24 жилийн өмнө баталсан Хилийн тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд шинэчлэн баталсан. Уг хуулиар өмнө нь Гадаадын иргэн харьяат газарт шилжүүлээд байсан хилийн шалганы чиг үүргийг ХХЕГ-т буцаан өгснөөрөө онцлог. Өнөөдөр хуулийн эх бичвэрийг ХХЕГ-т хадгалуулах ёслол боллоо. Хуулийн эхийг гардуулах ажиллагаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон хууль боловсруулах ажлын хэсэгт ажилласан холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон.
Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, “Үндсэн хуульд Монгол Улсын хилийг хуулиар бататгана. Монгол Улсын хил халдашгүй дархан байна” хэмээн заасан билээ. Үндсэн хуулийн энэхүү тулгуур хэм хэмжээг хэрэгжүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс 1993 онд Монгол Улсын Хилийн тухай бие даасан хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн бөгөөд улс орон нийгмийн шинэ харилцаанд шилжих явцад түүхэн үүргээ бодитойгоор биелүүлж чадсан юм. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 2002 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан Төрөөс хилийн талаар баримтлах бодлого зэрэг тулгуур баримтлалтай нийцүүлэн УИХ-аас өнгөрсөн онд Хилийн тухай хуулийг шинэчлэн баталлаа” гэсэн юм.
-Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиа сайтар судалж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хилчин нэг бүр бүрэн хэрэгжүүлж ажиллах
-Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газар болон ХЗДХЯ-ны төвшинд батлагдан гарах эрх зүйн хэм хэмжээний актуудыг шуурхай боловсруулж, батлуулах
-Бүс нутаг, хил залгаа орнуудын хэмжээнд терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, хүн худалдаалах, зэвсэг хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг онцгой анхаарч ажиллах
-Улсын хилээр зорчигч болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулж, хилийн боомтын аюулгүй байдлыг найдвартай хангаж, боомт дээр гарч болзошгүй хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсооход үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах
-Улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх ажиллагаанд орчин үеийн өндөр технологийг өргөнөөр нэвтрүүлэх, бүрдүүлэх талын арга хэмжээг авах
-Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлагатай албыг зөвхөн хилийн албанд чин сэтгэлээ өгсөн хүн хашиж чаддагийг анхаарч, хүний нөөцийн бэлтгэх, сургахад онцгой анхаарал хандуулж ажиллахын хамт албаа урвуулж ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэх, иргэдтэй зохисгүй харилцах явдалтай хил хамгаалах байгууллагын удирдлага эвлэрэхгүй тэмцэхийг үүрэг болгож байна гэлээ.
Дараагаар нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “24 жилийн турш мөрдөж ирсэн Хилийн тухай хуулийг өнгөрсөн намрын чуулганаар УИХ хэлэлцэн баталсан. Энэ бол Монгол Улсын газар нутаг, аюулгүй байдлын баталгаа болсон улсын хил, түүний төлөө зүтгэж ирсэн хилчдийн эрх зүйн орчныг баталгаажуулахын төлөө үе үеийн УИХ, Засгийн газар ажиллаж ирсний нэг илрэл. Хуулиар хилийн аюулгүй байдал, хилчдийн нийгмийн асуудлыг бүрэн шийдэж, хилийн шалганыг хилийн цэрэгт эргэж нийлүүлсэн эрх зүйн баримт бичиг болсон гэж үзэж байна. Хилийн тэнгэр цэлмэг байг, монгол хилчдийн яруу алдар өнө мөнхөд орших болтугай” гэсэн.
Ёслолын арга хэмжээний төгсгөлд ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн Хилийн тухай хуулийг боловсруулж, батлуулахын төлөө тууштай ажилласан ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлээд, тушаал гаргаж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, тус яамны газрын дарга П.Сайнзориг, Т.Нармандах нарт “Сүлдэт багана”-аар шагнаж буйгаа зарлан гардууллаа. “Сүлдэт багана” бол ХХЕГ-ын даргын тушаалаар олгогддог хилийн цэргийн дээд шагнал юм.