Open iToim app
Эдийн засаг | 6 мин уншина

Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож, шүүгчийн цалинг бууруулна

Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож, шүүгчийн цалинг бууруулна
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 24
Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Энэ оны төсвийн тодотголд зардал талаасаа ямар өөрчлөлтүүд орсон талаарх мэдээллийг өргөн барьсан төслөөс бэлтгэлээ.
Төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн урсгал зардлын хэмжээг 6.655.6 тэрбум төгрөг байхаар тооцоолсон нь анх батлагдсан түвшнээс 432.9 тэрбум төгрөг буюу долоон хувиар, 2015 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 14 хувиар нэмэгдэхээр төсөвлөжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулах шаардлагын улмаас зардал бууруулах арга хэмжээг төрийн албаны бүх түвшинд авч хэрэгжүүлэх, үүний дотор нэн тэргүүнд төрийн удирдах албаны зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тооцов. Төрийн улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахаар тусгав.
  • Аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас дээш Улс төрийн бүх шатны албан хаагчид, төрийн өндөр болон тэдгээртэй дүйцэх бусад албан тушаалтны цалин, хөлсийг 2016 оны 9 сарын 1-ээс эхлэн 30 хувь бууруулахаар тооцов. Цалин бууруулах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд 19 болон тэдгээрийн зөвлөх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний орлогч, ИТХ-ын дарга нар болон төрийн өндөр албан тушаалтан, тэдгээртэй дүйцүүлэх бусад албан тушаалтнууд буюу нийт 256 албан тушаалтан хамрагдаж 557.9 сая төгрөгийн зардал буурахаар байна.
  • Төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хувь бууруулах: Төрийн захиргааны удирдах түвшний албан хаагчид буюу аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, яам, агентлагийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан буюу ТЗ-8 ба түүнээс дээш, мөн АА-6 ба түүнээс дээш цалингийн шатлал, зэрэглэлээр цалинждаг албан тушаалтнуудын сарын цалин хөлсийг 20 хувиар бууруулах, үүнд 1977 албан тушаалтан хамрагдаж, цалингийн санг нийт 1,593.3 сая төгрөгөөр бууруулахаар тооцов.
  • Төрийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт үйлдвэрийн газрын удирдах ажилтны цалингийн дээд хэмжээг тогтоож, мөрдүүлнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн 51 ба түүнээс дээш хувийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт үйлдвэрийн газруудын удирдах ажилтны цалингийн дээд хязгаарыг тогтоож мөрдүүлэх замаар удирдлагын зардлыг хэмнэх бөгөөд тухайн аж ахуйн нэгж зөвхөн ашигтай ажилласан нөхцөлд үр дүнгийн урамшуулал олгодог тогтолцоонд шилжүүлнэ.
Шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай ижил түвшинд хүргэж, бууруулахаахр тусгажээ. Улсын Их Хурлын 2011 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 45 дугаар тогтоолоор шүүгчийн албан тушаалын цалинг 2,700.0 мянган төгрөгөөс 3,300.0 мянган төгрөг байхаар тогтоож хэрэгжүүлсэн. Гэтэл өнөөгийн шүүгчийн цалин хөлс нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгаа нь хуулийн дээрх зарчимд нийцэхгүй байна. Иймд нийт 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр төсөлд тооцож тусгав. Ингэснээр 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөгөөр цалингийн санг бууруулахаар тооцов.
Бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх төрийн албан хаагчид 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгодог байхаар тусгажээ. Төрийн албаны тухай хуулийн дагуу олгох бүтцийн өөрчлөлтийн тэтгэмжийн хэмжээ тооцох хугацааг 6 сар байгааг 3 сар болгон бууруулахаар тооцсон ба 2016 онд 1,697.8 сая төгрөг хэмнэх боломжтой байна.
Хавдар судлалын үндэсний төвийн мэдээлснээр Монгол Улсад элэгний вирусийн өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай, вирусийн тархалт өндөр, энэ төрлийн халдварын улмаас нийт хорт хавдрын 39 хувь нь хамаарч байгаа бол нийт нас баралтын 22 хувь нь хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлж байна. Элэгний С вирусийг бүрэн устгах боломжтой эм бүтээгдэж, олон улсын зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн бөгөөд энэ төрлийн эмийн үнэ нь 2016 оны 5 сарын байдлаар 1 курс эмчилгээнд сард 250-400 америк долларын үнэтэй, уг эмчилгээ нь 3 сар үргэлжлэхээр байгаа нь иргэдэд санхүүгийн ачаалал үүсгэж байна. Иймд нийгэмд тулгамдсан элэгний вирусийн халдварын тархалтыг зогсоох, энэ төрлийн өвчнийг эмчлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 40 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцож, 2016 онд 25-30 мянган иргэн эмчилгээнд хамрагдахаар төсөөлж нийт 23.4 тэрбум төгрөг ЭМДС-ийн төсвөөс зарцуулахаар тодотголд тусгав.
Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх, цаашид төсвийн боломжтой уялдуулан 2019 оноос бүх хүүхдэд олгох: Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хүртэл хувийг хамарсан зорилтод бүлэгт олгохоор 2016 оны тодотголын төсөлд тооцов. Ингэснээр 2016 оны 1-6 дугаар саруудад өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдсан нийт өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сард 20 мянган төгрөг олгосон бол 2016 оны 7-12 дугаар саруудад өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдаж, амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сард 20 мянган төгрөг олгохоор тооцож тодотголын төсөл, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулав. Ингэснээр 2016 оны анх УИХ-аас батлагдсан зардлыг 79.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцов. Үлдэх 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцов.
Их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70,200 төгрөг олгохыг зогсоохоор төсвийн тодотгол тусгажээ. Ингэснээр 2016 онд 11.7 тэрбум төгрөг, цаашид жил бүр 33.7 тэрбум төгрөгийн зардал буурахаар тооцов. Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох, харин төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зохицуулалтын арга хэмжээг авахаар тооцов. Ингэснээр 2016 онд 9.6 тэрбум төгрөгөөр, цаашид жил бүр 19.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцов. Оюутны нийтийн тээврийн татаасны 50 хувийг төрөөс хариуцах, бусад хэсгийг тухайн оюутан хариуцдаг болохоор тус тус тооцжээ.  
Урт хугацаанд тус сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох насыг хүн амын дундаж насжилт өсөж байгаатай уялдуулан нэмэгдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг авч эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх замаар алдагдалгүй болгохын тулд шимтгэлийн одоогийн хувь хэмжээг 10-12 орчим пунктээр нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол байна. Шимтгэлийн хувь хэмжээг огцом, өндөр нэмэхгүй байх, ажил олгогч болон иргэдэд очих санхүүгийн дарамтыг бууруулах үүднээс тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлэх, тэтгэврийн сангийн зарлагыг нэмэгдүүлэх үр дагавартай гарсан зарим шийдвэрийг хүчингүй болгох замаар зардлын ачааллыг давхар бууруулах боломжтой. Иймд шимтгэл тооцох хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд тус тус 9.5 хувь болгох, уг шилжилтийг 2017-2018 онд тус бүрд 1 хувь, 2019 онд 0.5 пунктээр нэмэгдүүлэхээр тооцов. Малчны тэтгэврийн насыг 5 жилээр урагшлуулж, 2018 оноос хэрэгжүүлж эхлэхээр тусгажээ.
Төсвийн хөрөнгө оруулалт болон төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар Хөрөнгө оруулалтын 2016 оны тодотголын төсвийг боловсруулахдаа дараах гол зарчим баримталсан болно. Үүнд:
  • 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гүйцэтгэгч шалгараагүй, гэрээ байгуулаагүй ажлуудыг хасах,
  • Дээрх хугацаанд гүйцэтгэгч шалгарсан боловч ажлаа эхлээгүй ажлуудын санхүүжилтийг 2017 онд болгож хойшлуулах;
  • Хөгжлийн банкнаас 2015 онд санхүүжилтээ авч чадаагүй, 2016 оны төсөвт тусгагдаагүй ажлуудын санхүүжилтийг нэмэх.
  • Ажил нь бүрэн дууссан боловч 2016 онд гэрээний үлдэгдэл санхүүжилт нь тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг бүрэн олгох
Төсвийн төсөлд тусгасан эдгээр асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, эцэслэн батлах юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн