Оны эхний хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг Сангийн яамнаас танилцуулжээ. Манай улсын нэгдсэн төсөв эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн гүйцэтгэлээс 671 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн дүнтэй гарчээ. Эхний хагас жилийн төсвийн алдагдлын дүнг сүүлийн арван жилтэй харьцуулахад хамгийн өндөр хувиар тасарсан байна. Өнгөрсөн жилийн эцэст улсын төсөв 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Тэгвэл 2016 оны эхний хагас жилийн төсвийн алдагдал өнгөрсөн жилийн төсвийн алдагдлын дүнгээс даваад байна.
Улсын төсвийн алдагдал эрчимтэй нэмэгдсэн гол шалтгаан нь орлогын төлөвлөгөө биелээгүй, зардал нэмэгдэж байгаатай холбоотой. Тухайлбал зургадугаар сард төсвийн орлого 17.4 хувиар буюу 535.7 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 хувиар буюу 98.9 тэрбум төгрөгөөр бага байна. Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 1,635.0 тэрбум төгрөгт хүрч 23.0 хувиар буюу 487.5 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Орлогын тасалдлыг задалбал, импортын барааны НӨАТ-ын орлого 83.7 тэрбум, импортын гаалийн албан татварын орлого 45.4 тэрбум, хүүгийн орлого 62.6 тэрбум, төсөвт байгууллагуудын орлого 58.3 тэрбум, газрын тосны орлого 38.9 тэрбум, навигацын орлого 21.5 тэрбум, өмч хувьчлалын орлого 56.8 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 179.0 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс тасарсан нь голлон нөлөөлсөн байна.
Эхний хагас жилд НӨАТ-ын буцаан олголтоор 54.2 тэрбум төгрөг олгосон байна. Хүний хөгжил сангийн зарлага 178.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 93.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус сангаас хүүхдэд олгож байгаа бэлэн мөнгөний санхүүжилтээр 143.5 тэрбум төгрөгийг олгоод байна. 2016 оны улсын нэгдсэн төсвийг батлахад хүүхдийн мөнгөнд нийт 143 тэрбум төгрөгийг хуваарилсан юм. Тэгвэл зургадугаар сарын хүүхдийн мөнгийг олгож дуусаад төсвөөс хуваарилсан хүүхдийн мөнгөний санхүүжилт тасарсан байна. Төсөв батлах үед төлөвлөж байснаар ирэх наймдугаар сараас өмнө улсын төсөвт тодотгол хийж хүүхдийн мөнгөний үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэнэ гэж өмнөх Засгийн газар тооцож байсан. Гэтэл хүүхдийн мөнгөний төсөв зургадугаар сард дуусчээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөний санхүүжилт тасарч, улсын төвсийн алдагдал эрчимтэй нэмэгдсэн энэ үед төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Харамсалтай нь, энэ сард багтаан төсөвт тодотгол хийх боломжгүй бололтой. Засгийн газрын тэргүүнийг томилсон ч Засгийн газрын бүрэлдэхүүн тодорхой болоогүй байгаа юм.
Эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 672.4 тэрбум, богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 259.8 тэрбум төгрөгийг тус тус төлж, 184.9 тэрбум төгрөгийн гадаад төслийн, 612.1 тэрбум төгрөгийн төслийн бус гадаад зээл тус тус авч, Засгийн газрын 593.0 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод, 1,021.4 тэрбум төгрөгийн урт хугацаат гадаад 417.6 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод бондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байна.