Open iToim app
Эрүүл монгол | 8 мин уншина

Хоолойны ангиныг эмчлэхгүй бол тархинд нөлөөлж харвах эрсдэлтэй

Хоолойны ангиныг эмчлэхгүй бол тархинд нөлөөлж харвах эрсдэлтэй
Нийтэлсэн 2016 оны 10 сарын 28
Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр жил бүрийн аравдугаар сарын 29-нд болдог юм байна. Монгол Улсын хувьд тархины харвалт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд насны хувьд залуужих хандлагатай байгаа аж. Ингээд Монголын харвалтын нийгэмлэгийн тэргүүн, зөвлөх эмч Р.Амарбаясгалантай ярилцлаа.  
-Монголчуудын хувьд ямар үндсэн шалтаанаас болж тархинд цус харваж байна вэ?
-Харвалт зайлшгүй байдаг, удамшдаг өвчин биш. Амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор илэрдэг үхлийн аюултай эмгэг. Монголын нөхцөлд тархины харвалтад нөлөөлж байгаа хэд хэдэн зүйл байна. Нэгд, хүн амын дунд цусны даралт ихсэх өвчин нийтлэг тохиолдож байна. Иргэд даралтаа тогтмол үзэж мэддэггүйгээс үүдэн харвах аюулд өртөж байна. Хэрвээ цусны даралт нэмэгддэг болсон л бол эмийн сангаас даралтны аппарат аваад өдөрт 2-оос доошгүй удаа үзэж байх ёстой. Үүний үндсэн дээр харвалт их байна, бага байна гэдгийг ярина. Гэтэл иргэд даралтаа нэмэгдсэнийг мэдэхгүй явж байгаад гэнэт харваад эмнэлэгт ирдэг. Энэ нь харвалтын эрсдэлийг нэмэгдүүлэх, хүндрүүлэх гол хүчин зүйл болж байна. Хоёрт, иргэдийн архи, тамхины хэт өндөр хэрэглээ тархины цус харвалтад нөлөөлж байна. Нэгдүгээр эмнэлэгт судас нь бөглөрч эмчлэгдэж байгаа иргэдийн дийлэнх нь тамхи татдаг хүмүүс байна. Тэгэхээр тамхи татдаг, архи уудаг хүний судас амархан хагарч, харвалтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гуравт, буруу хооллолт харвалтад хүргэж байна. Монголчууд маханд дуртай, өөх тостой хоол ихээр идэж, давстай цай уудаг амьдралын буруу хэрэглээтэй ард түмэн. Гэхдээ дээр үеэс калори ихтэй хоол идэж, түүнийгээ хөдөлгөөнөөрөө зохицуулаад эрүүл байж чадаж байсан. Харин өнөөдөр монголчууд өдөр тутмын хэрэглээн дээрээ нэмж химийн найрлагатай калори өндөртэй түргэн хоол, чихэр боорцог хүнсэндээ их хэрэглэдэг болсон. Зун ходоод гэдсээ амрааж, байнгын хөдөлгөөнтэй байдаг амьдралын хэв маяг алдагдсан. Ихэнх иргэд гэрээсээ гараад унаанд сууж ажил дээрээ ирээд өдөржингөө компьютерийн ард сууж ажилладаг. Ийм амьдралын буруу зуршилтай болсон учраас цусанд орсон бохир зүйлүүд гадагшилж чадахаа больсон. Үүнээс үүдэж цусны хана битүүрдэг, өтгөрдөг. Өтгөн цусаа хөөх гэж хүний даралт ихэсдэг. Буруу хоололт, хөдөлгөөний дутагдлаас үүдэн нөгөө талд жингийн нэмэгдэлтэй хүмүүс ихэсч байна. Мөн нийгмийн стресс бухимдал их байгаагаас харвалт нэмэгдэж байна. Стресс бол хөнгөн хийсвэр биш бодитой зүйл. Хүн уурлаж, муу зүйл бодож байх үедээ байнга хямарч байдаг. Юу л бодно түүнтэй холбоотой бодисууд биед нь ялгарч байдаг. Байнгын сэтгэлийн зовиуртай, уур уцаартай байх, хоорондоо хэрэлдэх буруу зан авир гаргах бүрт химийн бодис хүний биед ялгарч байдаг. Тиймээс байнгын түгшүүртэй, нойргүйдэх шинж тэмдэг биед илэрдэг шүү дээ. Нүдэнд үзэгдэхгүй боловч химийн бодисыг ялгаруулж байдаг хэрэг. Тиймээс эдгээр хүчин зүйлүүдэд анхаарчих юм бол харвалтаас сэргийлж чадах боломж байгаа.
-Цус өтгөрч байгаа нь тухайн хүнд мэдрэгдэх боломжтой юу. Ер нь цусаа шингэн байлгахад ямар арга хэрэглэх боломжтой вэ?
-Цус өтгөн байна гэдгийг эмч, эмнэлгийн байгууллага тодорхойлно. Тухайн хүний биед ч тодорхой шинж тэмдгүүд илэрдэг. Бие хүндэрч, мартамхай болж, толгой эргэх шинж илэрч байвал цус өтгөрч байгаагийн шинж. Цус өтгөрөхөд цус өтгөрүүлэх хлостерин, өөс тосны хэмжээ гол нөлөө болдог. Цусанд олон шаар шиг элемент, эсүүд явж байдаг. Энэ эсүүдийг хооронд нь наалдуулж, цус гүйхэд түвэгтэй болгочихдог. Цусаа хэвийн гүйлгэхийн тулд зүрх судсаа идэвхтэй ажиллуулснаас үүдэж даралт ихэсдэг. Тэгэхээр эсүүдийг хоорондооо наалдуулахаас сэргийлдэг эм байдаг. Аспирин 100, 81 эмийг ууж байх хэрэгтэй. Ер нь ямар ч хүн Аспирин 100 эмнээс гурван ширхэгийг авч явах ёстой. Өөрөө эсвэл ойр дотнын тань хэн нэгний хэл ам ээдэрч, гэнэт гар хөл суларч, нүд бүрэлзэх шинж тэмдэг илэрвэл тэр дороо 300 мг буюу гурван ширхэг аспирин уух ёстой. Ингэх юм бол цус богино хугацаанд хурдан шингэрч бөглөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга болдог. Түүнээс архи уулгах зэрэг арга найдваргүй, анагаах ухаанд батлагдаагүй зүйл юм. Гэхдээ цусаа шингэлээд харвахаас урьдчилан сэргийлчихлээ гэж ойлгож болохгүй. Цусаа шингэлсэн ч өөх тостой хоолоо хязгааргүй хэрэглэж, архи тамхиа байнга хэрэглээд байвал эрсдэл өндөр хэвээр байдаг. Тиймээс эмчилгээний хажуугаар амьдралын буруу зуршлаасаа татгалзах ёстой.
-Сүүлийн хувьд залуучууд харвах тохиолдол цөөнгүй гарч байна. Нас залуужиж байгаа гол шалтгаан юу вэ?
-Залуус харваж байна гэдэг үнэн л дээ. Намайг оюутан байхад харвалтаар 60-аас дээш насны хүмүүс өвчилдөг байсан. Гэтэл өнөөдөр харвалтаар нас, хүйс харгалзахгүй өвчилж байна. Насны хувьд залуужиж байгаа нь суурь өвчлөлтэй холбоотой байгаа. Залуугаасаа суурьтай өвчтэй хүн амын тоо өсч байна. Үүний гол шалтгаан хоолойны ангина, амны хөндийн үрэвсэл, хорхой идсэн шүд нь биеийн холбогч эрхтэнийг гэмтээдэг учраас эдгээр өвчлөлөөс үүдэж тархи, зүрхний судасны хана гэмтэж, үе мөчиндөө нөлөөлж байна. Эрүүл, хэвийн биш судасны ханатай хүний судас амархан хагардаг. Ялангуяа залуучуудын хувьд судас задрах эмгэгүүд их тохиолдож байна. Ангина, хорхойтой шүдээ аль болох бага дээр нь эмчлүүлэхгүй бол тархи, зүрх судас, үе мөчиндөө нөлөөлж байна. Тархины судас өвчлөхөөс өмнө зүрхний судсанд нөлөөлж, зүрхний гол судсыг бөглөж, зүрхний хэм алдаж, бүлэн үүсч тэр нь хагарах аюултай. Бүх судаснууд нь бөглөрсөн хоёр, гурван тохиолдолтой олон иргэн ирж байна. Дархлалын системд нь өөрчлөлт гарч, бүх судсууд нь үрэвссэн байсан. Ажиллах судасгүй болж, эмчилгээг хийж байх явцад хүртэл судас тэлэхгүй, бөглөрсөн өвчтөнүүд нүдэн дээр энэ хорвоог орхих тохиолдол олон байна. Тиймээс дархлалын системийг гэмтээдэг хоолойны ангина, хорхой шүдээ эмчилж байх хэрэгтэй .
-Сүүлийн үед бараг хүүхэд бүр ангинатай, хоолой нь өвдөг гэж ярьж байна. Хоолойны ангина юунаас үүдэлтэй өвчин юм бэ. Эмчлэхгүй яваад байвал ямар хүндрэл үүсэх вэ?
-Эцэг эхчүүд хоолойны ангинын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Манай залуучуудын дийлэнх нь хоолойны ангинатай байдаг. Хоолойны ангинатай байхдаа хүүхэд гаргаад хүүхдэдээ амаараа дамжуулан хоол хүнс өгөх, аяга халбагаа сольсноос болж хүүхдэд нь ангина халдварладаг. Ангина эхээс урагт удамшдаггүй ч хоол хүнс, хэрэглэж байгаа аяга тавга, шүлсээр нь дамжиж хүүхдэд халдварладаг. Зарим хүүхдүүд багаасаа тархины эрматизм гэдэг өвчтэй болдог. Ангина тархинд нь нөлөөлж гажигтай болох тохиолдол байна. Тиймээс ангинаа оношлуулахын тулд нэгд, хамар хоолойн эмчид үзүүлэх ёстой. Хэрвээ зүрх нь дэлсэж, үе мөч нь өвдөж, толгой өвдөөд, ой тогтоолт муудаж, дээр нь хоолой нь өвддөг бол церлогийн шинжилгээгээр өндөр үзүүлэлттэй байвал хоолойны махыг авахуулах хэрэгтэй байдаг. Сайн эмчилгээ хийлгэж, хоолойны махаа авахуулсны дараа 4-5 жил анхааралтай эм тариагаа цагт нь хэрэглэвэл бүрэн дарах боломжтой эмгэг. Ер нь дархлалын эмгэгүүд нь өөрөө өөрийгөө гэмтээдэг учраас бүрэн эдгэхдээ удаан байдаг.
-Тархи мэдрэлийн гаралтай харвалтад юу нөлөөлдөг вэ. Тухайлбал, толгой нь байнга өвддөг хүний харвах магадлал өндөр үү?
-Толгой өвдөлтөөс үүсэн харвалт байдаг. Тухайлбал, мигрень гээд толгой өвдөлтийн үед ихэвчлэн тархи таллаж өвддөг. Мигрениэр ихэнхдээ эмэгтэйчүүд өвчилдөг бөгөөд тархи хүчтэй таллаж өвдөж, огих, бөөлжих зэргээр илэрдэг. Маш хүчтэй өвддөг хүмүүс байнгын эмчийн хяналтад байж, MRay-д тархины судсаа харуулах шаардлагатай байдаг. Учир нь, маш хүчтэй өвдөх үед тархины судас бөглөрөх аюултай байдаг. Хүчтэй өвдөхөд судас тэлэх эсвэл агших үйл ажиллагаа явагддаг. Энэ үед хүндрэл гаргах магадлалтай байдаг. Тиймээс толгой нь байнга таллаж өвдөг хүмүүс судсаа эрүүл байгаа эсэхийг нягталж, эмчийн хяналтад байж, өвчнөө тогтоож байх хэрэгтэй. Үүнээс гадна тархинд хавдар үүсвэл гэнэт харвалт өгдөг. Мөн тархины гэмтлийн үед харвадаг. Тархины судас хэвийн биш байгаа тохиолдолд судас нь бөглөрөөгүй, хагараагүй хэр нь гэмтэлтэй байсан судсаар нь дотор байсан нь цус гарснаас харвалт өгдөг.
-Сүүлийн үед залуус төрөл бүрийн уураг хэрэглэдэг болсон. Уургийн буруу хэрэглэнээс болж элэг бөөрөнд нөлөөлж, цаашлаад харвах шалтгаан болж байгааг зарим эмч тайлбарласан. Яг ийм шалтгаантай өвчтөн ирж байсан уу?
-Өнгөрсөн жил манай эмнэлэг дээр 25 настай барилддаг залуу ирж эмчлүүлсэн. Биеийн хүчний дасгал нэлээд хийж, булчингаа илүү сайн хөгжүүлэх үүднээс уураг хэрэглэдэг байсан. Гэтэл даралт өндөр биш, бусад эрхтэн нь эмгэг үүсээгүй байж гэнэт л судас нь бөглөрч харвалт өгснөөс болж тал бие нь мэдээгүй болсон. Уургийг буруу хэрэглэснээс биед нь өөрчлөлт орсон байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Уургийг тодорхой граммтай хэрэглэх ёстой байдаг. Уураг уусныхаа дараа маш хүчтэй дасгал хийхгүй, хэтрүүлж хэрэглээд хөдөлгөөн багатай байвал бөөр, элэгний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Элэг бөөрөнд сөргөөр нөлөөлж, гэнэт цус өтгөрсөн байх магадлал нь өндөр байсан.
-Ер нь харвалт гэдэг өвчнөөс иргэд анхан шатандаа хэрхэн сэргийлэх вэ. Харвасан тохиолдолд анхны ямар тусламжийг үзүүлэх шаардлагатай байдаг юм бэ?
-Харвалтын шинж тэмдгийг тодорхойлох таван шинжийг манай нийгэмлэгээс тодорхойлж гаргасан байдаг. Хараа гэнэт муудах, хацар гэнэт мурийх, хэл яриа гэнэт тултирах, хөл гар гэнэт сулрах үзэгдэл ойр тойрны хэн нэгэнд илэрвэл харвалт байх магадлалтай учраас яаралтай түргэн дуудах ёстой. Харвалтыг гэртээ эмчилнэ гэсэн ойлголт байхгүй. Харвалт болсон бол нэг цагийн дотор эмнэлгийн байгууллагад ирэх ёстой. Хамгийн сайн сонголт бол харвалтын мэргэшсэн тасагт очих хэрэгтэй. Харваснаас хойш нэг цагийн дотор эмнэлгийн байгууллагад ирвэл амь насыг нь хамгаалах чадвар 25 хувиар нэмэгддэг. Цаашлаад бүлэн хайлуулах эмчилгээг хийлгэж, нарийссан судсыг тэлэх эмчилгээг хийлгэснээр өвчтөний амь насыг аврах, тахир дутуу болохгүй байх магадлал өндөр болдог. Судас нь бөглөрч харвалт өгвөл түргэн хугацаанд эмнэлэгт хандаад бүлэн хайлуулах эмчилгээг хийлгэснээс хэдэн цагийн дараа өвчтөний биеийн байдал хэвийн болох тохиолдол байдаг. Харин цаг алдвал бүлэн хайлуулах эмчилгээг хийлгэсэн ч нэмэргүй байдаг. Тиймээс цаг хугацаа алдалгүй мэргэшсэн тасагт очих ёстой. Өнөөдрийн байдлаар манай улсад гуравдугаар эмнэлэг дээр харвалтын мэргэшсэн тасаг байна. Нэгдүгээр эмнэлэгт дээр харвалт өгсөн хүн бүлэн хайлуулах эмчилгээг хийх гэтэл эм нь байхгүй байгаа. Нэг хүнд хийх бүлэн хайлуулах эм 1500 ам.долларын үнэтэй байдаг. Манайхаас бусад улсад энэ эмийн зардлыг тухайн улс өөрөө эрүүл мэндийн даатгалаасаа даадаг байгаа.
-Манайд бүлэн хайлуулах эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй юм уу?
-Хамруулаагүй. Гуравдугаар эмнэлгийн Мянганы сорилын сангийн санхүүжилтээр авсан бүлэн хайлуулах эм өнөө маргаашгүй дуусах хэмжээнд байгаа. Энэ талаар асуудал тавьсан учраас удахгүй шийдэгдэх байх гэсэн хүлээлтэй байна. Дээр нь харвалтын ганцхан мэргэшсэн тасагт цаг алдалгүй амжиж очих асуудал хүндрэлтэй байна. Тиймээс Улаанбаатар шиг том хотод ядаж гурван мэргэшсэн тасаг байлгах шаардлагатай байгаа. Мөн аймаг бүрт харвалтын мэргэшсэн тасаг байгуулж, эмч мэргэжлийн хүмүүсийг сургах шаардлага байна. Ингэж байж олон хүний амь насыг болзошгүй эрсдэлээс аварч чадна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн