Open iToim app
Эрх зүй | 4 мин уншина

​Цагдаа буу тулган бусдыг сүрдүүлжээ

​Цагдаа буу тулган бусдыг сүрдүүлжээ
Нийтэлсэн 2015 оны 5 сарын 11
Гэмт этгээдүүд үнэнд гүйцэгдэж, ял авахынхаа өмнө байцаагчаа гүтгэдэг муу аргатай. Мөрдөн байцаагч намайг дарамталж байгаад байцаалт авсан, паартай гавлаж зодсон, хувийн өс хонзон санаж хамааралгүй хэрэгт шалгасан, прокурор, шинжээчтэй үгссэн гэх мэтээр хууль сахиулагчийг гүтгэдэг. Ингэснээр өөрийг нь шалгасан мөрдөн байцаагчийг хэрэгт шалгуулан, “хашрааж”, өөрөө ч олон нийтийн анхааралд ордог. Хамгийн гол нь, хөөн хэлэлцэх хугацаа хожих, хэл ам хийж байгаад хэргээс мултрахыг оролддог болж. 7-8 аймаг дамнаж мал хулгайлдаг, үүнийг нь иргэд ч, цагдаа нар ч мэддэг байтал эрх чөлөөтэй давхилддаг “сайн эрс” байна. Бариад авбал байцаагчаа хуулийнхан, хүний эрхийнхэнд элдвээр гүтгэн шалгуулж хашраасаар цагдаа нарын зүрхэнд орсон гэх. Танилгүй бариад авбал, “Намайг мэдэх үү чи. Чи байтугай бусад нь амжаагүй юм. Цагдан хорьдог юм аа гэхэд гурав хоноод л гарчихна. Харин чи араа даагаарай” гэж томорцгоодог гэнэ. Орон нутгийн цагдаа нарын зүрхэнд шар ус хуруулчихсан ийм малын хулгайч нар олон байгаа. Даварсаар хоттой хоныг хотонд нь төхөөрчихдөг, айлын үхрийг бэлчээрт нь янзлаад явчихдаг болсон гэж байгаа. Одоо бүр хил даван мал хулгайлж хотынхонд зардаг болтлоо томорсон тухай цагдаагийнхан ярьдаг.
Саяхандаа, Хүний эрхийн үндэсний комисс “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 14 дэх илтгэл”-ийг танилцуулсан нь УИХ төдийгүй иргэний нийгмийнхэн, олон нийтэд түгшүүр төрүүлэв. Цагдаа нар иргэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хүний эрх зөрчсөн гэх олон баримт тайланд байна лээ. Хууль хяналтынхныг хазаарладаг байгууллагыг дахин байгуулахгүй бол болохгүй нь гэсэн ярианд энэ илтгэл ташуур өглөө. Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг цагдаа нар зөрчиж байна гэсэн мессеж өгөв. Гэвч манай хэвлэлийнхэн шүүрч бичсэн, ХЭҮК-ынхны тайландаа тусгасан зарим жишээ хэрэгсэхгүй болсон үйлдлүүд байжээ.Захаас нь дурдъя.
“Буу тулган сүрдүүлжээ”
Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч “М” нь иргэн М, Г нарыг хэрэгт холбогдуулан шалгах явцдаа хууль зөрчин дарамталж, буу тулган сүрдүүлсэн, эрүү шүүлт тулгасан гэх гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газраас шалгажээ. Энэ үйлдэлд Дүүргийн дөрөвдүгээр прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэсэн байна. Мөн дээрх гомдолд ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын газраас шалгалт явуулахад гомдолд дурдсан хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэх үйлдэл тогтоогдоогүй байна. Хүний эрхийн үндэсний комиссоос цагдан хорих 461 дүгээр ангидцагдан хоригдож буй “Г” нь гомдол гаргасны дагуу комисс түүнтэй биечлэн уулзаж нөхцөл байдлыг тодруулсан гэх мэдээллийг шалгахад иргэн Г нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ огт аваагүй , дээрх мэдээлэл үндэслэлгүй болох нь тогтоогджээ.
“12 удаа шалгагдсан ч хариуцлага хүлээсэнгүй”
Иргэн Х, О нар хулгайн хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаагч С-ийг эрүү шүүлт тулгасан хэмээн УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гомдол гаргажээ. Энэ хэргийн цаана хохирч үлдсэн хүмүүс харин “Энэ хүмүүсийг 12 удаа шалгуулсан ч хариуцлага хүлээлгэсэнгүй” хэмээн гомдол гаргажээ. Дүүргийн гуравдугаар прокурорын газраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Гомдол гаргагч “Х” нарын бүлэг этгээдүүд нь бусдын эд хөрөнгийг удаа дараагийн үйлдлээр бүлэглэн хулгайлсан 16 холбогдогчтой 30 хавтаст хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд одоо ч Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.
“Чамайг алчихсан байхад амийг чинь хэн нэхэх хүн байхгүй”
Иргэн “Б” нь хэрэгт холбогдон шалгагдах явцдаа Чингэлтэй дүүргийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч “М”-ийг эрүү шүүлт тулган, “Чамайг алчихсан байхад амийг чинь хэн нэхэх хүн байхгүй” гэж хэлэн хэрэг хүлээлгэсэн гэж гомдол гаргажээ. Гомдлыг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгахад дээрх асуудал тогтоогдоогүй тул Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэсэн байна.
Мөн тус хэлтэст бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан Т, А нараас мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч “Г”, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад “Э” нар нь бидэнд эрүү шүүлт тулгасан гэх гомдол гаргасан байна. Мэдээллийг шалгахад шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй учир дээрх гомдлыг Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэжээ. Гомдол гаргагч нар нь урьд өмнө цагдаагийн байгууллагад удаа дараа шалгагдан, шүүхээс 2-3 удаа хорих ялаар шийтгэгдэн хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.
Энэ мэтчилэн гэмт хэрэгт шалгагдаад үнэнд гүйцэгдэх үед хугацаа хожих эцсийн арга нь байцаагчаа гүтгэх арга хэрэглэх явдал болжээ. Ийм жишээ сүүлийн жилүүдэд нэлээд хэд гарсан байна. Харин хэрэг шалгасныхаа дүнд өөрөө хохирч шалгуулсан мөрдөн байцаагч, цагдаагийн ажилтнуудын эрхийг хамгаалах газар хараахан Монголд алга байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн