Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Хүнсний ногоо тариаланчдын борлуулснаас 2-3 дахин өндөр үнээр хэрэглэгчдийн гарт хүрдэг

Хүнсний ногоо тариаланчдын борлуулснаас 2-3 дахин өндөр үнээр хэрэглэгчдийн гарт хүрдэг
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 13
Намрын налгар өдрүүд ирж шинэ ургацын, монголын хөрсөнд тарьсан жимс, хүнсний ногоо хаа сайгүй зарагдаж эхэлжээ. Нийслэлийн иргэд гэрээсээ гараад л тариаланчдаас нь хямд үнээр, чанартай, монгол ургацын ногоо худалдан авах боломжтой жилийн цөөхөн өдрүүд үргэлжилж байна.
Жил бүрийн намар шинэ ургацын ногоог хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх үүднээс “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдааг зохион байгуулдаг билээ. Тус худалдааг зохион байгуулснаар иргэд жимс, хүнсний ногоог заавал зах, худалдааны төв, дэлгүүрээс ахиу үнээр авах шаардлагагүй болсон. Энэ жил “Намрын ногоо өдрүүд”-ийн хүрээнд нийслэлийн 80 цэгт төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа. Түүнчлэн энэ сарын 15-аас Сүхбаатрын талбай, Барилгачдын талбайд хүнсний ногооны үзэсгэлэн өргөтгөсөн худалдаа гарах юм байна. Тариаланчдын гурван сарын хөдөлмөрийн үр шим болсон эх орны хөрсөнд ургасан хүнсний ногооны үнэ, жил бүрийн өдийд хамгийн доод цэгтээ хүрдэг. Өглөө эрт хөдөө орон нутгаас олон тонн төмс, хүнсний ногоо “Барс” худалдааны төвд буудаг. Өнөө өглөө тус худалдааны төвийг зорьсон юм. Энэ захын хажууханд хуучнаар авто вокзал байсан машины зогсоол дээр хүнсний ногоо ачсан ачааны машин олноор байлаа. 06.00 цагийн орчим гэгээ орж амжаагүй байхад л “Барс” захын наймаа эхэлчихсэн байх юм.

Биднийг очиход зарим хүн авч ирсэн ногоогоо бөөндөж дуусаад, машиныхаа хоосон тэвшин дээр тамхи татаад сууж байлаа. Арай оройхон ирсэн нэг нь ногоогоо боломжийн үнээр бөөндчих санаатай хөлсөө урсгаж зогсоно. Гэтэл ногооны ченжүүд “нэг шуудай лууван арван мянган төгрөг, тэрнээс дээш авахгүй ээ” хэмээн энэ үнээр зарвал зар, байвал бай гэсэн шиг зогсож байгаа нь харагдана. Нэг шуудайнд 40 кг лууван багтдаг гэхээр тариаланчид нэг кг лууванг 400 төгрөгөөр борлуулдаг гэсэн үг. Харин ногооны ченжүүд 700-800 төгрөгөөр иргэдэд зардаг. Ченжүүд тээврийн зардал ч үгүй нугалсан ашиг олоод сууж байхад, тариаланчидын хавар, зуны бүтэн зургаан сарын хөдөлмөрийн үр шим тэдэнд ч хэрэглэгчидэд ч шууд хүрч чадахгүй байгаа нь эндээс харагдсан юм. Намрын шинэ ургацын үеэр өглөө 05.40-09.00 цагийн хооронд ногооны ченжүүд хөдөөнөөс ирсэн ногоог авдаг юм байна.
“Барс” худалдааны төвд гол төлөв Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнбүрэн Баруунхараа, Зүүнхараа, Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланчид ногоогоо авчирч бөөнддөг аж. Нэг шуудай лууван арван мянга, нэг шуудай манжин 12 мянга, нэг шуудай төмс найман мянга, нэг кг байцаа 300, нэг кг сонгино 900-1000 төгрөгийн үнэтэй байлаа. Энд тариаланчдын хөдөлмөр 400 төгрөгөөр үнэлэгдэж байхад хүнсний захуудаар төмс 1кг нь 800 төг, лууван 1кг нь 1000 төг, супермаркетуудаар төмс, лууван 1кг нь 1300-1500 төг байх жишээтэй. Тэгэхээр тариаланч, хэрэглэгч хоёрын дунд 600-1100 төгрөг ченжүүдийн халаасанд орж байна гэсэн үг.

Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч Э.Баярбаатар “Бид сумаасаа нэг шуудай ногоог 2 мянга 500 төгрөгөөр ачуулж ирээд 10 мянган төгрөгөөр зарж байна. Үндсэндээ нэг шуудай луувангаа 7 мянга 500 төгрөгөөр худалдаж байна гэсэн үг. Ийм хямдхан үнээр ногоогоо зармааргүй байгаа ч банкны зээл, хүүхдийн сургалтын төлбөр гээд асуудал их байгаа учраас тэдний хэлж байгаа үнээр зарахаас өөр аргагүй байдаг. Гадуур үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тариаданчид ногоогоо өөрсдөө борлуулах боломж олдож байгаа ч энэ нь цөөхөн хэдэн хүнд л олдож байна. Үлдсэн нь хүйтэрэхээс өмнө тарьсан ногоогоо хямд ч гэсэн заръя л гэж боддог” гэв.
Улсын хэмжээнд мянга гаруй тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, хувь хүн байдаг. “Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар тариаланчид өөрсдөө төмс, хүнсний ногоогоо борлуулдаг болсноор ченжүүдээр дамжуулан хэрэглэгчдэд өндөр үнээр хүргэхгүй боломжийн үнээр худалдаалах боломж бүрддэг байна.
Үзэсгэлэн худалдаанд:
  • 1кг лууван 800 төг
  • 1кг манжин 1000 төг
  • 1кг төмс 500 төг
  • 1кг сонгино 1500 төг
  • 1кг байцаа 500 төгрөгөөр борлуулагдаж байна.
Үзэсгэлэн худалдаанд ногоогоо борлуулж байгаа Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын тариаланч “Би өмнө нь “Барс” зах дээр очоод л бүх ногоогоо бөөнддөг байсан. Хавар тавадугаар сараас эхлээд тариагаа тарьж, зуны гурван сар арчилж ургуулж, намар хурааж авсан ногоогоо хямдхан бөөндөхөд харамсмаар байдаг. Гэтэл биднээс хямд авсан ногоогоо зах, дэлгүүрүүдээр хоёр, гурав дахин үнэтэй зардаг байлаа. Харин үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг болсоноор боломжийн үнээр хэрэглэгчдэд ногоогоо хүргээд, үлдсэн ногоогоо бөөндөж байгаа” гэв.
Хэрэв хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зөвхөн Улаанбаатар хотод биш бусад хотуудад өргөн хүрээтэй зохион байгуулбал тариаланчид ногоогоо хямдхан бөөндөхгүй, хэрэглэгчид зах болон хүнсний дэлгүүрүүдээс ч хямд хүнээр худалдан авах боломжтой болно хэмээн тариаланчид хэлж байсан юм.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн