалсайхан
Манай сургууль өнгөрсөн жилээс эхлэн хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхийг хориглосон. Өнгөрсөн жил сургуулийн орчинд хэрэгжүүлэх 28 дэгийг баталсан. Үүнд ухаалаг гар утсыг хичээлийн цагаар ашиглахгүй байна гэж тодорхой тусгай. Анги болгонд тамхи татаж болохгүй гэдэг хичээл орж байхад ухаалаг утас хэрэглэх гэж бичиж наасан байгаа. Энэ жилээс багш суралцагчгүй бүгд ухаалаг утаснаас татгалзаж, товчлууртай утас барих аянг өрнүүлнэ. Ер нь нэг жилийн хугацаанд хичээлийн цаг дээр ухаалаг утас хэрэглэхийг хориглосноос хойш сурагчдын сурлага илүү сайжирч, үнэтэй утсаа алдсан гэх гомдол гарах нь багассан. Нөгөө талд гар утснаас үүдэлтэй ялгаварал байхгүй болж байна.