Онлойн боловсролын платформ “TED-Ed”-ийн ээлжит хичээлийг хүргэж байна.
МЭӨ III зуунд Мезопотам хаад лааны тосон хавтанцар дээр зүүдээ тэмдэглэн тайлбарладаг байсан бөгөөд хэдэн мянган жилийн дараа эртний Eгипетчүүд зүүдний тухай түгээмэл зуун зүүдний тайллыг жагсаасан ном бичсэн байдаг. Тэр цаг үеэс хойш хүн яагаад зүүдэлдэг учрыг олох эрлээ хүн төрөлхтөн зогсоогоогүй юм.
Ингээд шинжлэх ухааны олон судалгаа, технологийн дэвшил, бас цөхрөлтгүй оролдлогын эцэст бидэнд баттай хариу байхгүй ч хэдэн сонирхолтой онол байна.
1900-аад оны эхэнд Зигмунд Фройдын үзсэнээр хар дарсан зүүд гэх мэт бүхий л зүүд бидний өдөр тутмын амьдралын дүр зургийн цуглуулга, бас бэлэгдлийн утга агуулгыг илтгэнэ гэжээ. Эдгээр нь бидний далд ухамсрын хүслийг гүйцэлдүүлэхтэй холбоотой юм. Фройдын үзэж байснаар сэрэх үедээ санаж байгаа зүүд бүхэн бидний далд ухамсрын бодол санаа, хүсэл эрмэлзлийг билэг тэмдгээр орлуулан харуулдаг. Тэдгээр дүрслэлд анализ дүгнэлт хийснээр далд ухамсрын агуулгыг нь нээн илрүүлж, тэдгээрээс үүссэн сэтгэлзүйн асуудлыг шийдэж болно гэж Фройд үзэж байв.
Тархины үйл ажиллагааг сайжруулахын тулд нойр хэрэгтэй ч унтаж байхдаа зүүдлэх нь бүр ч сайн. 2010 онд судлаачид нэгэн туршилт явуулжээ. Туршилтад оролцогчдыг түр дуг хийлгэхэд төөрдөг байшин зүүдэлсэн нэг нь гурван хэмжээст төөрдөг байшингаас гарах даалгаврыг дахин гүйцэтгэхдээ илүү сайн хийж байв. Тэр бүү хэл даалгаврын тухай зөвхөн сэрүүн үедээ бодсон хүмүүстэй харьцуулахад эдгээр хүмүүс 10 дахин сайн байсан аж. Мөн унтсан мөртлөө зүүдлээгүй хүмүүсээс ч 10 дахин илүү байжээ. Судлаачдын үзэж байгаагаар, ой тогтоолтын зарим үйлдэл биднийг зөвхөн унтаж байхад илэрдэг бөгөөд зүүдлэх нь эдгээр үйл явц болж байгаагийн илрэл юм.
Таны тархины бүтцэд 10.000 их наяд орчим мэдрэлийн холбоос өөр өөрийн үүргийг гүйцэтгэдэг. Таны бодож бас хийж буй бүх зүйлс тэдгээр холбоосыг бүтээдэг. Зүүдний тухай 1983 оны нейробиологийн онолд "үл сурах" тухай гардаг. Энэ нь биднийг унтаж байхад тархины шинэ бор хальс эдгээр холбоосыг шалгаж үзээд хэрэггүйг нь устгадаг тухай юм. Ингэж зүүдэндээ сурснаа мартахгүй бол таны тархи хэрэггүй мэдээллээр дүүрч, сэрүүн үедээ илүү сайн бодох хэрэгтэй байдал тэрхүү бодол санаа үймэрч огт хэрэггүй бодлууд таныг сатааруулж болзошгүй.
Үргэлжлүүлэн идэвхжүүлэх онолын хувьд тархиа зөв ажиллахын тулд мэдээллийг нэгтгэж, урт хугацааны дурсамж болгон хадгалах шаардлагатай учир хүн зүүдэлдэг. Таныг унтаж байхад гадны өдөөгчийн хэмжээ бууран тодорхой түвшинд хүрэхэд тархи дурсамжийн сангаас мэдээлэл гаргаж авах явцыг автоматаар эхлүүлж, эдгээр нь таны зүүдэнд сэтгэл хөдлөл, бодлын хэлбэрээр илэрнэ. Өөрөөр хэлбэл, таны тархи бүрэн унтралгүй түр амарч зүүдийг яг л компьютерын дэлгэц амраагч шиг ашигладаг гэсэн үг.
Аюул заналхийллээр дүүрэн зүүд зүүдлэх нь бидэнд түгээмэл тохиолддог. Адгууслаг зөн совинг давтах тухай онолд зүүдний агуулга нь түүний үүргийг тодорхойлдог. Ой модонд баавгайд хөөгдөх эсвэл харанхуй гудамд нинжатай тулалдах гэх мэт айдаст автсан зүүд нь үзэлцэх эсвэл зугтаах зөн совингоо хурцлахад тусалж бодит амьдрал дээр хэрэг болох үед таныг бэлтгэж байдаг. Гэхдээ энэ нь үргэлж таагүй зүүд байх албагүй. Жишээлбэл, дур булаам хөршийн чинь тухай зүүд нөхөн үржихүйн зөн совингийн бэлтгэл дасгал байж болно.
Тархин дахь стресс дамжуулагч мэдрэлийн эсүүдийн идэвх нойрны "РEМ" үед харьцангуй буурдаг бөгөөд сэтгэлд гэмтэй үйл явдлын тухай зүүдлэх үед ч идэвх сулардаг. Судлаачдын үзсэнээр, энэ нь хүнд хэцүү дурсамжийн хүчийг сулруулж сэтгэл зүйн хувьд эдгэрэхэд туслах ач холбогдолтой. Хүнд хэцүү дурсамжаа бага дарамттайгаар зүүдэндээ эргэн санахад болсон үйл явдлыг илүү бодитоор харж тэдгээрийг сэтгэл зүйн хувьд эрүүл аргаар шүүн тунгаахад тусална. Хүнд хэцүү үйл явдлын дараах стресс эсвэл сэтгэл хөдлөлийн аливаа өвчтэй хүмүүс ихэнхдээ нойргүйдэлд өртдөг ба зүүдлэхгүй байх нь өвчнийг нь улам дордуулдаг гэж зарим эрдэмтэд үздэг.
Бодит байдал, тогтсон логикийн хязгаарлалтгүйгээр таны бодол санаа асуудлыг бүрэн ойлгож, сэрүүн байхдаа төсөөлж ч байгаагүй, байж болох бүхий л шийдлийг зүүдэндээ бий болгодог. Жон Стайнбек үүнийг "зүүдний хороо" гэдэг ба зүүдлэх нь асуудал шийдэхэд сайн үр нөлөөтэй гэж судалгаагаар тогтоосон. Мөн түүнчлэн алдарт химич Август Kекуле бензол молекулын бүтцийг зүүдэндээ олсон бөгөөд ийм ч учраас заримдаа асуудлыг шийдэхэд "өглөө оройноос мэргэн" гэлцдэг.
Ингээд зүүдний тухай онолуудаас цөөн хэдийг нь тайлбарлалаа. Технологи хөгжиж тархийг бид илүү сайн судалж, нэг л өдөр яагаад зүүдэлдэг тухай баттай тайлбарыг олох байх. Харин тэр болтол зүүдэлж мөрөөдсөөр л байя даа.