Манай улс мөрийтэй тоглоомыг хуулиар хориглож, Эрүүгийн хуульдаа ял шийтгэхээр тусгасан байдаг. Найз нөхөр, хамаатан саднаараа цуглах үедээ тохиолдлоор хөзөр тоглох, муушигдахыг мөрийтэй тоглоом гэж үзэхгүй. Харин хэн нэгэн зохион байгуулж, зориулалтын ширээ, диллер, читон ашиглан мөрий тавьж казино, рулет зэрэг тоглоом тоглож байгаа бол эрүүгийн хуулиар шийтгэдэг практиктай. Цагдаагийн байгууллагууд ойрын өдрүүдэд мөрийтэй тоглоом тоглуулж байсан хэд хэдэн газрыг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Тухайлбал, мөрийтэй тоглоом тоглуулж байна гэсэн дуудлагын дагуу Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Армони Жоли” компанийн байранд автомат тоглоомын газар ажиллуулж байсныг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт дэвсгэр дэх “Хаан бургер” үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт мөрийтэй тоглоом тоглуулж байсныг илрүүлжээ. Мөн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны “Жүр Мандал” автомат тоглоомын газар мөрийтэй тоглуулж байсныг, тус дүүргийн “Мичид” төвийн гуравдугаар давхарт, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны “Нархан хотхон”-ы тоглоомын газарт, тус дүүргийн 11 дүгээр хорооны “Оргил стар” хотхоны тоглоомын газарт, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны “Хан-Хөхий” хоолны газрын гуравдугаар давхарт түрээслэгч нь мөрийтэй тоглоом тоглуулж байсныг холбогдох дүүргийн цагдаагийн хэлтсүүд илрүүлэн шалгаж эхэлжээ.
Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд мөрийтэй тоглосон хүнд оногдуулах хариуцлагыг тусгасан байдаг. Тодруулбал, “243.1.Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 243.2.Энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, тоглуулахыг санаархсан үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдээлж байх нь иргэний үүрэг. Мөрийтэй тоглоом нь айл гэрийн эдийн засаг, амар тайван байдал, бөх бат байдлыг алдагдуулдаг. Ийм учраас хуулиар хориглож, эртнээс цээрлэж ирсэн юм.