Манай улсын хэмжээнд төвлөрсөн 25 хорих анги байгаа. Гяндан, онцгой дэглэмтэй тус бүр нэг, чанга, жирийн тус бүр 11 хорих анги байгаагаас гадна баривчлах ял эдлүүлэх нэг ангитай. Уг нь нийт 5491 ялтны багтаамжтай эдгээр шоронд одоогоор 6700 хүн ял эдэлж байгаа гэсэн тоо байдаг ажээ. Хууль зүйн яамныхан эдгээр 25 хорих ангийг гурав болгож цөөлөхөөр төлөвлөж байгаа юм байна. Төрөх эмнэлэг, сургууль барья гэхээр мөнгөгүй, газаргүй хэмээн шалтаглаж төсвийг нь унагадаг засаг, төр шорон барина гэхээр хөдлөх нь юу л бол. Гэхдээ асуудлыг өөрөөр харж, төвөөр сэтгэвэл гурван шоронтой болсон нь дээр мэт. Ямар ч асуудал хоёр талтай. 6700 ялтан орговол яах вэ. Эсрэгээр хорих ангиудыг төвлөрүүлснээр ямар эдийн засгийн, нийгэм сэтгэл зүйн эерэг зүйлийг бий болгох вэ. Энэ талаар мэдээлэл цуглууллаа.
Хоригдолтой “хоригддог” хүүхдүүд
Хилийн боомт, хороодод ажиллаж байгаа гаалийн ажилтнуудын 60 хувь нь ганц бие, эсвэл гэр бүл нь салсан байдаг. Энэ үгийг саяхан ГЕГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга хэлсэн. Тушаалаар ажилладаг төрийн тусгай албан хаагч байх хэцүү юм даа гэж зарим нь бодож магадгүй. Тэгвэл алс хөдөөгийн шоронд алба хааж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн амьдрал үүнээс хэцүү. Яагаад гэвэл, хорих ангид зөвхөн ялтнууд байдаггүй. Шоронгийн хянагч, төлөөлөгч нарыг Сэлэнгээс Баян-Өлгий аймаг руу томилбол явахаас аргагүй. Тэд гэр бүлээ, үр хүүхдээ аваад л эзгүй буйд хорих ангидаа эсвэл хажууд нь гэр бариад амьдарна. Алслагдмал зургаан шоронгийн 550 албан хаагч яг ийм байдлаар аж төрж байгаа юм байна. Харин тэдний 850 орчим хүүхэд хорих ангийн хашаанд тоглож явна. Цэцэрлэгтээ дуу, шүлэг сураад гүйж явах насаа хүмүүжигч нарын хажууд өнгөрүүлж байгаа юм.
Нөгөө талаар, алс хөдөөгийн шоронд томилогдож очсон алба хаагчийн эхнэрт ажил олдохгүй. Мал маллах уу эсвэл шоронгийн үйлчилгээний ажилтан болж шал угааж, төмс арилгах уу гэсэн сонголт үлддэг ажээ. Хуулиараа төр нь ажлын байраар хангах ёстой, эсвэл нийгмийн даатгалыг нь төлж байх ёстой ч биелэж байгаагүй гэнэ. Үүнээс болж олон залуу гэр бүл салсан жишээ бий. Гэр бүлээ тогтвортой байлгах, үр хүүхдээ сайхан орчинд сургах нь хүн бүрийн л толгойд бодогддог асуудал. Гэвч халхаар нэг тарааж, тэр дундаа төв суурин газраас холдуулсан хорих ангиудад эдгээр мөрөөдөл, бодол биелэхгүй. Энэ бүхэн албан тушаалтнууд бус жирийн албан хаагчид тохиолддог зовлон учраас хэн ч ойлгохыг хүсэхгүй байгаа юм.
Төрөөр тэжээлгэдэг хүмүүс
Бусдын эрхэнд халдаж, бусдыг хохироосон бол ял зэмээ хүртэх учиртай. Гэвч онц аюултай гэмт хэрэг үйлдсэн хүмүүс төрөөр тэжээлгээд хэвтэж байна. Манай улсад бол онцгой, гяндан, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа бол ажил хөдөлмөр эрхэлж, хоногийн шагнал, багахан цалин авах боломжгүй байдаг. Гэтэл бусад улсын хорих ангид ял шийтгүүлсэн л бол төрд, бусдад учруулсан хохирлоо ажил хөдөлмөр эрхлэх замаар барагдуулах, хагаслах ёстой байдаг ажээ. Хорих ангийн ялтнууд төрийн албаны хэрэгцээнд шаардлагатай хувцас хэрэглэл, нэрийн хуудас, дугтуй, гутал зэргээс авахуулаад сайд дарга нарын өрөөнд байрлуулдаг сандал, ширээ, шүүгээ, номын тавиурыг ч үйлдвэрлэдэг. Гэтэл манай улсад жирийн дэглэмд ял эдэлж байгаа хоригдлууд чулуу буталдаг, барилга дээр ажилладаг, даргын машин угаадаг.
Хэрвээ 25 хорихын нэгтгэж гурван төвлөрсөн хорих ангитай болвол эдийн засгийн өндөр чадамж, үр ашигтай үйлдвэрлэлийн хотхоныг тэнд байгуулж болох юм. Дугтуй, нэрийн хуудас үйлдвэрлэхээс авахуулаад оёдлын цех, гар урлал, техник технологийн үйлдвэрлэлийг хорих ангийн ялтны тусламжтай хөгжүүлж болно. Хоригдлуудад мэргэжил эзэмшүүлж, сургаж, ажил хийлгэснээр тэднийг нийгмийн харилцаанд суралцуулж, багаар, хамтаар ажиллжжлах нь бусадтай эв түнжинтэй байх чухал ажил болно. Олон жил ганцааранг нь өрөөнд хорьж, төрийн мөнгөөр тэжээснийгээ “хүмүүжүүлсэн, нийгэмшүүлсэн” гэж үздэг цаг ард хоцорчээ. Хоригдлуудын хүчээр бага зардлаар ихийг бүтээх боломж байна.
25 хорих ангийн барилгыг, газрыг хувьчилна
Албадан хөдөлмөр эрхлүүлэх гэдэг асуудлыг хүний эрхийн байгууллагууд их ярьдаг. Манай улс саяхныг хүртэл ялтнаар албадан хөдөлмөр эрхлүүлсээр иржээ. Өнөөдөр шохойн ордыг түшиглэж Мааньтын хорих ангийг байгуулсан. Жоншны ордоос олборлолт явуулахын тулд Чойрт хорих анги барьсан. Хөвсгөлд нүүрс олборлохын тулд шорон байгуулсан. Чулууны үйлдвэрийг бага зардлаар ажиллуулахын тулд шорон болгосныг одоо бид “Авдрантын хорих анги” гэж нэрлэж байна. Тэгвэл социализмын үед бага зардлаар ажиллуулж болдог байсан “хорих анги-үйлдвэр”-үүд орлого олохоо байгаад зарлага их гардаг болжээ. Нэг өрөөний нааран дээр 6-10-уулаа хонодог ялтнуудын эрхийг хангахын тулд боловсон жорлонтой өрөөнд, нормын шим тэжээлтэй хоол өгч, сурах, шүтэх эрхийг нь хангадаг болсон. Мөн ялтнууд ажил хийхээс татгалзах эрхтэй болсон учраас хорих ангийн дотоод орлого багассан бололтой. Ийм учраас 25 хорих ангийг нэгтгэсний дараа зарим ордыг хувийн хэвшлийнхэнд өгч, хувьчлах хувилбар яригдаж байгаа ажээ.
Нөгөөтэйгүүр хорих ангийн орчин нөхцөл муугаас тэндэхийн ажилтнууд, ялтан болон ялтны ар гэрийнхэнд бэрхшээл учирч байна. Авдрантын хорих анги л гэхэд Улаанбаатараас 120 км зайтай. Тус хорих ангийн гэрэл, ус байнга тасарна. Дээр нь ийш очих зам муу учраас хоригдлын ар гэрийнхэн тэр бүр эргээд байж чаддаггүй. Машингүй нэг нь 2-3-уулаа нийлж машин хөлслөөд хааяа нэг хүүгээ, нөхрөө, эхнэрээ, эгчийгээ эргэж ирдэг гэсэн. Зарим нь холын мухарт байгаа хүүгээ эргэж чадахгүй нүд анидаг гэх юм. Ингээд бодоход хоригдлоос гадна тэдний ар гэрийг давхар яллах хэрэг байдаг ч юм уу. Хэрвээ гурван хорих газартай, хорих газарт очих замаа дардан болгочихвол ялтны ар гэрийнхэн ядаж эргэлтээр очих гэж зодохгүй байсан даа.
Гурван хорих байрны сураг төсвөөс болж гацжээ
Улаанбаатар хотыг тойрсон 12 шоронг татан буулгаж Төвийн бүсийн хорих ангид нэгтгэнэ. Энэхүү хорих анги нь “Ургах наран” хорооллын ойролцоо баригдаж байгаа юм. Үлдсэн хорих ангиудыг “Баруун бүсийн” болон “Зүүн бүсийн нэгдсэн хорих анги”-д нэгтгэнэ. Аймаг бүрт хорих ангитай, шоронгийн хажууд амьдрахаасаа зүрхшээж байхаас илүүтэйгээр стандартад нийцсэн, чанга харуул хамгаалалттай гурван шорон барина гэж салбарын яамныхан нь төлөвлөжээ. Ямартай ч “Урган наран” хорооллын хажууд буюу хуучнаар Луусангийн хорих ангийн суурин дээр бариад эхэлчихэж. Ингэснээр жилдээ улсын төсвөөс 2.6 тэрбум төгрөг хэмнэх урьдчилсан тооцоо гарчээ. Засгийн газрын 2012 оны зургадугаар сарын 05-ны өдрийн 193 дугаар тогтоолоор “Хорих ангийн төрөл дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, төвлөрсөн нэгдсэн хорих ангыг барих ажлыг эхлүүлсэн билээ. Одоогийн байдлаар нэг блокийн барилгын ажил 80 хувьтай явж байгаа юм. Төвлөрсөн хорих анги ашиглалтад орсноор удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тоог 15 хувиар багасгаж 0.6 тэрбум төгрөг хэмнэнэ. Мөн бараа, үйлчилгээ бусад урсгал зардлаас хоёр тэрбумыг хэмнэхээр тооцоолсон байна.
Хоригдлууд ажил хөдөлмөр эрхэлснээр өөрийн гэсэн орлоготой болж эргээд нийгэмд гарахад эхний ээлжинд хэрэглэх таван төгрөгтэй байх нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Хамгийн гол нь хоригдлуудыг нийгмийн даатгалд хамруулжгэм хорын төлбөрийг барагдуулах боломжтой ажээ. Одоогийн байдлаар нийт хохирогчдын дийлэнх нь гэмт этгээдүүдийг шоронд орчихсон юм чинь юу олж долоох вэ гэх ойлголттой байдаг гэнэ. Үүнээс гадна талын нэг тарсан хорих ангиудад ял эдэлж буй хоригдлуудын бие нь өвдсөн тохиолдолд зөвхөн Зайсангийн эмнэлэгт хүргэдэг. Ингэж хоригдлуудыг хуяглан хүргэх гэж жилд дунджаар 270 удаагийн тээвэрлэлтээр 3000 орчим ялтанг хүргэхэд 65 сая төгрөг зарцуулдаг байна. Мөн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай ялтанг хуяглан хүргэхэд 18.3 сая төгрөг зарцуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Амгалан зэрэг хорих ангийн газрыг чөлөөлж, оронд нь алба хаагчдын орон сууцны хороолол сүндэрлэх бөгөөд тэдний хүүхдүүд хорих ангийн хашаанд биш сургууль, цэцэрлэгт хамрагдах бүрэн боломж бүрдэх юм.Төвлөрсөн хорих анги ашиглалтад орсноор ийм л асуудлыг шийдвэрлэнэ. Харин 42 тэрбум төгрөг шаардлагатайгаас улсын төсвөөс 39 тэрбум төгрөг гарах аж. Үүнд л асуудлын учир байгаа бөгөөд төсөв хөрөнгөөс болоод энэ ажил гацаанд орчихоод байгаа ажээ. Дээр нь нэмээд хэлэхэд, Хүүхдийн, дамжин хорихийг төвлөрсөн хориход шилжүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Учир нь “хүүхдийн хорих” сургалт хүмүүжлийн тусгай байр буюу “Хаалттай сургууль” болж өөрчлөгдөх ажээ.