Хүүхдийн хүмүүжлийн талаар мэргэжилтэнтэй хийсэн сурвалжлага, ярилцлага
Д.Гэрэлтуяа бол сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй ажилладаг, олон улсад үнэлэгдсэн "Монтесорри" сургалтын арга барилыг гадаадад суралцаж ирээд Монголд амжилттай хэрэгжүүлээд есөн жил болж буй сурган хүмүүжүүлэгч юм. Түүнээс цэцэрлэгийн насны хүүхдийн хүмүүжил болон сургалтын арга барилын талаар ярилцсанаа хүргэе.
-Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн онцлогийн талаар хэлж өгөөч?
-0-6 насны үеийг маш мэдрэмтгий үе гэдэг. Эрдэмтэд энэ үедээ хүүхэд хүмүүжлийнхээ 70-80 хувийг олж авдаг гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэхээр хүн амьдралынхаа хамгийн анхны жилүүдэд хорвоо ертөнцөд юм бүхэнд маш мэдрэмтгий байдаг юм. Ийм мэдрэмтгий үедээ хүүхэд заасан юм болгоныг гайхалтай шингээн хүлээж авч чаддаг. Бүх зүйлийг сурч чадна. Тиймээс ийм мэдрэмтгий үеийг нь дэмий үрж огт болохгүй. Энэ насны хүүхдүүд аливааг сонирхож, түүнийгээ оролдож, задлан шинжилж, мэдэрч, ойлгож хүлээж авч байдаг. Өөрөөр хэлбэл бүх зүйлд соргог хандаж, түүнийгээ хүлээн авч, өөрийн зан төлөвдөө шингээдэг гэсэн үг.
-Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн нийтлэг алдааг та юу гэж боддог вэ?
-Энэ жаахан амьтан учраа мэдэхгүй гэх хандлагаар хүүхэдтэй харьцдаг. Нэг үгээр бол хүүхдийнхээ хүчинд итгэдэггүй. Хүүхдийгээ хийж чадна гэж боддоггүй. Гэтэл бага насны хүүхдэд асар их нөөц боломж байдаг. Энэ нөөц боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ асар их нөөц боломжийг багад нь нээж хөгжүүлэхгүй, хайран тэр л мэдрэмтгий насыг нь дэмий өнгрөөчихдөг. Сүүлийн үед бол хүүхдийнхээ хүмүүжил, боловсролыг интернэт, зурагтад даатгасан . Зурагтаар гарч байгаа зүйлс, интернэт л хүүхдийг нь хүмүүжүүлээд байна. Гэтэл зурагтаар гарч байгаа нэвтрүүлэг, програмын хэдэн хувь нь хүүхдэд зориулагдсан байдаг билээ. Хүүхдийн хүмүүжил, боловсролд зориулсан нэвтрүүлэг ч ховор. Зарим айл бол асрагчтай. Асрагчдаа найддаг. Асрагч нь хүүхдийнх нь ам руу хоол хийж өгдөг, хувцсыг нь өмсгөдөг гээд л. Ер нь бол эцэг эх, хүүхдийн хоорондын дотно харилцаа улам бүдгэрч байна. Бүхнийг хүлээж авах боломжтой хайран сайхан тархи өнөөдөр дэмий зурагт үзэж эсвэл зугаа цэнгэлийн шинжтэй амархан уйдах, Хятад тоглоомоор тоглож өсч байна. Сүүлийн үеийн хүүхдүүдийг цахим хүүхдүүд гэж болно. Бүх юм нь бэлэн болж цахимжсан, элетронжсон учраас хүүхэд толгойгоо ажиллуулахгүй, залхуу бэлэнчилдэг болж байна. Зан авирт нь ч өөрчлөлт орж байна. Хамгийн уршигтай нь хүүхдийн сониуч зан дарагдаж байна . Хүүхэд гэдэг чинь сониуч зангийнхаа л ачаар сурч хөгждөг. Өөрийгөө дайчлах нь бас л ховордож байна. Гар, толгой хоёроо ажлуулахгүй байна. Хүүхдийн тархи алхам тутамдаа аливааг өөрөө зөнгөөрөө хийж байхдаа л ажиллаж, байнга хөгжиж байдаг. Гэтэл өмнөөс нь хийж чадах зүйлийг нь хийж өгөөд байхаар яах вэ. Хувцсыг нь өмсгөж, нүүр гарыг нь угааж өгөөд өмнөөс нь бүгдийг хийж өгөөд байхаар хүүхэд үйлчилгээ сервис “хүсэгч” л болно . Ингэж л сониуч биш өөрийгөө дайчилдаггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүүхдийг багаас нь бэлдээд байна даа. -Тэгвэл эцэг эхчүүд хүүхдээ хөгжүүлж нөөц боломжийг дайчлахын тулд яах ёстой вэ?
