Манай улсад 2013 оны байдлаар нийт 552 хэвлэл мэдээллийн байгууллга үйл ажиллагаа явуулж байсан байна. Үүнийг төрлөөр нь задалбал, 1356 сонин, 99 сэтгүүл, 166 телевиз, 84 радио, цахимаар 68 сайт үйл ажиллагаа явуулжээ. Өнгөрсөн онд энэ тоо өссөн үү л гэхээс буураагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо эрчимтэй өсч байгаагийн цаана мэргэжлийн сэтгүүлзүйн зарчим, бүтээгдэхүүний чанар хангалтгүй байгааг судлаач, шинжээчид шүүмжилсээр байгаа. Одоо мөрдөж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг илүү боловсронгуй, нарийн зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж УИХ-ын гишүүн М.Батчимэг дээрх хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Энэ хаврын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэнэ
Шилээ даран гарч ирж байгаа телевиз, сонин, сэтгүүл, сайт байгуулагдаж байгааг үгүйсгээгүй. Харин энэ хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн эрчимтэй өсч байгаа тооны ард хараат бус байдал алдагдаж, чөлөөт хэвлэл, мэргэжлийн сэтгүүл зүйн орон зай хумигдах эрсдэлтэй байна гэж хууль санаачлагчид үзсэн байна. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь сонин, телевиз, сайт нээж мэргэжлийн шаардлага стандартад нийцэхгүй мэдээ мэдээллийг мэдээлдэг болсон гэсэн үг. Олон нийт хэвлэл мэдээллийн байгууллагаас үнэн зөв, бодитой мэдээллийг авах ёстой. Гэтэл өнөөдөр Монголд хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн чанаргүй тоо л өсч, олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх асуудал алдагдаж байгаа билээ.
Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд төрийн эрх бүхий албан тушаалтангууд хөндлөнгөөс оролцох, өөрсдийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах, эсвэл өөрсдийн буруутай үйлдлийг нуун дарагдуулах шаардлага тавих, эх сурвалжаа илчлэхийг албадах хандлага эрс нэмэгдэж байгааг судалгаагаар гаргасан байна. Үүнийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага хэн нэгний эдийн засгийн нөлөөнд орж, хараат бус байдлаа алдах аюулыг нэмэгдүүлнэ гэж тайлбарласан байна. Тухайн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн ёс зүйн шаардлагад нь нийцэхгүй байсан ч их хэмжээний төлбөр авч мэдээ мэдээллийг нэвтрүүлж эцэстээ ивээн тэтгэсэн харилцагчдын эдийн засгийн нөлөөнд орж, тэдний хараад байдалд орох явдал хүрээгээ тэлж байгаа нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах нэг шалтгаан болж буй. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч нь хөрөнгө оруулагч, эздийнхээ шууд нөлөөлөлд ажиллаж зөвхөн нэг талыг барьсан мэдээ мэдээллийг олон нийтэд цацаж түгээж байгаа мэдээллийн тэнцвэртэй байдал, сэтгүүл зүйн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүйн зарчмыг үл ойшоох хандлага даамжирч, нийгэмд олон сөрөг үр дагаврыг учруулж болзошгүй байгаа юм. Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд зарчмын гурван өөрчлөлтийг тусгасан байна.
Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нь редакцтай сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах гэрээ байгуулж ажиллахаар хуулийн төслөөр зохицуулж байгаа ажээ. Редакц нь сэтгүүлчтэй байгуулах хөдөлмөрийн гэрээгээр мэргэжлийн хараат бус байдлыг хангах, ёс зүйн дүрмийг мөрдүүлэх асуудлыг зохицуулахаар оруулсан байна. Харин нийтлэл нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгчийн зүгээс редакцийн мэргэжлийн хараат бус байдал, нийтлэлийн бодлогод нөлөөлөхийг хуулийн төсөлд хориглосон байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч сэтгүүл зүйн зарчим, ёс зүйн дүрэмдээ захирагдаж ажлаа хийх нөхцөлийг хуулиар бүрдүүлж байгаа ажээ.
