УИХ-ын дарга З.Энхболд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл дөрөв хоног ээлжит бус чуулган зарлан хуралдуулах захирамж гаргасан. Гэтэл гишүүдийн ирц хүрэлцэхгүй байгаа учраас ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй байгаа юм. Тус чуулганаар "Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц"-д нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм. Мөн Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт өөрчлөлтийн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан. Гэсэн хэдий ч ээлжит бус чуулганы ирэц хүрэлцэхгүй байгаа. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болон бие даагчид чуулганы хуралдаанд орж ирээгүй байна. Учир нь тус конивенцид нэгдэх нь Монгол Улс цөмийн болон цацрагт идэвхт бодисын хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлах гэж байна хэмээн үзэж байгаа учраас ээлжит бус чуулганы хуралдаанд суухгүй байгаа хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин АН-ын бүлэг өчигдөр хуралдаж олон улсын цөмийн аюулгүй байдлын конивенцид нэгдэн орох, конивенцийг соёрхон батлахаас гадна Засгийн газар Монгол Улс Бусад улсын ашигласан цацраг идэвхт бодис, түлш хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулж ирэхийг хориглох тухай хуулийн төслийг санаачлан өргөн барих чиглэл өгсөн. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын талаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.