-Манайхан танхимд, багшаар заалгахаар л боловсрол олгоно гэж ойлгодог. Гэтэл Монтессори арга барилаар бол хүүхэд өөрийн хүслээр, зөнгөөрөө алхам бүртээ амьдралаас сурч байгааг боловсрол гэж үздэг. Тиймээс хүүхдэдээ өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Хүүхдээ бага байна гээд юм болгоноос холдуулаад байх биш хүүхдэдээ итгэж хийж чадах зүйлийг нь өөрөөр нь хийлгэх хэрэгтэй. Өөрт нь аюултай л биш бол хүүхдэд ажил даалгаж итгэл хүлээлгэх хэрэгтэй. Дагуулж хийлгэх гэдэг сургалтын том арга байна. Өмнөөс нь хийж өгөх биш дагуулж, үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй. Эцэх эхчүүд энэ үлгэрлэх, дагуулж сургахдаа хойрго хандаад зөвхөн өмсөж зүүх, идэж уухад нь анхаараад байна уу даа. Гэхдээ сүүлийн үед боловсролтой, аливаа учрыг ойлгодог мундаг залуу эцэг, эхчүүд бас олон болжээ. Хамгийн чухал нь хүүхэд орчноосоо аяндаа бүхнийг сурч байдаг. Монтесорри нь хүүхдийн энэ суралцах онцлогийг нь сургалтандаа ашигладаг.
-Манай цэцэрлэгийн нэг хүүхдийн аав надаас "Манай хүүхэд тоглоомоо огт хураахгүй юм. Тоглоомыг нь хураалгах гэж бөөн юм болох юм аа” гэдэг юм байна. Тэгэхээр нь би "За, хүүхдийнхээ тоглоомыг яаж хадгалдаг юм бэ" гэсэн чинь харин “Нэг тоглоомын сагсанд л хийдэг шүү дээ” гэдэг юм байна. Бүх тоглоомыг нь холиод нэг сагсанд чихдэг, эцэг эх нь ч тэгж шаарддаг байх нь байна шүү дээ. Ийм байхад хүүхэд шаардлагыг хүлээж авахгүй. Хүүхэд тодорхой нэг тоглоомоороо жишээ нь эвлүүлдэг тоглоомоороо тогломоор байлаа гэхэд тэр замбааагүй хийчихсэн сагсан дахь бүх тоглоомыг асгаж байж л тэр хүсч буй тоглоомоо гаргаж ирэхээр эцэг эх нь орчныг бүрдүүлсэн байна шүү дээ. Өөрсдөө тийм орчныг нь бий болгочихсон байгаа юм. Тэгээд тоглоод, уйдаад сонирхол нь буурахаараа яаж буцааж хураахаа мэдэхгүй. Сүүлдээ бүх тоглоомоо бөөнд нь хийгээд байхаар аль тоглоомоороо тоглохоо ч мэдэхгүй нэг ёсондоо зорилгогүй болдог. Тэгээд тэр аавд би "Хүүхдийнхээ тоглоомыг төрөлжүүлж ангил. Төрөлжүүлж ангилсан тоглоомоо өөр өөр саванд хийх ч юмуу тавиурт цэгцтэй тавь. Эхлээд хүүхэд ойлгохгүй. Гэхдээ дахин дахин хамтдаа цэгцтэй хураагаад байхаар нэг мэдэхэд л хүүхэд чинь шаардуулахгүй өөрөө хураачихдаг болно. Тоглохдоо хүртэл зорилготой, хариуцлагатай, бас нэг барьсан тоглоомоо дуусгадаг занд суралцана" гэж хэлсэн.
-Эцэг эхчүүдийн дунд хүүхэд нь хоолондоо муу эсвэл хоолоо идэж өгддөггүй бэрхшээл байдаг. Хоолоо иддэг дадлыг яаж суулгах вэ?
-9, 10 сартайгаасаа эхлээд хүүхэд өөрийгөө илүүтэй мэдэрч эхэлдэг. Энэ үеэсээ зарим дадал зуршлыг авч өөрөө хийх гэж оролдож эхэлдэг. Жишээ нь хоолоо өөрөө халбагадаж идэх гэж оролдоно. Гэтэл зарим эцэг_ эх заваартана гээд эсвэл эрхлүүлсэндээ ч юмуу ам руу нь хийж өгөөд л байдаг. Эхлээд асгаж цутгаж л таарна. Эцэг эхчүүд хүүхдээ анхны оролдлогоор нь л төгс хийчих юм шиг хүлэээгээд, хүүхэд нь жаахан бүтэлгүйтвэл өөрсдөө өмнөөс нь хийгээд эхэлчихдэг. Гэтэл хүүхэд гэдэг чинь шууд л мундаг болчихгүй шүү дээ. Эхлээд асгаж цутгасан ч гэсэн өөрөөр нь идүүлээд байх юм бол нэг л мэдэхэд халбагаа бариад цэвэрхэн идээд сурчихдаг. Халбага барьж сурна гэдэг үзгээ барьж сурна, эв дүй шаардсан зүйлийг хялбар хийдэг болно гэсэн үг. Хоолоо халбагадаж идэх ганц зүйл ч цаанааа ийм олон дадал, зуршилтай нь холбогддог гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Хүүхэд томрох тусмаа л залхуу болдог. Юм болгоныг шинэ соргогоор хүлээж авахаа больдог учраас аль болох бага байхад нь л чухал дадлуудыг нь суулгах хэрэгтэй. Хоолны хувьд эцэг эхчүүд амттай, шимтэй зүйлд хүүхдээ дасгаад чихэр боов өгөөд байхаар хоолондоо дургүй болж чихэр амттанаа л нэхээд байдаг. Өөрсдөө чихрийн амтыг хүүхдэдээ мэдрүүлчихээд эргээд нэхэхээр нь "Үгүй, чихэр амттан идэж болохгүй" гээд буцаагаад загнана. Анхнаасаа л өгөхгүй байх хэрэгтэй. Эсвэл дахиж нэхэхэд нь өгөхгүй гэснээрээ л хичнээн нэхэж чарлаж байсан ч өгөхгүй тууштай байх хэрэгтэй. Ер нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцахдаа тууштай байхаа мартдаг. Хүүхэд тань хэдхэн минут л уйлна. Харин тууштай бус занд суралцаж, тэр нь насан туршид нь өөрт нь төлөвшинө гэдгийг ойлгодоггүй. -Хоёр насандаа хүүхэд стресстдэг, муухай аашилж их уцаартай болдог тухай уншиж байсан юм байна. Үүнийг хоёр насны синдром гэсэн байсан. Хоёр настай хүүхэд үнэхээр тэгж бухимдаж, хямардаг гэж үү?
-Тиймээ, хоёр нас бол хүүхэд “би” гэдгээ их мэдэрсэн үе байдаг. Би л гээд байдаг. Хүн гэдэг чинь амьтан шүү дээ. Хоёр насанд амьтанлаг араншин нь гардаг. Хүүхэд хайр халамжийг хүсч байгаа нь тэр юм. Анхаарал татах гэж би гэж хүн байна гэдгээ харуулж байгаа нь тэр. Бас энэ үедээ юм болгоныг өөрөө хийх гэж оролддог. Хоёр нас бол их бүтээлч чухал үе. Манай цэцэрлэгт нэг хүүхэд анх ирэхдээ аашилна гэдгийг ёстой үзүүлж өгдөг байлаа. Өөр хүүхдийн хувцас өмсөнө гэж дайрна, орилно, бүр уурлаад бие нь салганаад чичирчихдэг байв. Эцэг эхтэй нь уулзаж ярилцтал эцэг эх нь хүртэл энэ байдлаас өөрсдөө хүртэл их айдаг бас санаа нь зовдог байсан байгаа юм. Салганаад эхлэхээр нь айгаад бууж өгөөд байж л дээ. -Та юу гэж зөвлөсөн бэ? Ийм үед нь эцэг эхчүүд яаж хандах хэрэгтэй юм бол?
-Хэцүү муухай аашинд нь анхаарал хандуулахгүй байх хэрэгтэй. Анхаараад "Өө яасан, одоо яамаар байна" гээд л эсвэл эргүүлээд муухай аашлаад байвал хүүхэд “Аав ээж намайг ингэж аашлахаар анхаарч байна” гээд ойлгочихно. Тиймээс хэцүү аашинд нь биш харин сайн хийж байгаа зүйлд нь илүү анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг сайн хийхээр нь, дуулахад нь, зураг будахад нь "сайн байна" гээд урам өгөөд алга ташаад магтаад өгөх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд ээжийгээ, аавыгаа баяртай байхыг харах дуртай юм чинь намайг ингэхээр их дуртай байдаг гээд дахин дахин тэр сайн зүйлээ хийнэ. Ер нь муу гэсэн зүйлд нь битгий ач холбогдол өг. Чарлаад орилоод л байж байна биз, огт хайхрахгүй бай. Дөрөв таван удаа тэгнэ, анхаарахгүй ач холбогдолгүй өгөхгүй бол тэгээд л хүүхэд өөрөө больчихдог.
-Манай хүүхэд хэлд ороогүй байхдаа л "боль" гэдэг үгийг хамгийн түрүүнд сурсан. Би үүнд өөрийгөө буруутгаж, санаа зовдог ч яах аргагүй л энэ үгийг хэлчихээд байдаг юм.
-Хүүхдийн ийм бүтээлч, ирээдүйг нь шийдэх чухал насанд нь хүүхдээ боль гээд бүх юманд нь хориг тавиад байх нь маш буруу. Боль гээд хаалт тавиад байвал сурах сониуч байдлаа алдаж, урам нь зориг нь унтардаг. “Боль” гэдэг үг л хүүхдийг залхуу, зориггүй болгодо г. Энэ үг хамгийн их хортой. Нэг болсон явдал байдаг шүү дээ. Болд гэдэг хүүхэд анх сургуульд ороод багш нь нэрийг нь асуухад хүү "Боль Боогий" гэж хариулсан гэдэг шүү дээ. Энэ инээдтэй юм шиг хэрнээ их эмгэнэлтэй зүйл байхгүй юу. -Амьдрал дээр онц сурлагатан л мундаг амьдраад байдаггүй гээд байдаг. Гэхдээ хүн бүрт хүүхдээ онц сураасай гэх нууцхан хүсэл байдаг байх. Боловсрол, хичээлийн тал дээр та юу хэлэх вэ?
-Сурлага биш хүмүүжил хүнийг тодорхойлно гэдэг шүү дээ. Ер нь 0-6 нас, хамгийн чухал суурь нь гурав хүртэлх насанд тавигддаг . Энэ үедээ хүүхэд аливааг ухамсаргүйгээр хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл далд ухамсартаа шууд шингээж чаддаг. 0-3 насанд тухайн хүүхдийн ирээдүйд хэн болж яаж амьдралаа авч явах нь тодорхойлогддог . Туршлагатай багш нар бол гурван настай хүүхдийг хараад л энэ хүүхэд сургуульд ороод иймэрхүү сурна, сууж сурсан, зөв дадал суусан эсэхээр нь мэдээд хэлчихнэ дээ. Тиймээс л бид монтессори боловсролыг зан байдал, хүмүүжилтэй нь уялдуулсан хөтөлбөрөөр хичээллэдэг. Түрүүн хэлсэн хүүхдийг бага гэж гололгүй бүхнийг сурч чадах асар их нөөц боломжтой бага насанд нь аль болох өргөн цар хүрээтэй агуулгыг өгөхийг зорьдог. Тэгэхгүй энэ жаахан юм чинь ийм жаахан л зүйл заана, хүлээж авах анхаарал нь ч ийм л жаахан байгаа гээд байвал хүүхэд хөгжихгүй шүү дээ. Тиймээс монтессорид амьдрах ухаан, математик, хэл яриа, газар зүй, түүх соёл, мэдрэхүй гэсэн өргөн цар хүрээтэйгээр агуулгыг эзэмшүүлэхийг зорьдог доо. Амьдралын ухаан гэдэг хичээлийг ийм багаас нь ордог. Манай амьдралын ухааны хичээл бол хүүхдийг бие дааж аливааг хийлгэхэд чиглэдэг. Хүүхдийн өөрийнх нь сонирхол хүсэл дээр нь тулгуурлаад л бүх зүйл дээр бие даасан болгож хүмүүжүүлдэг дээ. Багш хэзээ ч хүүхдийг юунд ч албаддаггүй. -Үнэхээр танай хичээлд суухад бүх хүүхэд хичээлдээ дуртай байгаа нь харагдсан. Бас багш нь ингэ тэг гэж давтан давтан хэлэхгүй юм. Хүүхдүүд хичээлд чөлөөтэй гэхдээ их эмх цэгцтэй оролцох юм. Бас тойргийн цагаараа хамтдаа оролцож шинэ мэдээлэл авчихаад дараа нь сонголтын цаг байх юм. Хүүхдүүд тавиур дээр байгаа янз бүрийн сэтгэхүй хөгжүүлэх их сонирхолтой зүйлсээс өөрсдийн дураар сонгож түүгээр тоглож байгаа нь харагдлаа.
-Тийм ээ. Багшийн заасан болгон боловсрол биш. Хүүхэд энгийн зүйлсээс зөнгөөрөө л аливааг сурч байдаг. Бид энэ зөнгөөрөө сурах чадварыг нь ашигладаг. Манай цэцэрэрлэгт хүүхэд өөрийнхөө сонирхлыг дагаж хөгждөг. Түүнээс бүгдэд нэг ижил зүйлийг тулгадаггүй. Тиймээс олон төрлийн хичээлийг ордог доо. Ийм эрх чөлөөтэй орчинд хүүхэд бие даан сонголт хийж шийдвэр гаргаж сурдаг. Манайд тогтсон уламжлалт боловсролын аргад багш бүх дүрд идэвхитэй тоглодог. Баг дуулж хуурдаад, бүжиглээд, бүгдийг зааварчилаад л байдаг. Бүх үйлдлийг командлаад хүүхэд тэр заавраар л хөдөлдөг. Гэтэл хүүхдэд эрх чөлөөтэй байж тайван өөрийнхөөрөө суралцах хэрэгтэй. Багш ард нь байж зөвлөж дэмжиж байх үүрэгтэй. Манайд хүүхдүүд маань өөрсдөө дуу шүлгээ зохиож дуулдаг. Та өөрөө тойргийн цаг дээр харсан байх. Жишээ нь, гаригийн дуу байна. Даваа гариг бол хичээлийн анхны өдөр, даваа гаиаг даваа гариг гээд л хөөрхөн аятай дуу дуулаад өглөө бүр тухайн гаригынхаа дууг дуулдаг. Тивийн дуу ч бас байна. Хүүхдүүд өөрсдөө зохиосон гээд боддоо. Үнэхээр мундаг байгаа биз дээ.
-Хүүхдүүд их бие даасан харагдах юм. Хүүхдүүд хоорондоо эвтэй хамгийн гайхалтай нь их биеээ даасан багш тэнд багш тэнд огт уурлаж уцаарлах, зааж зандрахгүй, тийм ч шаардлагагүй харагдах юм.
-Тиймээ хүүхэд чадаж байвал багш огт юу ч хэлэхгүй. Жаахан тусламж хэрэгтэй байвал багш зөвлөж өгдөг. Хүүхдэд өөрт нь найдаж эрх чөлөө өгчихвөл бас хувийн орон зайг нь гаргаад өгчихвөл өөрөө л бүхнээ хийгээд биеээ даагаад сурчихдаг. Тиймээс сонголтын цагаар хүүхдүүд өөрийн гэсэн ширдэгэн дээрээ тайван амгалан анхаарлаа төвлөрүүлж ажилладаг. Бүх хүүхэд өөрсдийн ширдэгтэй. Тэр ширдэгээ хэнд ч садаа бололгүй аваад түүн дээрээ жишээ нь гурилтай ажиллах дуртай бол гурилаар хийж болох илдүүр, хувин, жижиг ганбанз зэргээ очиж аваад тоглодог. Элдээд банш чимхээд хийх гэж зорьсон зүйлээ дуусталаа тэр тоглоомоос салдаггүй.