Төрийн байгууллагатай хийсэн гэрээ хэлэлцээрийг ил тод болгоно
Төрөөс аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг цагдан хянах, нийтлэлийн бодлогод нөлөөлөх, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаал бий болгох, түүнийг санхүүжлэх болон эрх чөлөөг нь хязгаарласан дүрэм журам гаргахыг хуулийн төсөлд хориглохоор заажээ. Мөн төрийн байгууллага, албан тушаалтны хэвлэл мэдээллийн байгуулагатай байгуулсан хамтын ажиллагааны аливаа гэрээ хэлэлцээр олон нийтэд ил тод байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хэвлэлийнхэн улс төрчдийн нэрлээд байдаг “хаалтын гэрээ” гэдэг зүйл байхгүй болгож, Шилэн дансны системд хамааруулна гэсэн үг.
Засгийн газар Монгол Улсын тухай мэдээ, мэдээллийг гадаад хэлээр олон улсад түгээх, сурталчлах зорилгоор төр хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулж эзэмшиж болно. Харин бусад тохиолдолд төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллага байгуулах, эзэмшихийг хориглосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчид ил тод, нээлттэй байж, ТУЗ, болон хувь нийлүүлэгчдийн гишүүдэд өөрчлөлт орох бүрт олон нийтэд мэдээллэх үүрэгтэй гэж хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар эзэнтэй байна гэдгийг ил тод зарлана. Мөн тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэл материалыг олон нийтэд хүргэхдээ ялгах тэмдэглэгээ хэрэглэж, ивээн тэтгэсэн, төлбөр төлсөн иргэн, хуулийн этгээдийн нэрийг нийтлэх үүрэг хүлээх юм байна. Өөрөөр хэлбэл, дурын нэг сонин төлбөртэй материал сониныхоо нүүр, талбайд тавих гэж байгаа бол хэний захилгаар хэн гэж сэтгүүлч хийж байгаа гэдгийг тавьж, төлбөртэй гэж бичиж нийтэлнэ гэсэн үг.
Хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалтын байгууллагатай байх бөгөөд энэ үүргийг үндэсний хэмжээнд Хэвлэлийн зөвлөл гэх байгууллага гүйцэтгэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Манай улс өнгөрсөн онд Хэвлэлийн зөвлөл байгуулсан. Хэвлэлийн зөвлөлийн гол чиг үүрэг нь мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотой өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэн хуулийн этгээдийн хооронд эвлэрүүлэн зуучлах байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Тус зөвлөлийн шаардлагатай нийт санхүүжилтийн 60 хувийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн татвар, хандиваас, үлдсэн 50 хувийг төсвөөс хувиарлахаар зохицуулжээ.
Сэтгүүлч ямар нөхцөлд эх сурвалжаа ил болгох вэ
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй. Харин сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг шүүх хэд хэдэн нөхцөлд түдгэлзүүлж болохоор заасан байна. Шүүхээс сэтгүүлч эх сурвалжаа нууцалснаар хүний амь нас, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд бодит хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд ил болгож болно. Мөн тухайн гэмт хэргийг сэтгүүлчийн нууцалсан эх сурвалжаас өөр арга замаар нотлох боломжгүй болох нь тогтоогдсон үед эх сурвалжаа ил болгоно гэж Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд заажээ
2014 оны …дүгээр Улаанбаатар хот сарын ...-ны өдөр
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэний үнэн бодит мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хараат бус, хариуцлагатай, олон ургальч хэвлэл мэдээллийн салбарыг төлөвшүүлэхэд чиглэнэ.
2 дугаар зүйл.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж
2.1.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж мэдээлэл хайх, цуглуулах, боловсруулах, нийтлэх, нэвтрүүлэх зэрэг сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэгсонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хэвлэлийг;
3.1.2.“хэвлэл мэдээллийн байгууллага” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;
3.1.3.“мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрх” гэж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл өгсөн, дамжуулсан эх сурвалжаа аливаа гуравдагч этгээдэд илчлэхгүй байх эрхийг;
3.1.4.“хэвлэл мэдээллийн байгууллагын редакц” гэж хэвлэл мэдээллийн байгууллагын олон нийтэд түгээх мэдээллийн бодлого, агуулгыг тодорхойлж буй нэгжийг;
3.1.5.“сэтгүүлч” гэж хэвлэл мэдээллийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр, бүтэн болон хагас цагаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг, редакцийн эрхлэгч, сурвалжлагч, зураглаач, фото сурвалжлагч, тоймч, тайлбарлагч, мэдээний найруулагч, хөтлөгч, эвлүүлэгчийг;
3.1.6.“цагдан хянах” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх, нэвтрүүлэх мэдээллийн агуулгыг хянах, хөндлөнгөөс нөлөөлөх аливаа үйл ажиллагааг;
3.1.7.“өөрийн зохицуулалт” гэж хэвлэл мэдээллийн салбар сайн дурын үндсэн дээр мэргэжлийн хэм хэмжээгээ тогтоож, тэдгээрийг даган мөрдөхөд чиглэсэн үйл ажиллагааг.
Хэвлэл мэдээллийн хараат бус байдлын баталгаа
4.1.Монгол Улсын иргэн бүр үндэс, угсаа, хэл, соёл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг баримжаа, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашиншүтлэг, үзэл бодол, боловсрол, ял шийтгүүлсэн байдлыг үл харгалзан үзэл бодлоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй илэрхийлэх, хуульд заасан журмын дагуу хэвлэл мэдээллийн байгууллага байгуулах, эрхлэх эрхтэй.
4.2.Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээ, мэдээллийг хайх, хүлээн авах, хадгалах, боловсруулах, нийтлэх, нэвтрүүлэх зэрэг сэтгүүл зүйн үйл ажиллагааг хуулийн хүрээнд хараат бусаар, чөлөөтэй эрхэлнэ.
4.3.Хуульд зааснаас бусад үндэслэлээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлахыг хориглоно.
5 дугаар зүйл.Төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах
5.1.Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийг цагдан хянах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаал бий болгох, санхүүжүүлэхийг хориглоно.
5.2.Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад үндэслэлээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан дүрэм журам гаргах, цагдан хянах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
5.3.Төрийн байгууллага, албан тушаалтны хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой зардал, хэвлэл мэдээллийн байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны аливаа гэрээ хэлэлцээрийг Шилэн дансны[2] тухай хуульд заасны дагуу олон нийтэд ил тод мэдээлнэ.
5.4.Засгийн газар Монгол Улсын тухай мэдээ, мэдээллийг гадаад хэлээр олон улсад түгээх, сурталчлах үйл ажиллагаа эрхэлдэг мэдээллийн хэрэгсэлтэй байж болно. Үүнээс бусад тохиолдолд төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллага байгуулах, эзэмшихийг хориглоно.
6.1.Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нь редакцтай сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах гэрээ байгуулж, байгууллагын дотоод дүрэм, журамд тусгах үүрэг хүлээнэ.
6.2.Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц сэтгүүлчийн мэргэжлийн хараат бус байдлыг хангах, сэтгүүлчийн ёс зүйн дүрмийг мөрдүүлэх асуудлыг сэтгүүлчтэй байгуулах хөдөлмөрийн гэрээнд тусгана.
6.3.Нийтлэл, нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгчийн зүгээс редакцийн мэргэжлийн хараат бус байдал, нийтлэлийн бодлогод нөлөөлөхийг хориглоно
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖИЙГ НУУЦЛАХ ЭРХ
7 дугаар зүйл. Мэдээллийн эх сурвалжийн нууцлал
7.1.Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийн эх сурвалжаанууцлах эрхтэй.
7.2.Сэтгүүлчийн тухайн хэрэгтэй холбоотой эх сурвалжаа нууцлах эрхийг дараах нөхцөлд шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлж болно:
7.2.1.хүний амь нас, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд бодит хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзсэн;
7.2.2.тухайн гэмт хэргийг өөр арга замаар нотлох боломжгүй болох нь тогтоогдсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал, хариуцлага
8 дугаар зүйл.Хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал
8.1.Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчийн овог нэр, тэдний эзэмшиж буй хувь хэмжээ, тэдгээрийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод байлгах үүрэгтэй.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан аливаа этгээд хэвлэл мэдээллийн байгууллага дахь хувь эзэмшлээ нуун дарагдуулах, бусдын нэрийг ашиглан улсын бүртгэл хуурамчаар үйлдэхийг хориглоно.
8.3.Хэвлэл мэдээллийн байгууллага иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын захиалгаар төлбөртэй мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг түгээх бол “төлбөртэй” гэсэн ялгах тэмдэглэгээ хэрэглэж, ивээн тэтгэсэн, төлбөр төлсөн иргэн, хуулийн этгээд, мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлч, уран бүтээлчийн нэрийг дурдана.
9 дүгээр зүйл.Хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх хариуцлага
9.2.Өөрсдөө бэлтгэн түгээсэн мэдээлэлтэй холбогдон үүссэн хариуцлагыг хэвлэл мэдээллийн байгууллагын редакц хүлээнэ. Зар сурталчилгаа, сонгуулийн сурталчилгаатай холбоотой маргааныг холбогдох хуулиар зохицуулна.
9.3.Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага аливаа этгээдэд тодорхой мэдээлэл нийтэлж, нэвтрүүлэхээр дарамт, шахалт үзүүлэх, нийтэлсэн болон нийтлээгүйн төлөө төлбөр, шан харамж авах, ийм оролдлого хийхийг хориглоно.
Хэвлэл мэдээллийн САЛБАРЫН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
10 дугаар зүйл.Хэвлэлийн зөвлөл
10.1.Хэвлэл мэдээллийн салбар сайн дураар үүсгэн байгуулсан өөрийн зохицуулалтын байгууллагатай байна. Өөрийн зохицуулалтын байгууллагын үүргийг Хэвлэлийн зөвлөл гүйцэтгэнэ. Хэвлэлийн зөвлөл үндэсний хэмжээнд нэг байна.
10.2.Хэвлэлийн зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.2.1.сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагаас түгээсэн аливаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотой өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;
10.2.2.сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн хооронд эвлэрүүлэн зуучлах;
10.2.3.хэвлэл мэдээллийн салбарт мөрдөх ёс зүйн нийтлэг дүрмийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийх, холбогдох зөвлөмж гаргах;
10.2.4.хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд жил тутам үнэлгээ хийж, холбогдох байгууллагуудад санал, дүгнэлт, шаардлага хүргүүлэх.
11 дүгээр зүйл.Хэвлэлийн зөвлөлийн санхүүжилт
11.1.Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
11.1.1.шаардлагатай нийт санхүүжилтийн 60 хувийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын татвар, хандиваас;
11.1.2.үлдсэн 40 хувийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
11.2.Хэвлэлийн зөвлөлд төрөөс олгох санхүүжилтийг хуваарилахдаа тухайн жилийн төсвийн төсөл, өмнөх жилийн төсвийн зарцуулалтад аудитын байгууллагын хийсэн дүгнэлтийг хянан үзнэ. Төрийн байгууллага, албан тушаалтан Хэвлэлийн зөвлөлд санхүүжилт олгох болон олгосонтой холбоотойгоор үйл ажиллагаанд нь аливаа хэлбэрээр хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
11.3.Хэвлэлийн зөвлөл үйл ажиллагааны болон аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангаа жил тутам олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
12 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
12.1.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэл ногдуулна:
12.1.1.энэ хуулийн 4.3, 5.1-5.4, 11.2 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдвол тухайн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулна;
12.1.2.энэ хуулийн 6.1-6.3, 8.1, 8.2, 8.3, 9.1-9.3, 11.3 дахь заалтыг зөрчсөн бол зөрчил гаргасан иргэнд таван зуун мянгаас нэг сая хүртэл хүртэл төгрөгийн, хуулийн этгээдэд нэг саяас гурван сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулна;
13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
13.1.Энэ хуулийг ..... оны ... дугаар сарын .... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.