Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цогтой ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу Цог гуай. Сая Оскар үзэв үү?
-Хаваржаа сайхаан. Оскар үзлээ, сайн уран бүтээлчид шагналаа авлаа.“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино”гэж В.И.Ленин хэлсэн. Үнэн шүү.Монголын кино урлаг социалист реализмын үед үүссэн. Большевик Оросоос анхны мэргэжилтнүүд бэлтгэгдэн ирж, сүүдэр ший гээчийг монголчуудад мэдрүүлсэн нь аргагүй шинэ дэвшил байж. Сүүлд нь манай үндэсний уран бүтээлчид гарч ирсэн. “Монгол хүү”-гээс эхлээд одоо ч оргил чанараа алдаагүй байгаа “Цогт тайж”-ийг бүтээсэн. Цагааны Цэгмид, Гомбосүрэн гуай, Улаан малгайт Жамц гуай, Чимэд-Осор гуай гээд мундаг хүмүүс тодорч гарсан үе. Кино хүнээс их хөлс, хөдөлмөр, авьяас шаарддаг. Дүрээ тааруухан бүтээсэн бол “Энэ үед ингээд хийчихдэг байж” гэж насан туршдаа харамсдаг. Дүрээ бүтээхэд зэрэг дэв, нутаг нугын ялгаа гарахгүй шударга. Ардын жүжигчин хүнд гуйлгачин, дөнгөж СУИС төгссөн хүүхдэд хааны дүр оноох нь ч бий. Гол нь дүрд тоглох биш бүтээх ёстой юм. Монгол хүний ургуулан бодох чадвар, хурдтай сэтгэж, амархан сурдаг чанарыг оросууд үнэлдэг юм. Монголчууд Оскар авна аа.
-Та тайз, дэлгэцийн урлагт 50 жил зүтгэж, энэ салбарын ахмадын хувиар залууст үгээ хэлж байгаа жүжигчин хүн. Ямар хувь зохиолоор урлагтай холбогдов оо?
-Би 1944 оны мичин жил төрсөн хүн. Энэ жил 73-ны жил орж байна. Нээрээ л 50 шахуу жил явж дээ. Би өөрөө Хэнтийнх. Тэр жил цэрэгт татагдахад л цэргийн үлээвэр найрал хөгжимд хуваарилчихсан. Таван жил цэргийн хөгжмөөр явж байгаад драмын урлаг руу орсон хүн шүү дээ. Миний энэ замналыг манай Хүсэлбаатарын дүү Саруулбаатар давтаад явж байна. Хөгжим бүжгийн коллеж төгсөөд цэргийн хөгжимд ажиллаж байгаад одоо кино найруулна, жүжиглэнэ гээд явж байна.
-Цэргээс Драмын театрт ажиллах боломжийг яаж олж авав?
-Тэр үед жинхэнэ алтан үеийнхэн тайзан дээр амьдарч байлаа. Би цэргийн үлээврийн концерт тараад тэдний сургуулилтыг үздэг, тэдэн шиг болохыг мөрөөддөг байсан. Нэг өдөр Улсын хүүхэд залуучуудын театр дагалдан жүжигчин шалгаж авч байна гэж манай ангийн Лхасүрэн /“Гарын таван хуруу” киноны Шагдар/ хэлсэн. Би ч шалгалт өгч тэнцээд дагалдан жүжигчнээр орсон. 30 настай байсан болов уу даа. Тэгж практикын жүжигчин болсон.
-Дараа нь кинонд дуу оруулдаг болсон гэлүү?
-Тийм ээ. Тэр бол намайг кино урлаг руу хөтөлсөн, их аз тохиосон үе байлаа. Гавьяат жүжигчин Энхтуяа эгч маань Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр, би дагалдан жижигчин байлаа. Нэг өдөр “Чиний дуу хоолой их зүгээр байна. Кинонд дуу оруулахаар хүн их зүйл сурдаг” гээд намайг Кино үйлдвэрт дагуулж очсон. Очтол “Тулалдаанд зөвхөн шонхорууд нисдэг” кинон дээр алдарт найруулагч Жигжид гуай ажиллаж байсан. Энхтуяа эгч намайг танилцуултал Жийгээ багш “Цэргийн цол мэдэх үү чи” л гэсэн. Би цэргийн алба хаасан, Орост сурч байсан болохоор мэдэлгүй яах вэ. Тэгээд тэр кинон дээр туршиж үзсэн. Нэг дуугараадахсан чинь “Өө энэ чинь боломжийн хүүхэд байна. Кузнечикийн дүрд дуу оруул” гэсэн. Тэгээд Кузнечикийн дууг орууллаа. Дараа нь тэнд нэг хүүхэд байдаг гэж мундагууд мэдсэн. Дамдин найруулагч, Сумхүү гуай нарын нүдэнд өртсөн. Ягаан Гажид, Довчин, Элбэгсайхан зэрэг бүхий л аваргуудтай зэрэгцэж орчуулга хийсэн. ЗХУ-ын Ардын жүжигчдийн бүтээсэн дүрүүдийг мэдэрч, амьсгалахад нь амьсгалж, уйлахад нь уйлж, үхэхэд нь үхэж, баярлахад нь баярлаж их зүйл сурсан даа. Тэгээд дараагаас нь кинонд дүр бүтээж эхэлсэн. Эхлээд туслах дүр, дараа нь “Их замын тоос” киноны Сугар жолооч, “Говь хянганд тулалдсан” нь кинонд Японы Сөрөх тагнуулын газрын дарга хурандаа, “Зарлаагүй дайны оршил”, “Бид мартахгүй” гээд нэлээд олон кинонд тоглосон. Хүнд чинь хүсэл мөрөөдөл байвал амьдраад байдаг шиг байгаа юм. Урам хугарах, больё доо гэмээр үе таарна. Тэрийг давах хэрэгтэй болдог.
-Та бол Наймдугаар Богд Жавзандамба хутагтын дүрээр ард түмэнд хайрлагдсан жүжигчин. Заалгаж, уншиж явсан Богд хааны дүрээ тэс өөрөөр бүтээх болоход яаж хүлээж авав?
-Би Д.Сүхбаатар жанжныг хордуулж алсан сохор Богд гэдэг үзлээр хүмүүжсэн пионерийн бөгөөд хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн байлаа шүү дээ. Найруулагч болох хүсэлдээ хөтлөгдөж театраас телевизэд очоод уран бүтээл хийж байх үед тэр азтай тохиолдол болсон. Нэрт найруулагч Бадар-Ууган бид хамт ажиллаж байсан. Бадар-Ууган ардчиллын үеэр Соёлын сайд болов оо. Нэг өдөр намайг өрөөндөө дуудаад “Та Монголын урлагт олон жил зүтгэлээ. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолыг авах болсон байна. Та Төрийн сүлд өршөө гэдэг олон ангит телевизийн түүхэн киноны Богд хааны дүрд тоглоно. Проб хийхгүй” гэсэн. Энэ үг пал гээд тусчихсан. Би өөрөө Богд хааны тухай тийм сөрөг бодолтой. Яг ардчиллын салхи салхилж байсан үе шүү дээ 1980-аад он чинь.
-Шууд л “Ёстой чадахгүй” гэхчихсэн. Бадар-Ууган тэгэхэд “Энэ дээр танаас санал асуухгүй. Би тантай дөрвөн жил телевизэд хамт ажиллалаа. Таныг ажиглаж хараагүй нэг ч өдөр надад байгаагүй. Та Богд хаан болох ёстой. Өөр хүнийг шалгахгүй, урихгүй. Яг л таныг товлосон байгаа. Танд түүхэн зөвлөх хүн өгнө” гэсэн. Ингээд би дургүйхэн тушаал дагасан даа. О.Пүрэв гэдэг өвгөнд намайг тушааж, тэр хүн надад Богд хааны гуйвуулаагүй түүхийг ярьж, судлуулж зөвлөсөн.
-Дүрээ яаж судалж, яаж бэлдсэн бэ?
-Ардчилсан нийгэм надад Богд хааныг Монголын төрийн бодлогод ямар бодлого хэрэгжүүлж байсныг түүхийн үнэнээр гэрчлэх үүрэг хүлээлгэсэн юм. Богд хааны олныг түшиглэх бодлого гэж улс төрийн том бодлого байж. Луу, Баавгай хоёрын дундаас Монголоо авч үлдэх улс төрийн нарийн ухаан. Дөрвөн настай жаалыг Богдод өргөмжилж Монголд залсан. Тэр хүүхэдтэй ажиллаж байсан хүмүүс чинь Монголоо гэсэн үзэл бодлыг тэр хүүхдийн тархинд суулгаж өгсөн хүмүүс байж. Нэг талаар Богд бол Монголын 17 хувилгааны нэг, шашны номыг төгс үзэж гэгээрсэн хүний дүр. Нөгөө талаар хүнээс төрсөн махьбодь. Хаан гээд уйлахгүй, бачуурахгүй, баярлахгүй байхгүй. Тэрийг нь голлож гаргаж өгөхийг хичээсэн. Болдбаатар, Пүрэв гуай гээд туршлагатай хүмүүсээс их зөвлөгөө авсан. Миний багш надад “Би ч гэсэн ингэж тогломоор санагддаг байсан. Даанч цаг үе нь болоогүй юм. Яваад байгаарай хүүхээ” гэсэн. Киноны дэлгэцэнд түүхэн бодит хүний дүрийг бүтээнэ гэдэг бол их хэцүү. Тэр үед чинь Богд хаантай уулзаж байсан, дэргэд нь шадарлаж байсан, гараас нь адис авч байсан хүмүүс амьд сэрүүн байлаа шүү дээ. Тэр хүмүүстэй О.Пүрэв гуай намайг уулзуулж, тэгж дүрээ гаргасан.
-За тэгээд кино бүтлээ. Өмнөх түүхээс өөр Богдыг дэлгэцээр гарахад хүмүүс яаж хүлээж авсан бэ?
-Сайхан хүлээж авсан. Ерөөсөө кино гарахаас өмнө цаг үеэ дагаад Богдыг хуучнаас өөрөөр мэдэрчихсэн байж л дээ. Дэлгэцэнд гарсны дараа олон хүн намайг сураглаж, уулзаж, баяр хүргэсэн. Шинэ төрсөн өлгийтэй хүүхдээ тэврээд адис тавиулъя гэж хүртэл ирсэн шүү. Сонин болдог юм шүү дээ, хүү минь. Өөрөө адис авъя гэж бас их ирсэн. Найруулагч маань “Тавьсан зорилгодоо хүрлээ. VIII Богд Жавзандамба хутагт ямар хүн байсныг, төрд ямар ажил хийснийг ард түмэнд хэлж өгч чадлаа” гэж баярласан. Гол дүр бүтээхэд түүнийг тодотгож, бүтээлцэж өгдөг хүчин зүйл нь хамтран тоглогчид, тойрон хүрээлэгчид байдаг. Манай Цэрэндагва, Дашпэлжээ болон шадаруудад тоглосон хэд сайн бэлтгэгдсэн баг байлаа. Тийм учраас энэ бүтээл намайг олны танил болгож өгсөн дөө.
-Богд хааны дүр бүтээсний дараа та яаж өөрчлөгдсөн бэ. Энгийн амьдралд бусадтай харилцах, биеэ авч явахаас өгсүүлээд энэ дүр таныг өөртөө цензуртай болгосон уу?
-Кино дэлгэцэнд гарсны маргааш л “Би яаж явах ёстой вэ” гэдгээ бодож эхэлнэ. Ах нь залуудаа чамгүй балгачихдаг, зодоон цохион хийчихдэг нэлээд шууруулдаг нөхөр байлаа. Дагалдан жүжигчин байхдаа эвлэлийн хурлаар бишгүй олон донгодуулж байж. Итгэж надад өгсөн, Богд болж бүтсэн дүр миний амьдралыг их өөрчилсөн. Дээрхийн гэгээнтэнг шүтэж, залбирч явдаг хүн олон. Тийм дүрийг нь бүтээсэн хүн өвгөнтийн хөндийд хэвтэж байж болох уу, хүнийг хуурч мэхлээд, хүнийг алгадаад зогсч байж болох уу. Жүжигчин хүн бүтээлээ дагаад хүн болдог, төлөвшдөг, ухаардаг юм билээ.
-Өөрөө гардаж найруулсан, хийсэн хэдэн кино танд байна вэ?
-Телевизийн хоёр кино хийсэн. Тэгэхэд “телевизийн кино жүжиг” гэсэн жанрыг гаргаж ирлээ гэж үнэлсэн юм. “Эцсийн тушаал” гэдэг киноны ерөнхий найруулагчаар ажиллахдаа өөрийнхөө багш Доржийн Сэдэдийг гэргийтэй нь хамт урьж тоглуулсан. Багшийг маань Цоохор морины наймаачин гэхээр хүмүүс андахгүй. Тэртэй тэргүй мундаг жүжигчин болохоор тэр дүрийг хачин мундаг бүтээсэн. Тэрний дараа “Алтан түлхүүр” гэдэг киног найруулсан. Энэ бүтээлүүд маань МҮОНРТ-ийн алтан фондод үлдсэн. “Эцсийн тушаал”-аа би багшдаа зориулж босгосон суварга гэж үздэг. Тэгж бодож кайф авдаг.
-Сүүлд та жүжигчин Хүрэлээтэй нийлээд “Цогоо гуай” гэдэг дүрээр гараад ирэв ээ?
-Би рекламд тоглоно гэсэн бодол ч үгүй байсан. Цэлмэг студийн Ууганаа, Холливуд яваад ирсэн Амарсайхан, жүжигчин Хүрлээ гурав ярилцаж байгаад намайг сонгосон шиг байгаа юм. Хүрэлээ л “Цогоо ахыг олоод ирвэл бид хоёр гоё юм хийж чадна” гэж хэлсэн юм гэсэн. ДиДишийн тэр реклам чинь 20 гаруй цуврал явсан шүү дээ. Ард түмэнд их хүрсэн юм билээ. Жаахан хүүхдүүд хүртэл “Цогоо гуай явж байна” гээд их заах юм. Энд тэндээс дуудах юм. Сүүлдээ ч улстөржих маягтай, намын сурталчилгаа руу яваад эхлэхээр нь зайгаа бариад эхэлсэн шүү.
-Урлагийнхан улс төрийн сурталчилгаанд оролцож л байдаг. Та яагаад энэ рекламаасаа татгалзчихав аа?
-Би чинь Хэнтийн хүн. Төрийн тэргүүний сонгуулиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сурталчилгаанд тоглочихсон юм. Нутагтаа яваад очтол “Чи одоо нутгийн аваргаа дэвшиж байхад дэмжсэнгүй. Том чулуу энэ тэр гэж дэмий юм яриад. Баяжих гэж нутгийн аваргынхаа эсрэг ажиллалаа” гээд их дургүй болсон. /инээв/ Би чинь нэг сая төгрөг л авсан. Улс төрөөр хамаагүй тоглож болохгүй юм байна гэж бодсон шүү. Сүүлд Дидиш Юнител рүү шилжээд миний гэрээ ч дууссан.