Open iToim app
Хүний эрх | 3 мин уншина

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад эцэг, эхчүүдийн хяналт чухал

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад эцэг, эхчүүдийн хяналт чухал
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 3
“Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлээс хүргэе.
Б.Алтангэрэл (Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн)

-Олон улсад цахим орчинд дараахь найман шалтгаанаар зохицуулалт хэрэгтэй болдог. Тодруулбал, үндэсний аюулгүй байдал, хувь хүний нэр хүндийг хамгаалах, эдийн засгийн гэмт хэрэг, мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний нууцыг хамгаалах, бизнесийн нэр хүндийг хамгаалах, оюуны өмчийг хамгаалах, хүүхдийг хамгаалах зэрэг. Эдгээр хяналт, зохицуулалтыг техникийн бус болон техникийн аргаар хийж байна. Монгол Улсад үйлчилж байгаа зохицуулалт бол олон улсаас гажаагүй. Техникийн бус аргаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр гэхэд Садар самуунтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах бусад хууль тогтоомжууд байна. Дэлхийд 4.2сая +18 контент агуулсан веб сайт байдаг нь нийт сайтын 12 хувь. Өөрөөр хэлбэл, цахим тоглоомын газар, гэртээ, гар утсаараа хүүхдүүд эдгээрийг хүлээн авах боломжтой байгаа. Иймээс зориуд техникийн зохицуулалт хийх шаардлагатай болдог. Интернэтийн үйлчилгээ эрхлэгч компаниуд ХХЗХ-ноос тусгай зөвшөөрөл авдаг учраас манайхаас гаргасан захиргааны актыг мөрдөх ёстой. 2014 онд дээрх үйлчилгээ эрхлэгчидтай хамтарч 40 гаруй хуудас гарын авлага бэлдсэн, мөн цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан. Цахим тоглоомын газруудад порно сайтууд руу орохгүй зохицуулалт хийсэн.
Т.Энхтайван (Хүүхдийн төлөө үндэсний газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга)

-Хүүхдийн төлөө үндэсний газар Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа. Мөн cybersafety.mn сайтыг хамтран эрхэлж байна. Энэ сайтад хүүхдийг цахим орчноос яаж хамгаалах, интернэтийг яаж зөв зохистой ашиглах, эцэг, эх, багш нар юунд анхаарах асуудлаар төрөл бүрийн мэдээлэл багтсан байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран судалгаа явуулахад их сонин дүн гарсныг танилцуулъя.
Хүүхдүүдийн 50 хувь гэртээ, 16 бусад орчинд, 46.7хувь нь гар утас, таблетаас интернэт хэрэглэдэг.
Фейсбүүкт хүүхдүүдийн 57 хувь нь нэг хаягтай, 47 хувь нь хоёроос дээш хаягтай, 46 хувь нь группийн админы эрхтэй” гэжээ. Сая 21 аймгаар явж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтнүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчинд аюулгүй хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр сургалт хийсэн байгаа.
Б.Эрдэнэбулган (ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, ахлах дэслэгч)

-Улсын ерөнхий прокуророос манай хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэг, Зохиогчийн эрх болон Интернэт орчинд садар самуун сурталчлах гэмт хэргийг шалгахаар харьяалал тогтоосон. Манай хэлтсийг 2011 онд байгуулсан. Сүүлийн жилүүдэд кибер гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа. Хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг бид хоёр аргаар хангаж болно. Багш, эцэг, эхийн хяналт, урьдчилсан сэргийлэх ажлууд. Хоёрдугаарт, техникийн аргаар хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах.
Өнөөдөр айлыг, албан байгууллагыг интернэтээр хангаж буй компаниуд IP хаягийн цаана байгаа хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийг олж илрүүлэх ажил зогсонги болдог. Дотооддоо мэдээлэл гаргуулж авах хурд, хамтын ажиллагаа хүндрэлтэй байна. Фейсбүүкээр доромжилдог, секс сүрдүүлэг хийдэг хүмүүсийн хаягийг Монголоос хаах боломжгүй. АНУ-ын хуулиар, Фейсбүүкийн дүрэм, журмаар шийдүүлнэ. Өөрөөр хэлбэл, Фейсбүүк хэрэглэгчийг олох, хаягийг нь хаалгах ажлыг Монголын хуулиар шийдэх боломжгүй. Иймээс эхний ээлжинд насанд хүрэгчид, хүүхдүүд интернэт, сошиал медиа ашиглахдаа өөрсдөө анхаарах хэрэгтэй. Дээрээс нь эхний ээлжинд хууль эрх зүйн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн техниктийн нөхцөл шаардлага хангалтгүй байгаа нь гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх байдалд саад болж байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн