Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд дуусна. Бүртгэлтэй холбоотой зарим зүйлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Цолмончимэгээс тодрууллаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хэдэн хувьтай явж байна вэ. Бүртгэлийн хугацаа өөрчлөсөн гэсэн мэдээлэл гараад байгаа энэ үнэн үү?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад 10 гаруй хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жил 42000 гаруй шалгуулагч шалгалт өгнө гэсэн урьдчилсан мэдээ гарсан. Одоогийн байдлаар 87 хувь нь бүртгүүлээд байна. Бүртгэлийн хугацаа өөрчлөгдөөгүй энэ сарын 25-ны 18:00 цагт дуусна. Нэмэлт бүртгэл байхгүй. Жилийн жилд бүртгэл дуусах хугацаа ойртох тусам боловсролын үнэлгээний төв болон харилцах банкны үйл ажиллагаанд ачаалал үүсдэг. Тиймээс аль болох эрхтэн бүртгүүлэх хэрэгтэй. Гадаад сурч байгаа болон өмнө жилүүдэд төгссөн хүмүүс онлайнаар бүртгүүлэх боломжтой. Гадаадад арван жилээ төгссөн хүүхдүүд дүнгийн дүйцүүлэх гэж хийдэг. Дүнгийн дүйцүүлэх хийхдээ БСШУЯ-нд очиж албан бичиг авах ёстой.Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад орох зөвшөөрлийг албан бичгээр гаргуулж авдаг. Ер нь БСШУЯ-ны холбогдох газраар бичиг баримтаа баталгаажуулж манай төвд бүртгүүлснээр элсэлтийн ерөнхий шалгалтдаа хамрагдах боломжтой.
Дашрамд дурдахад, энэ жил сурагчдыг сургуульд элсэн ороход ямар нэгэн хүндрэл учруулахгүйн тулд мессэж үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн. Тодруулбал, шалгуулагч хувийн мэдээллээ оруулахдаа утасныхаа дугаарыг ашиглан Боловсролын үнэлгээний төвийн тусгай 133233 дугаарт мессэж илгээснээр заавал интернэт орох шаардлагагүйгээр өөрт холбогдолтой мэдээллээ авах боломжтой болсон. Тухайлбал, бүртгэлийн дугаараа мартсан бол сэргээж авах, шалгалтын хуваарь, шалгалт өгөх анги танхим, суудлын дугаарын мэдээлэл, шалгалтын дүн болон онооны мэдээллийг жирийн мессэжний үнээр буюу 40 төгрөгөөр авах боломжтой байгаа.
-ЭЕШ-ын журамд өөрчлөлт орсон уу?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, Монгол хэл бичгийн шалгалтыг өмнө жил хоёр удаа авч байсан бол энэ жил нэг удаа авахаар болсон.Шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалтын урьд өдөр авна. Монгол хэл бичгийн шалгалтдаа тэнцээгүй ч гэсэн бусад сонгосон хичээлийн шалгалтаа өгөх хэрэгтэй.Тэгэхээр элсэлтийн ерөнхий шалгалттай зэрэг эхэлнэ гэж ойлгож болно. Мөн тухайн хүүхэд Монгол хэл, бичгийн шалгалтад 400-ээс доош оноо авсан тохиолдолд их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болсон байгаа.
-Тэгэхээр энэ жил Монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй хүүхэд дараа жил дахиж бүх хичээлээрээ ЭЕШ өгнө гэсэн үг үү?
-Үгүй. Тухайн хүүхэд Монгол хэл бичгийн шалгалтдаа тэнцээгүй ч гэсэн бусад сонгосон хичээлийн шалгалтаа өгөх хэрэгтэй. Харин дараа жил нь Монгол хэл бичгийн шалгалт дахин өгөөд тэнцвэл их дээд сургуульд элсэн суралцах боломжтой болно.Өөрөөр хэлбэл, энэ жил өгсөн хичээлийн дунгийн батламж нэг жил хүчинтэй болсон гэсэн үг. Мөн Монгол хэл бичгийн шалгалтын дүн 2.5 жил хүчинтэй болсон.
-Шалгалтын хуудсыг харандаагаар бөглөнө гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ жил шалгалтын хариултын хуудсанд хэд хэдэн өөрчлөлт хийсэн. Өмнөх жилүүдэд тестийн хариуг хар үзгэн балаар бөглөдөг байсан. Харин энэ жил заавал балын харандаагаар бөглөх ёстой болсон байгаа. Учир нь ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж олон улсад ашиглагдаж буй сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий засагч машиныг энэ жилээс хэрэглэж эхэлнэ. Хариултын хуудасны загварыг www.eec.mn хаягаас авч дадлага хийх боломжтой.