Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Хэрэглэгчид дугаартайгаа шилжихдээ төлбөр төлнө

Хэрэглэгчид дугаартайгаа шилжихдээ төлбөр төлнө
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 23
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэглэгч гар утасны дугаараа солихгүйгээр өөрийн хүссэн оператор компаниа сонгон үйлчлүүлэх боломжтой болсон. Дугаартайгаа шилжих үйлчилгээ энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих байсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж чадаагүй байна. Учир нь дугаартайгаа шилжих үйлчилээнд хамрагдаж байгаа хэрэглэгчийн бүх мэдээллийг зөв зохистой зохицуулах, хэрэглэгч оператороо солиход дагаад мэдээллийг нь дамжуулж байх төв буюу “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төв” байгуулах хэрэгтэй аж. Одоогоор энэ үйл ажиллагааг явуулах байгууллагын сонгон шалгаруулалт явагдаж байгаа аж. Сонгон шалгаруулалт дууссаны дараа Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгарсан компанийг зарлаж, мэдээлэл өгөх аж. “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төв”-ийг байгуулахад 1-2 сая ам.доллар шаардлагатай юм байна.
Хэрэглэгч оператороо солиход тодорхой хэмжээний төлбөр төлөх юм. Одоогоор яг хэдэн төгрөгөөр оператороо солих боломжтой тооцоог гаргаагүй байгаа бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн компани өөрсдөө үнээ тогтоох юм байна. Өөрөөр хэлбэл “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төв”-ийг байгуулах, тус төвийн цаашдын санхүүжилтийг хэрэглэгчийн оператороо сонгох үйлчилгээний төлбөр, хураамжаас олох юм байна.
Хэрэглэгч дугаартайгаа шилжихдээ хэрэглэж байгаа оператор компанидаа хүсэлтээ гаргаад хасалт хийлгэсний дараа өөрийн сонгосон компанидаа бүртгүүлэх боломжтой юм байна.
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Зохицуулалтын албаны дарга Л.Гантулга “Ирэх ондоо багтаан дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ер нь олон улсын жишгээр энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхэд 6-24 сар шаардлагатай байдаг юм билээ. Энэ нь төлбөртэй үйлчилгээ. Тус үйлчилгээг хариуцан ажиллах “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төв” нь дугаартайгаа шилжих үйлчилгээ авч байгаа хэрэглэгчийн үйлчилгээний хураамжаас санхүүжнэ. Бизнесийн зарчмаар ашиг, алдагдлаа тооцоод сонгон шалгаруулалтад шалгарсан компани үнээ тогтооно. Тиймээс одоогоор хэдэн төгрөгөөр оператороо солихыг хэлэх боломжгүй байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлэх гол зорилго нь хэрэглэгчдийн чөлөөт сонголт хийх боломжийг нээлттэй болгох тухайлбал хэрэглэгч өөрийн хэрэгцээ, шаардлага хүсэл сонирхлоороо одоо ашиглаж буй дугаараас шалтгаалан ямар нэгэн хязгаарлалтад оролгүй сонголтоо хийх боломжтой байх, нөгөө талаар харилцаа холбооны зах зээлийн өрсөлдөөний орчинг шинэ шатанд гаргах боломжтой болох юм. Дугаартайгаа шилжих үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх талаар хэрэглэгчдийн дунд хийсэн санал асуулгаар нийт хэрэглэгчдийн 60 хувь нь дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн" гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн