Олны талархал, хүндэтгэлийг хэдийнэ хүлээсэн ч Академийн дээд шагнал “Оскар”-т одгүй, азгүй алдартнууд олон. Тухайлбал, үзэгчдийн сайн мэдэх “Гладиатор”, “Телма, Луиз хоёр” зэрэг олон алдартай киног найруулсан Ридли Скоттыг нэрлэж болно. Тэрээр Холливудын хамгийн алдартай найруулагчдын нэг ч Академийн шагналыг нэг ч хүртэж чадаагүй юм. Тэгвэл энэ жил Леонардо Ди Каприо ганцаараа удаан хүлээн “Оскар”-аа авах магадлалтай алдартан биш юм. Найруулагч Ридли ч мөн адил “The Martian” киногоор “Шилдэг кино” ангилалд нэр дэвшээд байгаа билээ. Ди Каприо, Ридли нарын адил авьяас чадвараараа үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн бүтээлээрээ мөнхөрсөн ч “Оскар” хүртэж байгаагүй алдартнуудыг танилцуулж байна. Оскарын 88 дахь удаагийн шагнал гардуулах ёслол маргааш АНУ-д болно.
Бүх цаг үеийн хамгийн алдартай кино найруулагчдын нэг Альфред Хичкок Академийн шагналыг нэг ч удаа хүртэж байгаагүй юм. Тэрээр таван удаа “Шилдэг найруулагч” шагналд нэр дэвшиж байсан ч тавууланд нь гар хоосон буцаж байв. Тэрээр 1940 онд “Rebecca” киногоороо анх удаа Оскарт нэр дэвшиж байв. “Rebecca” тухайн жилээ Оскарын шагналд 11 төрөлд нэр дэвшиж, “Шилдэг кино” төрлөөр шагнал хүртэж байсан юм. Энэхүү кино нь Хичкокыг нэр алдартай болгосон бөгөөд тухайн жил “Гадаадын сурвалжлагч” хэмээх кино нь мөн адил Оскарт нэр дэвшиж байжээ. 1961 онд тэрээр “Psycho” киногоороо тавдахь удаагаа буюу сүүлийн удаа Оскарт нэр дэвшсэн байдаг. Үүнээс долоон жилийн дараа Академийн хүндэтгэлийн шагналыг Ирвин Талбергт олгоход тэрээр шагналыг нь гардаж байсан байдаг. Гэвч тэрээр 1980 онд 80 насандаа Оскарын шагналыг нэг ч авч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг. Альфред Хичкок “Алтан бөмбөрцөг” шагналыг хоёр удаа хүртэж байв. Магадгүй амьдарлын сүүлийн жилүүдэд тэр Америкийн кино инститүүдээс шагнал авч, Их Британийн хатан хаан II Элизабетээс түшмэл цол авсан нь түүний хамгийн дээд шагнал байсан байж болох юм. 1955-1965онд тэрээр “Хичкок үзүүлж байна” хэмээх нэртэй телевизийн цувралын хөтлөгч болон найруулагчаар ажиллаж байжээ. Энэхүү телевизийн цуврал нь түүнийг илүү алдартай болгосон байдаг.
Их Британийн жүжигчин Питер О’Тул бол олны талархлыг хүлээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн алдартай жүжигчдийн нэг ч гэлээ нэг удаа Оскар гардаж чадаагүй “одгүй” жүжигчдийн нэг юм. 2013 онд 81 насандаа өөд болсон тэрээр нас барах хүртлээ энэхүү шагналыг нэр төртэйгөөр авахыг хүсч байсан ч чадаагүй юм. Тэрээр Оскарын “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналд найман удаа өөрийн бүтээсэн дүрээр нэр дэвшиж байв. 2003 онд Академиас түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлэн Оскарын хүндэтгэлийн шагнал өгөхийг хүссэн ч тэрээр авахаас татгалзаж “Би одоо болтол тоглоомд байгаа хэвээр. Би магадгүй час хийсэн нэг дүрээр ялалт байгуулж магадгүй юм. Академийнхан минь, намайг 80 нас хүртэл битгий хүндэтгэлийн шагнал өгөөрэй. Тэр болтол би чадах бүхнээ хийнэ” гэж байжээ. Ингээд 2010 онд буюу 78 настайдаа тэрээр Оскарын хүндэтгэлийн шагналыг Мерил Стрийпээс гардан аваад “Би одоо л өөрийн гэсэн Оскартай боллоо. Энэ намайг үхэн үхтэл миний нэг тал байх болно” гэж байсан юм. Түүнийг Холливудын түүхэнд Оскар гардаж чадаагүй хамгийн авьяаслаг хэрнээ азгүй жүжигчдийн нэг хэмээдэг.
Роберт Дауни бол үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн, Холливудын өртөг өндөртэй жүжигчдийн нэг ч гэлээ Оскар авч байсангүй. Өдгөө 50 настай тэрээр 1993 онд “Chaplin” киногоороо анх удаа Оскарт нэр дэвшиж байсан ч тухайн жил "Scent of a Woman” киноны гол дүр Аль Пачино энэхүү шагналыг хүртэж байв. Түүний “Оскар”-т нэр дэвшсэн хоёрдахь тохиолдол нь нэлээд хожуу буюу 2008 онд болсон юм. Тэрээр “Tropic Thunder” киногоор “Шилдэг эрэгтэй жүжигчин”-д нэр дэвшсэн ч “The Dark Knight” киноны гол дүр Хэт Лэжер энэхүү шагналыг хүртэж байв.
Гленн Клоуз зургаан удаа Оскарт нэр дэвшиж байсан ч нэг ч удаа энэхүү шагналыг хүртэж байгаагүй юм. Үзэгчид түүнийг "101 гөлөг" киноны эсрэг дүрийн эмэгтэйн дүрээр сайн мэддэг. Өдгөө 68 настай тэрээр “EmmyAwards”-аас гурван удаа, “Tony Awards”-аас гурван удаа “Шилдэг эмэгтэй жүжигчин”-д нэр дэвшиж байв. Гленн Клоуз "The World According to Garp," "The Big Chill", "The Natural" кинонуудаараа 1982 оноос гурван жил дараалан Оскарын “Шилдэг жүжигчин” шагналд нэр дэвшиж байсан ч гар хоосон буцсан байдаг. Мөн 1987 онд "Fatal Attraction" киноны гол дүрээрээ, 1988 онд "Dangerous Liaisons" киноны гол дүрээр, хамгийн сүүлд 2011 онд "Albert Nobbs" киноны гол дүрээр тус тус Академийн шагналд нэр дэвшиж байжээ.
Уэльсийн жүжигчин Ричард Бартон (1925 - 1984) Оскарын шагналд долоон удаа нэр дэвшиж байсан ч мөн л нэг ч удаа Академийн дээд шагналыг хүртэж байсангүй. Тэрээр 1984 онд 58 насандаа мөнх бусыг үзүүлсэн юм. Ричард Бартоныг зарим хүн Оскарын шагналт жүжигчин Элизабет Тэйлортэй гэрлэж байснаар нь мэддэг. Тэрээр хамгийн анх 1952 онд “"My Cousin Rachel" киногоор, 1977 онд "Equus" киногоор сүүлийн удаа Оскарт нэр дэвшсэн байдаг. Тэрээр Оскараас бусад кино урлагийн дээд шагналууд болох “BAFTA”, “Алтан бөмбөрцөг”, “ТonyAwards”-аас “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртэж байсан юм.
Өдгөө 58 настай найруулагч Спайк Ли 1983 оноос хойш 35 кино найруулж, Академийн шагналд хоёр удаа нэр дэвшиж байв. 1990 онд “Дэлгэцийн шилдэг кино” төрөлд "Do the Right Thing" киногоороо анх удаа, 1988 онд “Шилдэг баримтат кино” төрөлд “4 Little Girls” киногоор нэр дэвшсэн ч аль алинд нь гар хоосон буцсан байдаг. Өнгөрсөн намар түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлэн Оскарын хүндэтгэлийн шагнал гардуулсан ч олон хүн дургүйцлээ илэрхийлж, Академийг буруутгасан юм. Үүнд гомдсон найруулагч Спайк Ли энэ жил Академийн шагналд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Уран зөгнөлт, хачин жигтэй кинонуудаараа алдартай найруулагч Тим Бартон ч мөн Оскарын шагналыг нэг ч хүртэж байгаагүй юм. “Beetlejuice", "Edward Scissorhands", "The Nightmare Before Christmas" зэрэг бүтээлүүдээрээ алдартай найруулагч Тим Бартон “Corpse Bride", "Frankenweenie" зэрэг хүүхэлдэйн киногоор хоёр ч удаа Оскарт нэр дэвшиж байв. Түүний үзэгч, бишрэгчид нь кино академийн шагналыг хүртэх ёстой найруулагчдын нэг хэмээн үздэг. Өдгөө 57 настай найруулагч “Golden Globe”, “Guild Award”-д тус бүр нэг удаа шагнал хүртэж байжээ.
Тим Бартоны үнэнч хамтрагч, жүжигчин Жонни Депп Оскаргүй алдартнуудын нэг юм. Өдгөө 52 настай жүжигчин Жонни Пепп 2003 онд "Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl," 2004 онд "Finding Neverland", 2007 онд "Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street" кинонуудаараа гурван удаа Оскарын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшиж байв. Тэрээр энэ жил АНУ-н түүхэн дэх хамгийн харгис гэмт хэрэгтнүүдийн нэг “Whitey” хочит Жозеф Булгерын амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Black Mass" хэмээх бүтээлээр Оскарт нэр дэвшихээр өрсөлдсөн ч чадаагүй юм. Уг кино нь жүжигчин Жонни Деппийн карьерыг шинэ төвшинд гаргана хэмээн кино шүүмжлэгчид үзэж байсан ч ийнхүү Академиас түүнийг нэр дэвшүүлээгүй юм.
Өдгөө 66 настай жүжигчин Сигурни Уивер Академийн шагналд гурван удаа нэр дэвшиж байсан ч нэг ч удаа энэхүү шагналыг хүртэж чадаагүй жүжигчдийн нэг юм. Тэрээр 1986 онд “Aliens” киногоороо анх удаа Оскарын “Шилдэг эмэгтэй жүжигчин”-д нэр дэвшиж байсан ч "Children of a Lesser God” киноны гол дүр Марли Матлинд энэхүү шагналаа алдаж байсан юм. Үүнээс хоёр жилийн дараа тэрээр "Gorillas in the Mist" киногоороо шилдэг эмэгтэй жүжигчин, “WorkingGirl” киногоор шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчинд нэр дэвшиж байсан ч мөн л алийг нь авч чадаагүй юм. Гэхдээ энэ хоёр киноны дүрээрээ тухайн жилдээ “Алтан бөмбөрцөг” наадмын хоёр ч шагналыг авч, нэг жилд хоёр шагнал авсан анхны жүжигчин болж байв. Энэ жил түүнд Оскарт дахин нэр дэвших боломж олдоогүй юм.
Холливудын бүх цаг үеийн хамгийн алдартай эрэгтэй жүжигчдийн нэг Кэри Грант ч мөн Оскараас гар хоосон буцаж байсан алдартнуудын нэг юм."The Philadelphia Story," "North by Northwest", "An Affair to Remember" зэрэг киноны од Кэри Грант Оскарын “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналд хоёр удаа нэр дэвшиж байв. 1966 онд тэрээр “зодог тайлж” буйгаа мэдэгдсэний дараа буюу 1970 онд түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлэн Оскарын хүндэтгэлийн шагнал гардуулсан байдаг. Тэрээр 1986 онд 82 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж байв.
Хамгийн анх 22 настайдаа"What’s Eating Gilbert Grape" киногоороо Оскарын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшиж байсан жүжигчин Леонардо Ди Каприог энэ жил анхны Оскараа гардаж магадгүй гэх хүлээлт олны дунд байгаа юм. Өдгөө 41 настай тэрээр энэ жил “Revenant” киногоороо “Шилдэг эрэгтэй жүжигчин”-д нэр дэвшээд байгаа бөгөөд өмнө нь дөрвөн удаа энэ шагналд нэр дэвшсэн ч авч чадаагүй юм. Түүний “Оскарт гологдсон” жүжигчдийн тооноос хасагдах, эсэх нь маргааш шийдэгдэх юм.