УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. “Нэр өөрчлөхөөс өөр хийх ажил алга уу” гэж олон нийт шүүмжилж байгаа боловч ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Бурхан Халдун уулын нэрийг сэргээх асуудал энд яригдаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэжээ. Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршдог.Дэлхийн өвд багтах газруудыг сонгохдоо хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үндсэн үе шатуудыг тодорхойлж буй түүх, соёлын сонгодог обьект, шинжлэх ухаан байгаль хамгааллын үүднээс дэлхийн хэмжээнд үнэлж баршгүй ач холбогдолтой ховор амьтан, ургамал, тэдгээрийн амьдрах орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үздэг байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 364 дүгээр тогтоолоор Монгол төрийн тахилгат болон Монгол Улсын бүх цэргийн хар сүлдний тахилгат Бурхан Халдун хайрханыг Монголын ард түмний сүлд, хийморийн бэлэгдэл болгон “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилсөн.
Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм. Их Монгол Улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг Монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон юм. Мөн Бурхан Халдун уулыг 12 дугаар зууны үед Монголын эртний хууль цаазын бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон билээ.
Нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад шинжээчдийн хувьд Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүйг онцолж байсан. Иймд Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361.5 метрт орших Хэнтий Хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж Засгийн газраас үзжээ.