Хэн ч албадаагүй. Зүгээр л хүүхэд дуртай зүйлээ сонгосон учраас анхааралтай хийж эцсийг нь үзэж байгаа юм. Нэг төрлийн тоглоомноос ангид ердөө нэг л байдаг. Аль нэг нь түрүүлээд тоглоомыг авчихсан бол хүүхэд өөрийнхөө ээлжийг хүлээнэ. Тэр хүртэл өөр тоглоом сонгож тоглоно. Ингэснээр хүүхэд үүнийг хийж дуусгана гэсэн тууштай зан бас зорилго тавьж сурна. Сонголт хийлгэснээр хүүхэд бас төлөвлөж сурч байгаа юм. Алхам тутамдаа сонголт, шийдвэр гаргаж сурна гэсэн үг. За миний тоглоё гэж бодож байсан зүйлээр өөр хүүхэд тоглосон тэгэхээр би эхлээд цамхаг барьдагаар тоглочихоод дараа нь тэр тоглоомоор дараа нь дэлхий газрын зураг эвлүүлнэ гэдэг ч юм уу сонголт хийж төлөвлөж сурдаг. Тухайн ширдэг дэвсээд тоглож буй хүүхдийн орон зайд хэн ч нэвтрэхгүй. Ингэхээр хүүхэд ганц байгаа зүйлээ гамнаж орчиндоо хүндэтгэлтэй хандаж сурна. Бас бусад ангийн найз нартаа хүндэтгэлтэй хандаж өөрийнхөө ээлжийг хүлээж сурдаг. Энэ одоогийн монголын нийгэмд их тутагдаж байгаа чанар шүү. Бид замын түгжрээнд яаж ханддаг билээ дээ.
-Танай тохижолт их сонин юм. Тэр тусмаа танайд хүүхдүүдийн тоглож байгаа зүйлс. Нэг хүүхэд шүр хэлхэж тоо бодоод байх юм, нөгөө нэг нь ширээгээ угаагаад дараа нь хураагаад л, тэгээд гурил илдэж банш чимхээд, нөгөө нэг нь цамхаг босгоод, өөр нэг нь цаг тааруулж байна.
-Бид хүүхдийн анхаарлыг хамгаалах ёстой. Хүүхэд тухайн хэрэглэгдэхүүн болсон сэтгэхүй хөгжүүлэх, математик, амьдрах ухааны, газар зүйн, хэл соёлын гэсэн ангилалтай янз бүрийн тоглоом буюу хэрэглэгдэхүүнээс дуртайгаа сонгож тоглодог. Бид хүүхдийн анхаарлыг сарниулах зүйлсээс хүүхдийг хамгаалдаг. Ийм хэрэглэгдэхүүнтэй, ингэж зохион байгуулсан орчинг бид “бэлтгэгдсэн орчин” гэж нэрлэж байгаа юм. Монтессори арга зүйд ийм бэлтгэгдсэн орчин зайлшгүй шаардлагатай. Орчин хэрэглэгдэхүүн, арга зүй, багш гурав байж байж энэ арга жинхэнэ утгаараа хүүхдэд хэрэгждэг. Манай орчин их тайван, орилсон чарласан зүйл огт байдаггүй. Бид хүүхдэд хүн байхыг заадаг даа. Хүүхдийн анхаарлыг сатааруулах гял цял зургаар яах вэ. Хүүхэд ийм зургаар дамжуулж яаж хөгжих вэ дээ. Тиймээс бид татгалздаг.
-Монтессори арга барилын талаар та тодорхой тайлбарлаж өгөөч?
Монтессори гэж Италийн эмч эмэгтэйн нэр. Анх энэ арга зүйг нэвтрүүлсэн учраас ингэж өөрөөр нь нэрлэгдсэн хэрэг. Тэр их олон жил судалгаа шинжилгээ хийж, хүүхэдтэй ажилласны үндсэн дээр арга зүй хэрэглэгдэхүүн, бүр монтессори ойлголт буюу философитой нь тэгээд багшийн ур чадвар ямар байхтай нь хамтатгаад бүх л бүтэн цогц ойлголтыг бий болгосон байгаа юм. Анхлан амжилттай хэрэгжсэн нь хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой гэгдэж байсан хүүхдүүд байж л дээ. Тухайн үед ийм хүүхдүүдийг идэж уулгахад, эрүүл мэндэд нь л анхаарахаас биш бичиг үсэг сургана, боловсруулна бие даалгана гэсэн ойлголт байгаагүй аж. Харин Монтессори гэх эмэгтэй уг арга зүйг боловсруулж амьдралынхаа 50 жилийг үүнд зориулж тэдгээр хүүхдүүдтэй ажилласны хүчинд хамгийн анх хөгжлийн бэрхшээлтэй гэгдэж байсан хүүхдүүд дунд сургуулийн шалгалтыг амжилттай өгч амжилттай төгссөн байдаг. Үүнээс хойш дэлхий дахинд танигдсан, одоо олон улсад өөрийн салбартай. Ихэнхдээ боловсролтой, хүмүүнлэг хүүхдийн бие даасан байдлыг эрхэмлэдэг эцэг эхчүүд хүүхдээ өгөх дуртай байдаг даа. Одоо зуугаад жилийн турш боловсронгуй болоод хэрэглэгдэхүүнүүд нь улам сайжирч байна.
-Бусад сургалтаас юугаараа онцлог юм бэ?
-Хүүхэд өөрөө хүсч, өөрийнхөөрөө хийдэгээрээ бусад сургалтаас ялгаатай юм. Хэрэглээний боловсрол ч гэж үздэг. Өөрийн боловсрол буюу өөрөө олж авах боловсрол гэж үздэг.Бид тэмцээн уралдаан зохион байгуулдаггүй. Уралдаанд нэг хүүхэд ялаад, нэг хэсэг нь сэтгэл дундуур гонсгор үлдэж өөрийгөө чадахгүй юм байна гэсэн мэдрэмжийг авдаг. Харин Монтесорри хүүхдийг ийм мэдрэмжээс хамгаалах ёстой. Хүүхдэд оролдоод л байвал чи чадна гэсэн итгэлийг төрүүлэх нь багшийн үүрэг. Хүүхдэд суралцана гэдэг чинь баяр баясгалан юм шүү гэдгийг ойлгуулах бол гол зорилго юм. Манай дээр бяцхан мисс, бяцхан ханхүү, шилдэгийн шилдэг гэх мэт тэмцээн уралдаан огт болдоггүй, хориглодог. Цааш философи утга ийм юм.
Үүнээс гадна манай хэрэглэгдэхүүнүүд багшийн оролцоогүйгээр өөрийнхөө алдааг засах боломжтой хэрэглэгдэхүүнүүд байдаг. Хүүхэд хүрэлцэж байгаа зүйлдээ толгойгоо ажлуулах ёстой. Хэлбэр дүрс, гүн гүнзгий, хэмжээ дамжаагаар нь тааруулдаг нэг модон тоглоом л гэхэд хэрвээ тэр хүүхэд буруу хийвэл өөрөө хараад л аан би буруу хийчихэж гээд алдаагаа олж хараад засах боломжтой байх жишээтэй.
Манай мэдрэхүйн хичээлүүд бас их сонирхолтой. Хүүхдийн үнэрлэх, ялгаатай дуу авиаг сонсох таних гээд л. Амьтанд үнэхээр сонирхолтой хүүхэд бол манайд халуун орны амьтад, шавьжнууд гээд л дүрс хэрэглэгдэхүүн бүх л хэрэгтэй хэрэглэгдэхүүн нь байж л байдаг. Тив дэлхий сонирхож байгаа бол газрын зураг аваад хийнэ, онцлог барилга байгууламжуудыг нь тив хотуудад тохируулна, дүрсийг харна барьж үзнэ гээд асар өргөн хүрээнд эрх чөлөөтэйгөөр хүүхдэд боловсрол олгодгоороо онцлогтой.
-Үнэхээр сонирхолтой газраар зочилж эцэг эхчүүд, магадгүй сургуулийн өмнөх боловсролын салбар хүмүүст хамаатай хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Сүүлд нь эцэг эхчүүдэд хандаж хэлэх зүйл тань юу вэ?
-Баярлалаа. Хүүхдийг сургах бол нэг төрлийн урлаг . Энэ урлагт эцэг эхчүүд суралцах хэрэгтэй. Монтессори гэж юу болохыг мэддэг Уншдаг залуу эцэг эхчүүд олон байна. Гэтэл бас манай цэцэрлэгт орж ирээд өө олигтой тоглоом алга гээд гараад явдаг эцэг эхчүүд ч байдаг. Зөвхөн сайн хоол тоглоом хоёрын гол зүйл болгоод анхаараад байх нь учир дутагдалтай. Боловсрол хүмүүжил хоёр хамтдаа уялдаатай хөгждөг. Бид Монголын нийгэмд хүн шиг хүн, бие даасан хүнийг багаас нь боловсруулахыг зорьж байна.