Open iToim app
Эрх зүй | 3 мин уншина

​Хууль бус сурталчилгаа явуулбал иргэн, хуулийн этгээдэд ийм хариуцлага хүлээлгэнэ

​Хууль бус сурталчилгаа явуулбал иргэн, хуулийн этгээдэд ийм хариуцлага хүлээлгэнэ
Нийтэлсэн 2017 оны 6 сарын 5
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа орон даяар маргааш эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд заасан хууль бус сурталчилгаа явуулбал иргэн, хуулийн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх заалт орсныг эргэн сануулж байна.
Нэг. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараах, эдийн бус зүйл өгөх, өрсөлдөгчөө гүтгэн доромжилсон буюу Сонгуулийн хуулийн 70.1-д заасныг зөрчсөн бол
А. Иргэнийг 240 мянган төгрөгөөр
Б. Хуулийн этгээдийг 2.6-3.8 сая төгрөгөөр
В. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанг 1.6-1.9 сая төгрөгөөр торгоно.
Хоёр. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараах, аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно. Дээрх заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд доор дурдсан торгууль ногдуулна. 
А. Хуулийн этгээдийг 2.6-3.8 сая төгрөгөөр
Б. Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтанг 1.6.-1.9 сая төгрөгөөр торгоно.
Гурав. Хуурамч мэдээлэл тараах, нэр дэвшигчийг гүтгэн доромжилсон, нэг талыг баримталсан бүх төрлийн мэдээлэл гаргах, нэр дэвшигчийг дарамталж гэрээ байгуулсан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6 сараар түдгэлзүүлнэ.
Дөрөв. Цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараасан бол тухайн цахим хуудасны хандалтыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо 6 сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.
Тав. Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараах, Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хугацаанд гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн зөвлөгөө, тусламж, дэмжлэгийг шууд болон шууд бусаар хүлээн авах, Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэх, Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд тэдгээрийн нэрийн өмнөөс хууль бус сурталчилгаа хийсэн бол
А. Нэр дэвшигч, нам, эвслийг5.0-6.2 сая төгрөгөөр
Б. Сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчдыг.6-1.9 сая төгрөгөөр торгоно.
Дараах зүйлсийг хориглоно!!!
  • Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар хуурамч буюу худал мэдээ, мэдээлэл тараасан, нийтэлсэн, цацсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол сонгуульд зарцуулсан хөрөнгийг нь гэм буруутай этгээд нөхөн төлнө.
  • Дахин болон нэмэлт санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.
  • Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулахыг хориглоно.
  • Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хугацаанд гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн зөвлөгөө, тусламж, дэмжлэгийг шууд болон шууд бусаар хүлээн авахыг хориглоно.
  • Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг мөн хориглоно.
  • Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд тэдгээрийн нэрийн өмнөөс хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн