Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Хөрөнгийн биржийн захирал Д.Ангарыг ажлаас нь чөлөөлжээ

Хөрөнгийн биржийн захирал Д.Ангарыг ажлаас нь чөлөөлжээ
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 30
Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байсан Д.Ангар өнгөрсөн долоо хоногт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Өнгөрсөн даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар Д.Ангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, М.Болорыг Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. Энэхүү томилгооны талаар Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байсан Д.Ангар өөрийн фэйсбүүк хуудаснаа “шинэ захиралд ажлаа хүлгээлгэн өгч, тамга тэмдгийг гардуулан өглөө. Амжилт хүсье” гэж мэдээлсэн байв. Түүнийг жил гаруй хугацаанд Хөрөнгийн биржийг удирдаж, зогсонги байдалд ороод байсан тус биржийн үйл ажиллагааг сэргээж сайн ажилласан гэж санхүүгийн зах зээлийн шинжээчид үнэлдэг. 
Төрийн өмчийн хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулж хийх гэж байгаатай холбогдуулан тус байгууллагад хийх ажил их бий. Өөрөөр хэлбэл, биржээр арилжаалах бүтээгдэхүүний тоо нэмэгдсээр байгаа юм. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг Сангийн яам хянаж, шууд удирдлага дор нь харьяалагддаг юм. Тэгэхээр Сангийн сайд солигдсонтой зэрэгцэн Хөрөнгийн биржийн захирлыг сольсон бололтой. Шинээр томилогдсон М.Болорын хувьд санхүүгийн зах зээлд олон жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ. М.Болор нь ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засгийн сургууль болон АНУ-ын Техас муж дахь Райсын их сургуульд мэргэжил дээшлүүлж, улмаар Люксембургийн их сургуулийн Санхүүгийн сургуульд Банк, санхүүгийн чиглэлээр Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан юм байна. Монголбанкинд ажилласан байсан туршлагатай, 2013 онд судалгаа шинжилгээний “Элүдэй" компанийг үүсгэн байгуулж бизнес консалтингийн салбарт ажиллаж байсан юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн