Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

​Хятад улс шинээр баригдах 85 нүүрсний цахилгаан станцын төслийг цуцалжээ

​Хятад улс шинээр баригдах 85 нүүрсний цахилгаан станцын төслийг цуцалжээ
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 17
БНХАУ агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнийхээ хүрээнд нүүрсний цахилгаан станцуудыг халж эхэлжээ. Тодруулбал, тус улсад шинээр барихаар төлөвлөж байгаа болон баригдаж байгаа 85 нүүрсний цахилгаан станцын төслийг цуцалсан байна. БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний газрын мэдээлснээр шинээр 85 нүүрсний цахилгаан станцыг ашиглалтад оруулах нь БНХАУ-ын өнгөрсөн жил баталсан 13-дугаар таван жилийн төлөвлөгөөтэй нийцэхгүй байгаа гэж үзсэн тул ингэж шийдвэрлэжээ. БНХАУ-ын 2020 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөнд зааснаар Хятад улс нүүрсний цахилгаан станцууд болон аж үйлдвэрийн халаалтын зуухнуудад эрчим хүч хэмнэх болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шинэчлэл хийхээр тусгасан байгаа юм.
Төлөвлөгөөнд дурдсанаар нүүрсний цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээг одоогийн хэмжээнээс бууруулж 1 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд 310 грамм стандарт нүүрс хэрэглэж байгааг 300 грамм болгоно хэмээн заасан байгаа аж. Ингэхдээ цэвэр эрчим хүчээр нүүрс, нефть зэргийг орлуулж, 130 сая тонн стандарт нүүрс хэмнэхээр төлөвлөжээ. Түүнчлэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлд хэрэглэж буй нүүрсний хэмжээг Хятадын нийт нүүрсний хэрэглээний 60 хувь болгох зорилт тавихаар тусгажээ. Ингэхдээ чанар муутай нүүрсээр галладаг цахилгаан болон дулаан үйлдвэрлэдэг станцуудыг халж, байгалийн хийгээр болон сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг төвлөрсөн халаалтын болон эрчим хүчний системд холбох замаар хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахаар төлөвлөсөн байна. 
Үүнээс гадна 2020 он хүртэлх төлөвлөгөөнд Хятад улс нүүрс угаах болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар нүүрсний чанарыг дээшлүүлэхээр заасан байгаа юм. Үүнд дурдсанаар Хятад улс 2020 он гэхэд нийт нүүрсний 80 хувийг боловсруулдаг болох юм. Хүхэр ихтэй, үнслэг өндөртэй нүүрсний борлуулалт, хэрэглээг Бээжин болон түүнийг тойрсон хотуудад бүрэн зогсоохоор заажээ. 
Мөн ирэх таван жилд Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт шинээр хоёр их наяд 500 тэрбум юанийн хөрөнгө оруулна. Сэргээгдэх эрчим хүчинд ус, салхи, нарны энерги, биомасс энерги, геотермийн эрчим хүч болон далайн эрчим хүч зэрэг багтаж байдаг. Хятадын Эрчим хүчний үндэсний газрын орлогч дарга Ли Янжэгийн танилцуулснаар 13-дугаар таван жилийн төлөвлөгөөний хугацаанд сэргээгдэх эрчим хүч нь Хятад улсын эрчим хүч, цахилгаан хангамжийн гол эх үүсвэр болох юм байна. Төлөвлөгөөний дагуу ирэх таван жилд Хятад улс салхины хүчний цахилгааны үнийг тухайн бүс нутгийн нүүрсний цахилгаан станцуудын цахилгааны үнэтэй ижил төвшинд барьж, нарны энергийн цахилгааны үнийг цахилгаан сүлжээний борлуулалтын үнэтэй адилхан болгох зорилтыг биелүүлэх аж. Энэ нь тус салбарт шинийг зохион бүтээх, техникийн дэвшилд түшиглэн хөгжих шинэчлэлийн эхлэл болно гэж үзэж байгаа юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн