Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

​“Хүүхдийн эрхийг дээдэлье”

​“Хүүхдийн эрхийг дээдэлье”
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 31
Хүний эрхийн тухай түгээмэл тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм. Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа. Үүний дараа НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, дэлхийн 191 орон тус конвенцид нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн баримт бичиг болж чадсан юм.
Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд тавдахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны тавдугаар сарын 8-нд батлан гаргаж, тус оны зургадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. 2002 онд “Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган тавдугаар сарын 8-ны өдөр эхэлж байсан бөгөөд Монгол Улс 2002 оны зургадугаар сарын 1-нд үндэсний кампанит ажлаа орон даяар зохион байгуулж байлаа.
Монгол Улс жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг Хүүхдийн баярын өдөр болгон 1953 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг. Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм. Түүнчлэн 1995 оноос Эх үрсийн баяр болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн Хүүхдийн эрхийн өдөр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн. Түүнчлэн 2011 оноос эхлэн Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ онд “Хүүхдийн эрхийг дээдлье” уриаг дэвшүүлж байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн