Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Цахилгааны хөнгөлөлт эдлэх тарифт тоолуур 80 орчим мянган төгрөгийн үнэтэй

Цахилгааны хөнгөлөлт эдлэх тарифт тоолуур 80 орчим мянган төгрөгийн үнэтэй
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 3
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг энэ сарын 1-нээс тэглэх Засгийн газрын шийдвэр гарсан. 
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр Засгийн газар энэхүү журмыг баталсан юм. Айл өрх, шөнийн цахилгаанаа үнэ төлбөргүй хэрэглэхийн тулд тарифт тоолуур суурилуулах ёстой. Тарифт тоолуургүй хэрэглэгчид Стандарт хэмжилзүйн газраас баталсан, загварын туршилтад орсон, баталгаатай хоёр тарифтай электрон тоолуурыг заавал худалдаж авах хэрэгтэй. Барилгын худалдааны дэлгүүр, төвүүдэд тарифт тоолуур борлуулагдаж байгаа бөгөөд зах зээлийн ханш нь 80 орчим мянган төгрөгийн үнэтэй байдаг аж.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨК гэр хорооллын 146 мянган хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Үүний 120 гаруй мянган хэрэглэгч нь тарифт тоолууртай. Тарифт тоолууртай гэр хорооллын 120 гаруй мянган айл, өрх оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэлх хугацаанд зарцуулсан цахилгаанд хөнгөлөлт эдэлж, хамрагдах боломжтой. 
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайхан "Тарифтай тоолуур нь хэрэглэгчдийн хэрэглээг өдөр, шөнө гэсэн хоёр цагийн шатлалаар тоолдог тоолуур. Өдрийн хэрэглээнд өглөөний 06.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл багтааж байгаа бол оройн 21:00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэлх цагийг шөнийн хэрэглээ гэдэг. Энэ хэрэглээг ялгаж тоолохын тулд тарифтай электрон тоолуурыг хэрэглэдэг. Харин ердийн тоолууртай хэрэглэгчдэд цагийн ялгаа байдаггүй. Эдгээр айлуудын цахилгааны хэрэглээг нь бүтэн тоолдог учраас шөнийн хэрэглээндээ хэдэн кВт.цаг хэрэглэсэн нь тодорхойгүй юм. Хэрэв тарифтай электрон тоолуурыг хэрэглэвэл цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болно. 
Дашрамд сонирхуулахад, гэр хорооллын 146 мянган хэрэглэгчийн цахилгааны дундаж хэрэглээ ойролцоогоор 200-250 кВт.цаг байдаг бол нэг айлын дундаж хэрэглээ 250 кВт.цаг. Үүний 30 хувь буюу 100 кВт.цаг нь шөнийн хэрэглээ эзэлдэг байна. Нэг үгээр хэлбэл, нэг айлын цахилгааны хэрэглээний 30 хувийг шөнийн хэрэглээ эзэлдэг гэсэн үг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн