Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

​Хөвсгөл, Өмнөговь аймагт цус ойртолтын төвшин нэмэгдэж байна гэв

​Хөвсгөл, Өмнөговь аймагт цус ойртолтын төвшин нэмэгдэж байна гэв
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 23
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх стратеги судалгааны хүрээлэнгээс “Монгол хүний удмын сан, эрүүл мэндийн” байдал сэдвээр судалгааг хийжээ.
Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн 25 жилийн эрдэм шинжилгээний бага хурлын үеэр монголын хүн амын удмын сан байдлын талаар нэгэн сонирхолтой илтгэлийг доктор Э.Энхмаа тавьсан байна. Тэрээр хүн амын дундах цус ойртолтын төвшинг генетикийн тооцооллын аргаар судлажээ. Монголын хүн амын дунд цус ойртолтын төвшин 0.0223-0.1145 хооронд хэлбэлзэж байгааг тогтоожээ. Цус ойртолтыг олон улсад F коэфициентээр илэрхийлдэг байна. Ингэхдээ 0-1-ийн хооронд утга авдаг бөгөөд хэрвээ F коэфициент нь 0-тэй тэнцүү байвал хүн амын дунд цус ойртолт байхгүй гэж үздэг байна. Гэтэл уг аргачлалаар Монгол Улсын бүх аймгийн хүн дунд судалгаа хийх цус ойртоогүй аймаг гэж байхгүй байгааг тогтоожээ. Цус ойртолтыг газар зүйн тархалтаар нь тогтооход хамгийн их голомт нь монгол орны хойноос буюу Хөвсгөлөөс Өмнөговь, Говь-Алтай аймаг руу явах чиглэл цус ойртолт хамгийн их байгаа аж.
Цус ойртож байгаа шалтгаан нь хүн амын дунд ураг төрөл, удмын мэдээлэл тасарсан байгаатай холбоотой аж. Хүн амын ихэнх нь өөрийнхөө эмээ, өвөөг мэдэж байгаа ч түүнээс дээших үе удмаа мэдэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Элэнц эмэг, өвгийн төвшинд цус ойртолт явагдаж, үр хүүхдүүд, хамаатан садангууд хоорондоо гэрлэсэн тохиолдол гарч байгаа нь цус ойртолт ноцтой төвшинд, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгааг санууллаа. Цус ойртолт нэмэгдэх тусам хүн амын дунд янз бүрийн өвчлөл тэр дундаа хорт хавдар нэмэгддэг шугаман хамааралтай байгааг судалсан байна. Тухайлбал, элэгний хорт хавдрын өвчлөлд цус ойртолт ямар нөлөөтэй байгааг судлахад Монгол орны 42 хувьд нь 60-99 хувийн өндөр эрсдэлтэй, хүчтэй хамааралтай гэж гарчээ. Харин хүний оюуны хөгжилд цус ойртолт хэрхэн нөлөөлж байгааг судлахад 2016 оны байдлаар 15-64 насны хүн ам буюу эдийн засгийн хамгийн идэвхтэй хүн амын дунд оюуны хомсдлын төвшин өндөр байгааг тогтоожээ. Монгол Улсын газар нутгийн 31.5 хувьд 50-98 хувьд нь цус ойртолтын хүчтэй хамааралтай байна гэж үзжээ. Ялангуяа зах хязгаар нутгуудад цус ойртолт асар өндөр байгаа аж.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн