Open iToim app
Таны сонорт | 7 мин уншина

Ц.Хүрэлсүх: ​Д.Сүхбаатар жанжны садан төрлийн 300 гаруй хүн амьд сэрүүн байна

Ц.Хүрэлсүх: ​Д.Сүхбаатар жанжны садан төрлийн 300 гаруй хүн амьд сэрүүн байна
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 10
Д.Сүхбаатар жанжны зээ хүү, өдгөө 78 насыг зооглож буй Ц.Хүрэлсүх гуайтай ярилцсанаа хүргэе.
-Манай уншигчдад та өөрийгөө танилцуулна уу. Д.Сүхбаатар жанжны аль талынх нь садан төрлийн хүн бэ?
-Миний бие Сүхбаатар жанжны эх, Цагаан дээлт Дамдины гэргий Хандын талын хамаатан хүн л дээ. Дөрөв дэх үеийнхэн хүн. Хуучнаар бол Цэцэн хан аймаг, одоогоор Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын угуул. Феодлын үед үндэс угсаагаа үнэн хэрэгтээ мэддэггүй байсан. Миний бие Жанцан гэдэг хүний нэгдүгээр хүү болж мэндэлсэн. Аав, ээж, миний нагац ах амьд сэрүүн байхдаа Д.Сүхбаатарын гэргий Янжмаа, түүний хүү С.Галсан ахтай танилцуулж, өөрийгөө Д.Сүхбаатар жанжны төрлийн хүн гэдгээ мэдсэн. Миний хувьд малчин гаралтай, эцэг эхтэйгээ хөдөө аж ахуй, мал дээр амьдарч байгаад 1958 онд Улааанбаатар хотод цэргийн албанд ирсэн. Цэргийн албанд 30 гаруй жил ажиллаж, Хурандаа цол хүртсэн. Улсад 40 гаруй жил ажилласны 30 гаруй нь цэргийн албанд, үлдсэнийг хөдөө аж ахуйн нэгдэлд тоо бүртгэгч, мал аж ахуйд зориулсан. Манай өвөө их жанжин Д.Сүхбаатар, түүний аав Цагаан дээлт Дамдин, түүний өвөг эцэг Төгөө, Элбэг, Ээлт гээд Монголыг Манжийн дарлалд байхад эх орныхоо төлөө зүтгэж ирсэн баатар эрчүүд байсан гэгдгийг хожим түүхээс мэдсэн.
-Өнөөдрийн байдлаар танаас гадна Д.Сүхбаатар жанжны садан төрлийн хэчнээн хүн байна вэ?
-Д.Сүхбаатар жанжны эцэг Цагаан дээлт Дамдины эцэг Цэнэн гэж хүн байсан. Эцэг талынх нь хамаатан садны түүхийг 10 гаруй жил судалж, Д.Сүхбаатар жанжны түүхийг бичсэн Лувсанноров гэж хүн бий. 1950 оноос эхлэн түүхийг судалж, Д.Сүхбаатарыг төрийн тэргүүн болсон, Ардын хувьсгалын анхдагч, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө явж байсан баатар гэдгээр нь алдаршуулахын зэрэгцээ түүний хамаатан садан,гарал үүслийг маш сайн судалсан номыг одоогоос 5-6 жилийн өмнө гаргасан байдаг. Тухайн үед Сүхбаатар жанжны садан төрлийн 300 гаруй хүн бий гэж тогтоосон. Ер нь Сүхбаатар аймгийн хоёр сум бүхэлдээ жанжны хамаатан садангууд байдаг гэж ярьдаг. Энэ үнэнийн ортой шүү дээ.
-Улаанбаатар хотод тань шиг ойрын талаас нь цусан төрлийн хамаатан нь байгаа юу. Жанжны ээж, аавын талаар эргэн дурсвал?
-Байгаа. Я.Сүхбаатар ээжийн аав Шүхэр гэдэг хүн долоо хүүхэнтэй байсны хамгийн бага нь Ханд. Монгол Манжийн дарлалд байх үед цагаан дээлт Дамдиных туйлын ядуу ардууд байсан. Тухайн үед цагаан дээлт Дамдин Хандтай суухын тулд Шүхэртийнд зарцлагдаж байсан гэдэг. Шүхэртийнх тэр үедээ л сэхээтэн, баян айл байж. Шүхэртийнд зарцлагдаж байхдаа Хандтай хайр сэтгэлийн холбоотой болж, Шүхэрт охиноо Дамдинтай суулгахгүй гэхэд нутгийн хэсэг залуус Дамдин, Ханд нарыг хоёр хүүгийнх нь хамт Богдын хүрээ буюу одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу оргуулсан гэж эмээ Янжмаа надад ярьж байсан. Дамдин цагаан мориндоо том хүү Дэндэвээ суулган хөтөлж, Ханд Аранжин хүүгээ аргандаа хийж үүрээд явган Нийслэлд ирсэн гэдэг. Тухайн үед Даваа мээрэн гэдэг хүнтэй танилцаж, тэрээр дөрвөн ханатай гэр эвлүүлж, хашаандаа буулгуулж байсан гэдэг. Дараа нь хуучны Амгаланбаатар хотод хоёр баганатай Дарь-эхийн сүмд Д.Сүхбаатар жанжин 1893 оны хоёрдугаар сарын 2-нд мэндэлсэн гэдэг./Одоогийн Амгалан/ Ханд гурван хүү дараалан гаргасан. Дамдинынх Дарь-Эхийн сүм хийдийн дэргэд амьдарч хүүхдүүдээ хоолтой залгуулж байсан. Туйлын ядуу амьдарч байсан учраас сүм, хийд бараадаж амьдарсан хэрэг л дээ. Д.Сүхбаатар жанжны мэндэлсэн нэг сонин түүх байдаг юм.
-Ямар?
-Улаанбаатараас зүүн урагшаа байсан Чулуутын аманд Ханд мод түүх гээд явж байхад гэнэт тэнгэр бүрхэж, бороо ормоор болсноо солонго татахад Ханд өвдөжД.Сүхбаатар жанжин төрсөн гэдэг. Түүхэнд энэ үзэгдлийг тайлж гойд хүн төржээ гэж тайлбарладаг. Үнэхээр цагаан дээлт Дамдины хүү Д.Сүхбаатар гойд хүн байсан. Сүхбаатар жанжин таван настайгаасаа Оросуудтай найзалж, орос хэлийг унаган хэл шигээ сурж, гэрийнхнийгээ хоолтой залгуулж байсан. Дараа нь 14 настайдаа Хужирбуланд Богдын морин өртөөнд цэргийн хүн болж, сүүлд Богдын цэргийн сумангийн дарга болсон гэж манай эмээ /Янжмаа/ амьд байхдаа ярьдаг байсан.
-Эмээ Янжмаа танд жанжны Ардын журамт цэрэг байгуулж байсан түүхийг ярьж байсан уу. Тэр дурсамжаас хуваалцаж болох уу?
-Болно. Эмээ маань амьд сэрүүн байхдаа олон сайхан дурсамж, түүхээ ярьсан. Анх надад Сүхбаатар жанжинтай хэрхэн танилцсан түүхээ ярьж байсан. Жанжин Сүхбаатар Янжмаа эмээтэй суух гэтэл Янжмаагийн өвөг аав Нэмэндэйн эсэргүүцсэн. Нэмэндэйн эсэргүүцлийг Сүхбаатар Янжмаа хоёрыг үл анзаарч, оргон Туулын хар шугуйд гэр барьж амьдрал зохиож байсан гэсэн.. Мөн Сүхбаатар жанжин тайж ноёд, харгис хэрцгий хүмүүстэй тэмцэж, ядуу буурай ард иргэдийг хамгаалахаар Ардын журамт цэргийг анхлан байгуулах санаачилгыг гаргаж, хэсэг хүмүүстэй нийлж бүлэг байгуулсан. Ингээд партизан, Хиагтыг чөлөөлөхөд хороон дарга байсан Тогтохтой ярилцаж хэсэг морьтой залуустай 3-4 хоногийн хүнсээ бэлтгээд гэрээсээ гарч, Ардын журамт цэрэг гэдгийг байгуулахаар гарсан ч бүтэлгүйтсэн, тэд эцэсдээ зорилгодоо хүрсэн. 1914 оны зун Хужирбулангийн цэргүүд хоолонд ялзарсан мах өгсний эсрэг шаардлага тавьж, эсэргүүцэн тэмцэж, ялж байсан. Хужирбулангийн цэргийн дотор феодалийн дарлалын эсрэг монголын ард түмний явуулж байсан нийтийн тэмцлийн эсрэг суман байгуулж, Д.Сүхбаатар даргаласан. Д.Сүхбаатар аль улс руу зорих уу гэдгээ шийдэж, ЗХУ-ыг зорьж Ленинтэй уулзсан гэж түүхэнд бичсэн байдаг. Эхлээд Хиагтад очиж Коминтерн намынхантай холбоо тогтоож байсан. Тэр үед эмээ Богдын хүрээнд үлдэж, хашаагаа зарж айлын дүнзэн байшинд долоо настай Галсан хүүтэйгээ үлдсэн гэсэн. Ардын журамт цэрэг, Оросын улаан армын байлдаанд Сүхбаатар жанжин дандаа өөрийн биеэр оролцож байлдаан бүрийнхээ тактикийг өөрөө боловсруулдаг байсан. Хэдийгээр ЗХУ-аас хүн томилогдож ирсэн ч Д.Сүхбаатар жанжны чадвартай тэнцэх хүн байдаггүй байжээ. Бүх зүйлдээ гарамгай, дайчин хүн байсан. Модон морь, бургас завчихдаа хэнийг ч дагуулдаггүй байсныг эмээ Янжмаа маань онцолж ярьдаг.

                /Д.Сүхбаатар жанжны гэргий Янжмаа, хүү С.Галсан, зээ хүү Ц.Хүрэлсүх, зээ Баярсайхан нар1960 он/
-Сүхбаатар жанжны гэргий Янжмаа Монголын анхны эмэгтэй удирдагчдын нэг. Түүний тухай яривал?
-Сүхбаатар жанжины гэргий Янжмаа нь Д.Нацагдорийн эхнэр Пагмадуламыг эс тооцвол Монголын анхны эмэгтэй удирдагч байсан. Эмээ жанжин Д.Сүхбаатарыг өөд болсны дараа овгоо нөрхийнхөө нэрээр сольсон. Монголд гурван сайн эмэгтэй Хөгсгөлд, Өмнөговьд, Сүхбаатарт бий. Гэхдээ манай Янжмаа эмээ шиг хувьсгалын үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Янжмаа эмээ Улсын Бага хурлын гишүүн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Эмэгтэйчүүдийн хорооны дарга хийж удирдах албанд ажиллаж ирсэн. Монгол Улсад анх цэцэрлэг гэдэг зүйлийг санаачлан байгуулж байсан түүхтэй. Цэргийн оёдлын үйлдвэр, нийтийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Янжмаа эмээ маань 69 насандаа нойр булчирхайн хорт хавдараар өөд болсон доо.
-Д.Сүхбаатар жанжны ганц хүү Галсангийн охин С.Наран гуайтай та уулздаг уу?
-Байнга уулзаж, холбоотой амьдардаг. Хамгийн ойр дотно харилцаатай байгаа хүмүүсийн нэг. Д.Сүхбаатар жанжны ач С.Наран эгч өдгөө 87 насыг зооглож байгаа бөгөөд Янжмаа эмээд улсаас өгсөн 40 мянгатын байранд амьдардаг. Наран эгч мөн өвөөгөөрөө овоглож ирсэн. С.Наран гуайн нэрт дипломатч М.Дүгэрсүрэнтэй ханилж, таван хүүхэд төрүүлж, энх тунх амьдарч байгаа.Д.Сүхбаатар жанжны гуч буюу Наран эгчийн хүүхдүүд болох Сүх-Эрдэнэ, Сүхжаргалмаа Сүхгэрэл нар бүгд мундаг боловсон хүчнүүд болсон. Жанжны үр хүүхэд, ач гучынх нь үр удам гээд Улаанбаатар хотод хамаатнууд олон бий ч зарим нь нийгэмд танигдаж, мэдэгдээгүй яваа. Гэхдээ миний насны болон надаас бага залуу насны хүмүүсийн ихэнхи нь бурхан болсон байна.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ?
-Манайх дөрвөн хүү, таван охинтой. Манай хань бид хоёр хоёулаа айлын ганц хүүхдүүд байсан. Манай хөгшин одоо мөн 80 хүрч байгаа. Манай хамгийн том хүү зэсвэгт хүчний салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Манай есөн хүүхдээс зургаа нь дээд сургууль төгссөн. Ач, зээ, зээнцэр нийлээд 30 дөхөж, өнөр өтгөн, энх тунх амьдарч байна. Миний бие ургийн бичгээ байнга хөтөлж, удмынхаа түүхийг бэлдэж явна. Ухаан саруул байгаа дээрээ зөвхөн Д.Сүхбаатар жанжны гэр бүлийн тухай түүхэн ном бичихээр бэлдэж байгаа. Жанжны тухай ном бичихэд МАН-ын Төв хорооноос туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байгаа. Жанжны ажил амьдрал, гэр бүл, газар усны талаар түүхэн баримтууд нэлээд бий. Сүхбаатар Жанжин бол Монгол Улс сүйрлийн эрмэг дээр байхад анхны долоо Монгол Улсыг аварсан. Монгол Улс 500 гаруйхан хүн амтай, хүн амынх нь олонхи бичиг үсэг тайлагдаагүй, цагаан толгойн үсгээ мэдэхгүй байсан үе. Ихэнхи иргэд шажин байсан учраас тангад үсгээр л бичиж, уншиж чаддаг байсан. Монгол Улс туйлын ядуу зүдүү амьдарч, цөөн хэдэн феодлууд байсан. Энэ хүнд үеийг давахад Сүхбаатар жанжны хувь нэмэр агуу. Үүнийг түүх ч баталдаг. Түүхтэй хэн ч маргалдахгүй, үгүйсгэхгүй. Түүх түүхээрээ л байх ёстой. Гэхдээ ганц Д.Сүхбаатар жанжны түүх биш бүхэл бүтэн улсын түүх шүү дээ. Улс гүрэн бүр түүхтэй байдаг. Түүхээ мэдэхгүй бол улс орон урагшаа явна гэж байхгүй.  

Ц.Хүрэлсүх 1960 он
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн