Open iToim app
Эрх зүй | 2 мин уншина

​Хурандаа Г.Эрдэнэбаатар: 80052 жолоочийн эрхийг сэргээлээ

​Хурандаа Г.Эрдэнэбаатар: 80052 жолоочийн эрхийг сэргээлээ
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 24
ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг томилжээ. Ажлийн хэсгийн хариуцсан ажил ямар явж байгаагНийтийн хэв журам хамгаалах албаны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Эрдэнэбаатараас тодрууллаа.
-Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулсан. Ингээд 2015 оны долдугаар сарын 2-ны өдрийн 24.00 цагаас өмнө үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагчийн болон эрүүгийн хэргийн нэгдсэн тоо судалгааг гаргаж хэрэгсэхгүй болгох, захиргааны хяналтыг зогсоох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээдийн жолоодох эрхийг сэргээх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг эхлүүлээд байгаа.
-Одоогийн байдлаар хэдэн жолоочийн эрхийг сэргээгээд байна?
-Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан давхардсан тоогоор 81451 жолоочийн мэдээллийг жолоочийн мэдээллийн сангаас шүүсэн. Одоогоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь сэргээсэн 80052 жолооч байна.
-Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв иргэдэд хэр шуурхай үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Лицензийн төвийн бие бүрэлдэхүүн энэ сарын 7-ноос 18-ны өдрийг дуустал 08.00-19.30 хүртэл уртасгасан цагаар иргэдэд үйлчилсэн. Харин энэ сарын 21-ний өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх болон жолоочийн түр зөвшөөрөл олгож, тус төвийн санд хадгалагдаж байсан 22 мянган ширхэг үнэмлэхийг буцаан олгох ажлыг зохион байгууллаа. Үүнээс 8751 жолоочийн үнэмлэхийг буцаан олгосон. Мөн эрх нь сэргээгдсэн 18644 иргэнд түр зөвшөөрөл, 9130 жолоочийн үнэмлэхийг шинээр хэвлэн олгоод байна. Орон нутгийн Замын цагдаагийн тасгаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргээгдсэн иргэдийн 8215 үнэмлэхийн материалыг хүлээн авч, хэвлэн олгох ажлыг зохион байгуулж байна.
-Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж захиргааны хяналтад байгаа иргэдийн асуудал ямар байдалтай байна вэ?
-Хуульд хамрагдаж, Захиргааны хяналтыг зогсоох иргэдийн судалгааг урьдчилсан байдлаар гаргасан. Одоогоор харьяа хяналтын прокурортой тулгалт хийх ажил улсын хэмжээнд явагдаж байна. Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байгаа тухай хандсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, захиргааны хяналтыг зогсоох ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.
-Өршөөлд хамрагдсан иргэдэд цагдаагийн байгууллагын зүгээс ямар сэрэмжлүүлэг хүргэх вэ?
-Төрөөс хайр ивээл, энэрэнгүй ёсны зарчмаа дээдлэн иргэддээ өршөөл үзүүллээ. Өршөөгдөж буй иргэд та бүхэн төрийнхөө хайр энэрэлийг дааж, иргэнийхээ үүргийг биелүүлж, ёс зүйтэй аж төрж, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс болгоомжлон нийгмийн амьдралын бүтээлч талд өөрийн иргэний үүрэг оролцоог ухамсарлаж, сайн сайхан аж төрөх болтугай гэж бид хүсч байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн