БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн шадар туслах Лин Жихуаг намаас нь хөөжээ. Түүнийг хээл хахууль авч, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ. 2012 онд түүний хүү "Ferrari" машинтай явж байгаад хурдны зам дээр амиа алдсан юм. Хятадын төрийн албаныхан тансаг зэрэглэлийн машин, эд хэрэглэл хэрэглэх нь хориотой байдаг билээ. Энэ явдлын дараа Лин Жихуагийн албан тушаалыг бууруулж, авлигын эсрэг кампанит ажлын хэсгийнхэн түүнийг анхааралдаа авч, мөрдөж эхэлсэн юм. Тэрээр энэ оны хоёрдугаар сарыг хүртэл Хятадын улс төрийн зөвлөлдөх Үндэсний хорооны дэд даргаар ажиллаж байжээ. Хятадын коммунист намын Сахилга батын хороо өнгөрсөн арванхоёрдугаар сард Лин Жихуагийн тухай хавтаст хэрэг үүсгэн шалгалт хийхээр болсноо зарласан юм. Харин Намын удирдлагуудын хурал өчигдөр болж түүнийг Коммунист намаас хөөх шийдвэр гаргажээ. Түүнийг намаас хөөх тухай шийдвэрт "Сахилгын ноцтой зөрчил гаргасан" хэмээн бичжээ. Лин Жихуа нь албан тушаалын давуу талаа ашиглан гэр бүл болон өөртөө их хэмжээний мөнгө завшсан, хээл хахууль авсан хэргээр байцаагдаж байгаа аж. Түүний ах Лин Женце өнгөрсөн зургадугаар сард авлигын хэргээр баривчлагдсан байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд тус улсын томоохон албан тушаалтнууд баригдан, зохих ялаа эдэлж байгаа юм. Түүний дотор, өнгөрсөн сард Дотоодын аюулгүй байдлын дарга Жоу Юнкан авлига авсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонсож, эдэлж эхлээд байгаа билээ.
Жоу Юнкан 2010 онд улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн байх үеийн зураг болон өнгөрсөн зургадугаар сард ял сонсож байх үеийн харьцуулсан зураг
Түүнчлэн өнгөрсөн жил эдийн засгийн дээд албан тушаалтан Лю Тиенан хээл хахууль авсан нь тогтоогдож бүх насаараа шоронд хоригдох ял эдэлж байгаа юм. Шүүмжлэгчид Си Зиньпиний авлигын эсрэг кампанит ажил үр дүнгээ өгч байгаа ч энэ нь түүний улс төрийн өрсөлдөгчдөө замаасаа холдуулах гэсэн оролдлого хэмээн үздэг билээ.