Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Д.Цогт-Очир: Цаг агаарын 7, 10 хоногийн мэдээ бодит байдалтай 90 хувь тохирч байгаа

Д.Цогт-Очир: Цаг агаарын 7, 10 хоногийн мэдээ бодит байдалтай 90 хувь тохирч байгаа
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 20
Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очирыг хүлээн авч уулзлаа.
Цаг агаарын мэдээг шинжлэх ухааны үндэстэй зөв гаргаж байх нь чухал. Зарим аймаг, сумдад өвөлжилтийн байдал хүнд байна, мал төллөх хугацаа ойртлоо, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах цаг ирлээ. Малчид, тариаланчид, иргэдэд цаг агаарын төлөв, мэдээний таарц сайн байх нь чухал байна гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.
Цаг агаарын мэдээг өдөр тутам, долоо хоног, 10 хоног, сар, улирал, хагас жил, жилийн төлөв байдлаар тоймлож гаргаж байна. Олон улсын жишгээр мэдээний таарц 60 ба түүнээс дээш хувьтай гарахад сайн гэж үнэлдэг. Манай урт хугацааны мэдээний таарц 50 орчим хувьтай байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн хүйтний улирлын төлөвийн мэдээ олон жилийн дунджаас дулаан, цас ихтэй гэж гарсан. Гэсэн ч цас бага орсон. Өнгөрсөн жилийн зуны улирлын төлөвийн мэдээний таарц 50 хувьд хүрээгүй. Олон улсын жишигт урт хугацааны төлөвийн мэдээнд маш болгоомжтой ханддаг. Мэдээний чанар, үнэн бодит байдлыг хангахын тулд богино хугацааны мэдээ гаргах, ийм мэдээг иргэдэд өгч байх нь чухал. Манай цаг уурчдын бэлтгэдэг долоо, арав хоногийн мэдээний таарц 90-ээс дээш хувьтай байдаг гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир танилцууллаа.
Улсын хэмжээнд цаг уурын 316 өртөө ажилладаг. Үүний 150 орчим нь автомат, цаашид бүх өртөөг автомат болгох шаардлагатай. Цаг агаарын мэдээг телевиз, радио, сонин хэвлэл, цахим хуудас, гар утасны апликейшнээр хэрэглэгчдэд хүргэдэг.
Зуншлагын байдал, малын тоо толгой, бэлчээрийн даац, хүйтний улирлын нөхцөл байдал зэрэг тоон үзүүлэлтийг нэгтгэсэн зудын эрсдэлийн зураг гаргасан. Энэ зургийн дагуу хүн хүчээ хаана төвлөрүүлэх, өвс тэжээлийг хаана татах зэрэг зохион байгуулалтын ажлыг Онцгой байдлын ерөнхий газар хийж байна зэрэг мэдээллийг тус газрын дарга Д.Цогт-Очир Ерөнхий сайдын асуултад хариулахдаа өглөө.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн