Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотой хэргээр Батлан хамгаалахын сайдын зөвлөх Ж.Алтансүхийг сэжигтнээр тооцжээ. Ц.Цолмон сайдын Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг иргэн М-ээс 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь барьжээ. Ингээд эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.
Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон бөгөөд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Ц.Цолмон нь сайдын ажлаа аваад удаагүй байхдаа БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очирыг эзгүйд нь сольж, оронд нь өөрийн найз, архитекторч мэргэжилтэй Ж.Алтансүхийг томилжээ. БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргад “Төрийн захиргааны удирдлага ба цэргийн удирдлага, менежментийн мэргэжилтэй, төрийн албанд 15-аас доошгүй, үүнээс төрийн захиргааны байгууллагад хоёроос доошгүй жил ажилласан байх” ажлын байрны шаардлага тавьдаг юм байна. Төрийн албаны зөвлөлөөс БХЯ-нд ирүүлсэн албан бичигт “Ж.Алтансүх нь архитекторч мэргэжилтэй байх бөгөөд төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан туршлагыг нотлох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлээгүй болно. Тиймээс БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргад нэр дэвшигчид Төрийн албаны зөвлөл дүгнэлт гаргах боломжгүй. Энэ ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх нь зүйтэй” гэсэн байдаг. Дээрх асуудал үүдсэний дараа Ц.Цолмон сайд Ж.Алтансүхийг Нийгмийн асуудал хариуцсан зөвлөхийн албан тушаалд томилсон юм.