Өнгөрсөн долоо хоногийн улс төр, нийгэм, эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлыг iToim агентлаг тоймлон хүргэж байна.
Ээлжит бус чуулган ба Засгийн газрын зургаан сайд
Долоо хоногийн эхний өдөр УИХ-ын Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганы хуралдааны нээлтэд УИХ-ын 41 гишүүн хүрэлцэн ирж, 53.9 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. УИХ дахь МАН-ын гишүүд Ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүй. Энэ удаагийн Ээлжит бус чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамжилсан юм. Энэ дагуу өнгөрч буй долоо хоногт Галт зэсвгийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталлаа. Мөн өнгөрсөн лхагва гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьж, пүрэв гаригт УИХ-ын чуулганаар хэлэлцэж Засгийн газрын нэр бүхий зургаан сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр заримжилсан жагсаалтад зургаан сайдыг огцруулах асуудал багтаагүй ч үүний төлөө л Ээлжит бус чуулган зарласан гэх улстөрийн таамаг энэ долоо хоногт биелэлээ олов. Өөрөөр хэлбэл, Ээлжит бус чуулганы гол зорилго биелсэн гэж хэлж болох юм. Ээлжит бус чуулган ирэх 14-ны өдөр хаалтаа хийх бөгөөд ирэх долоо хоногт Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Засгийн газрын дараагийн зургаан сайдад хэнийг томилох вэ гэдгийг хэлэлцэх юм.
Ерөнхийлөгчийн байр суурь
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэр бүхий гишүүдийг огцруулах асуудлаар зөвшилцөхөөр хүргүүлсэн албан бичгийн хариуг өнгөрөгч лхагва гаригт өгөв. Төрийн тэргүүний өгсөн хариу бичигт “Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий зургаан гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлсэн ч Ерөнхий сайд Засгийн газрын нэр бүхий сайд нарыг огцруулах асуудлыг өргөн барьж, УИХ ажлаас нь чөлөөлөв.
АН-ын бүлэг гишүүдийнхээ сонгох, сонгогдох эрхэнд халдав
Өнгөрсөн даваа гаригт УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж МАН-ын зургаан сайдын асуудлыг УИХ-д өргөн барьж, дараагийн зургаан сайдыг УИХ-ын гишүүдээс бүрдүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үүрэг болгосон юм. Мөн УИХ-аар хэлэлцэж буй хууль болон бусад шийдвэрүүдийг бүлгийн гишүүд 100 хувь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд бүлгээс гаргасан шийдвэрийг дэмжээгүй гишүүдийн үйлдэл болон эс үйлдэлд хариуцлага тооцож УИХ-д дахин нэр дэвшүүлэхгүй гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын АН бүлэг гишүүдийнхээ сонгох, сонгогдох эрхэнд халдаж, МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг дэмжихгүй гишүүнийг 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх утгатай шийдвэрийг гаргасан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөндолдугаар сарын 31-ийн өдөр намын даргадаа албан бичиг явуулсан. Үүнд, Ч.Сайханбилэг "ҮЗХ-г хуралдуулж, өөрийг нь намын дарга болгох, эсвэл АН-ын дарга З.Энхболдыг Ерөнхий сайд болгох асуудлыг яаралтай хэлэлцэж өгөх" тухай дурдсан. Даваа гаригт болсон АН бүлгийн хурлаар ҮЗХ-г хуралдуулах асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “Энэ асуудал Ардчилсан намын өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрмийн хүрээнд шийдэгдэнэ. Ардчилсан нам олонхи болоогүй учраас заавал намын дарга Ерөнхий сайд байх албагүй” гэж мэдэгдсэн юм.
Зургаан сайдын суудалтай тэнцэх Дубайн гэрээний дүгнэлт
МАН эцсээ хүртэл зургаан сайд, Засгийн газартай байгуулсан хамтын гэрээгээ цуцлахгүй байх аргыг хэрэглэсэн гэж хэлж болно. Ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ын нэг ч гишүүн оролцоогүй шалтгаанаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг захирамжлахдаа өргөн баригдаагүй байсан МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг оруулж, хууль зөрчиж байна” гэж мэдээлсэн. Гэтэл лхагва гаригийн үдээс хойш Ерөнхий сайд зургаан сайдыг огцруулах тогтоолыг өргөн барьсны дараа МАН-ын дарга М.Энхболд АН-ын даргад хаяглан мэдэгдэл гаргасан. Хамтарсан гэрээг дүгнээгүй байхад нэг тал дангаараа гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь мөн л хууль зөрчиж байгааг сануулав. Маргааш нь буюу пүрэв гаригт УИХ-ын чуулганаар сайдуудыг огцруулах асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гишүүдэд дахин мэдээлэл хийсэн. Ерөнхий сайдын огрцуулахаар өргөн барьсан зургаан сайд нь юу хийснийг танилцуулж, мөн хамтарсан гэрээг дүгнээгүй байгаа, МАН бол үүргээ сайн биелүүлсэн гэдгийг хэлсэн. Мөн энэ үеэр МАН-ын бүлгээс томилсон ажлын хэсэг “Дубайн гэрээ”-нд хийсэн дүгнэлтийг удахгүй нийтэд танилцуулна гэдгийг сануулсан юм. Гэсэн ч МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар дэмжиж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. МАН эргээд сөрөг хүчин болсон учраас Дубайн гэрээний дүгнэлтийг танилцуулах л үлдлээ.
Улаанбуудайн нөөц бүрдүүлнэ
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаан болж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холбогдох яам, агентлагийн дарга нарт үүрэг болгож, тодорхой санхүүжилтийг гаргахыг Сангийн яаманд даалгалаа. Үрийн болон хүнсний улаанбуудайн нөөц, мах, гурилын нөөц бүрдүүлэхийг салбарын сайд Р.Бурмаад даалгав.
Гурилын үнэ 50-100 төгрөгөөр өсчээ
Салбарын сайд болон зарим тариаланчид энэ жил ургацынхаа 40, 50, 80 хувийг алдана гэж удаа дараа мэдээлсэн. Харин энэ мэдээллийн дараагаас зах зээл дээр гурил болон гурилан бүтээгдэхүүний үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнуудын хариуцлагагүй мэдэгдэл гурилын үнийг өсгөжээ. Гурилын үнэ хэр нэмэгдсэн цаашид үнэд ямар өөрчлөлт гарах талаар гурилын үйлдвэрүүд төлөөллийн байр суурийг багтаасан дэлгэрэнгүй сурвалжлагыг эндээс уншина уу. Их дээд сургуулиуд төлбөрөө нэмэв
Энэ жил их, дээд сургуульд элсэгчдийн тоо буурч байгаагаас шалтгаалан төрийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмжээ. МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж 2015-2016 хичээлийн жилд II-V курсийнхээ сургалтын төлбөрийг инфляцын өсөлттэй уялдуулан 12 хувиар, шинэ элсэгчид буюу I курсийн оюутнууд мэргэжлийн чиглэлээсээ хамаарч сургалтын төлбөр өмнөх жилээс 30-40 хувиар нэмсэн байна.
Харин МУБИС-ийн сургалтын төлбөр 10-12 хувиар нэмэгдсэн ч 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар сургуулийн удирдах ажилтнууд ярилцсан байна. Тэгвэл ХААИС-ийн I курсийн оюутны сургалтын төлбөрийг 25 орчим хувиар, харин бусад курсийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн сард болсон Удирдах зөвлөлийн хурлаараа шийдвэрлэжээ. Тэгвэл төрийн өмчийн их, дээд сургуулиас хамгийн өндөр хувиар сургалтын төлбөрөө нэмж байгаа сургууль нь АШУҮИС. Тус сургууль шинэ элсэгчид буюу нэгдүгээр курсийн сургалтын төлбөрийг 45 орчим хувиар нэмсэн бол хоёр болон түүнээс дээш курсийн сургалтын төлбөрт өөрчлөлт оруулахгүй гэдгийг эх сурвалж хэллээ.
Долоо хоногийн сайн мэдээ
Япон улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд гурван жил хүртэлх хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан байна. Үндэсний энгийн болон энгийн цахим пасспорт эзэмшигчдэд хамаарах энэхүү шийдвэр нь 2015 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм. Уг шийдвэр Япон руу зорчих монгол жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг идэвхжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Түүнчлэн хоёр орны харилцааг цаашид улам хөгжүүлэх үүднээс Монгол Улсын дипломат пасспортыг визээс чөлөөлж байгаа юм. Нэг удаагийн орж гарах эрхтэй виз нь тухайн улс оронд зөвхөн ганцхан удаа л хилээр орж гарах эрхтэй байдаг бол олон удаагийн орж гарах эрхтэй виз нь визний хүчинтэй хугацаандаа хэдэн удаа ч орж гарч болно гэсэн үг юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй зарим авто замын ажилтай өнгөрсөн долоо хоногт танилцлаа. Шаргаморьт, Гачууртын чиглэлийн зуслангийн зам засварын ажил, Нарны гүүрийг 19 дүгээр хороололтой холбох авто замын ажилтай танилцав. Эдгээр замын ажлууд 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй байлаа. Улиастай-Гачууртын чиглэлийн зам зсварын ажил энэ сарын 31 гэхэд дуусах бол Шаргаморьт, Нарны гүүрийг 19 дүгээр хороололтой холбох ажил ирэх аравдугаар сард багтаан дуусгах юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг эндээс уншина уу. Барилгын компаниудад олгох санхүүжилтийг зогсоов
Сангийн сайд вексель бичиж төсвөөс санхүүжилтээ авч чадахгүй байгаа компаниудад санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Наян хувиас дээш гүйцэтгэлтэй барилгын компаниудын 170 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг вексель бичиж шийдвэрлэхээр болсон юм. Эхний ээлжид 80 гаруй компанид 95.2 тэрбум төгрөгийн вексель бичиж санхүүжилтийг олгоход бэлэн болоод байсан ч УИХ-ын Төвсийн байнгын хорооны шийдвэрээс болж санхүүжилт олгохыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Төвсийн байнгын хорооноос Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч векселиэр санхүүжих төслүүдийг шалгахаар болсон юм.
Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт орсноор Цэргийн тагнуул болон Хилийн тагнуулын газрыг Тагнуулын ерөнхий газарт нэгтгэхээр болсон. Ингэснээр нэр дурдсан хоёр газрын даргыг ажлаас нь чөлөөлж, оронд шинэ хүн томилохоор болсон. Хуульд заасны дагуу Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц Зэвсэгт хүчний жанжин штабын даргатай зөвшилцсөний үндсэн дээр хурандаа Д.Мөнх-Очирыг Цэргийн тагнуулын газрын даргаар томилжээ. Д.Мөнх-Очир хурандаа өмнө нь ТЕГ-т ажилтан, хэлтсийн дарга, Мэдээлэл дүн шинжилгээний газрын дарга, БХИС-ийн эрдэм шинжилгээний институтын захирал, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Мөн Монголын түүх, ХХ зууны улс төрийн асуудлууд, үндэсний аюулгүй байдал, түүнд нөлөөлөх улс төр, цэргийн хүчин зүйлийн талаар дагнан судалгаа хийдэг улсдаа дээгүүрт тооцогдох судлаач ажээ.
АТГ-ынхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн шалгаж буй юм. Түүнийг хорьж шалгах хоёр сарын хугацаа өнгөрсөн долдугаар сарын 20-нд дууссан бөгөөд дахин нэг сар хорьж шалгах шийдвэрийг шүүх гаргажээ. Үүнийг эсэргүүцсэн Г.Дэнзэн баасан гаригаас эхлэн өлсгөлөн зарлаж эхэлснийг эх сурвалжууд мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наймдугаар сарын 1-нээс хойш наадам тэмдэглэхгүй байх захирамж гаргасан ч наймдугаар сарын 8, 9-ны өдөр нийслэл хотод даншиг наадам болов. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийт 605 сая төгрөгийн өртгөөр уг даншиг наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд бөхчүүдэд даншгийн цол олгох юм. Шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг залах үеэс буюу 1635-1722 оны үед тэмдэглэдэг байсан даншиг наадмыг сэргээж, энэ жил Хүй долоон худагт болж байгаа юм байна.
Өнгөрч буй долоо хоногт дэлхийд болсон зарим үйл явдлыг тоймолж байна.
Ангела Меркель сонгуульд өрсөлдөнө
2005 оноос хойш Герман улсыг удирдаж байгаа Канцлер Ангела Меркель 2017 оны сонгуульд дахин өрсөлдөх хүсэлтэй байгааг мэдэгдлээ. Тодруулбао, тэрээр 2017 оны сонгуульд дахин өрсөлдөхөөр кампанит ажлаа төлөвлөж эхэлсэн тухай “Шпигель” сэтгүүл мэдээлсэн байна. Ангела Меркелийн Христийн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга энэ талаар шууд мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Өнгөрсөн сарын 17-нд 61 нас хүрсэн Меркель дөрөв дэх удаагаа улиран сонгогдох хүсэлтэй байгаагаа олон нийтэд мэдээлээгүй ч өнгөрсөн жил Кельн хотод хийсэн уулзалтынхаа үеэр энэ тухай цухас дурдаж байсан юм. 2008 оны санхүүгийн хямрал, евро бүсийн хямралын үед Европын хамгийн том эдийн засгийг удирдаж байгаа Меркель сонгуульд дахин өрсөлдвөл 2021 он хүртэл Канцлерын ажлаа үргэлжлүүлж, "тогтмол Канцлер" болох юм.
2022 оны өвлийн олимп Бээжинд болно
Олон улсын Олимпийн хороо 2022 оны өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хотоор Хятадын Бээжинг сонголоо. Гэвч зарим улс Бээжин хотыг 2022 оны Олимпийг зохион байгуулагчаар сонгосонд дургүйцлээ илэрхийлж байна. Бээжин нь уулархаг хот биш учраас цана болон бусад төрлийн уулын төрлийн спортыг зохиох боломжгүй. Тиймээс хотоос 55 километрийн зайтай Янцин хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Янцин нь говийн захын бүсэд оршдог хот бөгөөд хамгийн ихдээ таван см зузаантай цас ордог, алслагдсан цас маш бага хэмжээгээр ордог аж. Зарим хэвлэл “Бээжин 2022”-ыг “Цасгүй олимп” хэмээн нэрлэжээ.
Пуэрто-Рико бондын өрөө төлж чадахгүй, дампуурлаа зарлав
Пуэрто-Рико өнгөрсөн амралтын өдрүүдэд бондын өрөө төлж чадалгүй дефольтод орж, Америк тив дэх хамгийн их өртэй нутаг дэвсгэр боллоо. Пуэрто-Рикогийн Засгийн газар наймдугаар сарын 3-ны өдөр буюу өчигдөр төлөх ёстой байсан 58 сая ам.долларын бондын өрөө төлж чадахгүй гэдгээ өнгөрсөн амралтын өдөр мэдэгдсэн юм. Үүний дараа “Мoody’s” үнэлгээний агентлаг тус улсыг дефолтод орсныг зарлажээ. Тус арлын захирагч өнгөрсөн зургадугаар сард бонд, зээлийн нийт 72 тэрбум ам.долларын өрөө төлөх боломжгүй болсон тухай анх мэдэгдэж, санхүүгийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай тухай мэдэгдэж байсан юм. Гэвч тохиролцоонд хүрч, шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй байсны улмаас олон улсын байгууллагуудаас зээлсэн их хэмжээний мөнгөө төлж чадахгүйд хүрч дефольтод орлоо. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. АНУ эрчим хүчний нүүрснээс татгалзаж эхэллээ
Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрэн АНУ нүүрсний цахилгаан станцуудыг эрчимтэйгээр халах төлөвлөгөө гаргалаа. Тодруулбал, нүүрсхүчлийн хий ялгаруулж буй гол эх үүсвэр болох дулааны цахилгааны станцуудаас ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээг 2030 он гэхэд 2005 оны төвшнөөс 32 хувиар бууруулах төлөвлөгөө гаргасан байна. АНУ нүүрснээс татгалзаж, нүүрсний хоёрдахь том компани нь дампуурлаа зарлажээ. Энэ тухай дэлгэрэнгүй нийтлэлийг эндээс уншина уу. Венесуэл улс дахин дампуурлын эрмэгт ирэв
Венесуэл одоогоор хүнсний хомсдол, гадаад валютын нөөцийн хомсолд ороод байгаа төдийгүй инфляцын өсөлтөөс болж үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэж, цаас болон хувираад байна. Товчхондоо, Венесуэл дахин дампуурчээ. Гэхдээ өмнөх шиг аажмаар бус, энэ удаад гэнэт дампуурлаа зарлахад хүрээд байна. Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй ийм улсад хангалттай хөрөнгө, нөөц байх ёстой ч венесуэлүүд Норвеги маягийн улс бүтээхээсээ илүүтэй Зөвлөлтийн байдлыг илүүд үзсэн юм. Венесуэлд өөр хаанаас ч илүүтэйгээр социализм үйлчилдэг. Тус улсын Ерөнхийлөгч асан Уго Чавес бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн жилүүдэд эдийн засгийн гол салбаруудыг нийгэмчилж, Төв банкны бие даасан байдлыг утсгасан нь одоогийн хямралын гол шалтгаан хэмээн санхүүгийн шинжээчид үзэж байна.
БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт юанийг дэлхийн нөөц валют болгох асуудлаар Олон улсын валютын сангийн зөвлөл хэлэлцэж байна. Олон улсын валютын сан таван жил тутамд зээлжих тусгай эрхийн сагсаа шинэчилж, шинээр валют оруулах, эсэхийг гишүүн орнуудын 70 хувийн санал авсан тохиолдолд зөвшөөрч баталдаг байна. Хуваарийн дагуу энэ оны арваннэгдүгээр сард валютын сагсанд шинэ мөнгөн тэмдэгтийг нэмж оруулах, эсэхийг шийдвэрлэхээр болжээ. Хамгийн сүүлд буюу 1999 онд уг сагсанд евро багтаж, францын франк, германы дойче маркийг хасч байжээ. Үүнээс хойш ямар ч өөрчлөлт оруулж байгаагүй ч олон жилийн турш дэлхийн нөөц валют болох, эсэх нь яригдсаар ирсэн Хятадын юанийн асуудлыг ийнхүү хэлэлцэж эхэллээ. Зөвлөлийнхөн эцсийн шийдвэрийг ирэх арваннэгдүгээр сард гаргах юм. Энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг эндээс уншина уу.