Open iToim app
Таны сонорт | 4 мин уншина

Д.Хаянхярваа: Тэр хүн УИХ-ыг төлөөлж ярих эрхгүй

Д.Хаянхярваа: Тэр хүн УИХ-ыг төлөөлж ярих эрхгүй
Нийтэлсэн 2015 оны 5 сарын 21
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхий сайд Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Энэ эерэг мэдээ эдийн засагт яг хэзээ бодитой мэдрэгдэж эхлэх бол?
-Гэрээний тухайд өнөөдрийн байдлаар тодорхой тойм мэдээлэл аваагүй байна. Хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Оюутолгойн гүний уурхайг цааш нь ашиглах эдийн засгийн ТЭЗҮ-г дахин хэлэлцэж өртөг төсөв дээрээ тохирох юм байна гэсэн ойлголт авсан. Хэрвээ ингэсэн тохиолдолд Засгийн газар “Туркойз Хилл ресурс” компаниуд хэр хурдан ажиллахаас Монголын эдийн засагт өгөөжөө өгч эхэлнэ. Мэдээж хэрэг, Оюутолгойн гүний уурхайг ашиглах төсөл цаашид үргэлжлээд явбал Оюутолгойн ажил өргөжинө. Тиймээс ажилчиддаа хална, цомхотгоно гэдэг ойлголт гарахгүй, ажлын байр нэмэгдэх байх гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд үүссэн асуудал дээр хоёр тал тохиролцоонд хүрч, бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэж ярьж байгаа. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгаан, далд уурхайн хөрөнгө оруулалт, татварын маргаан зэрэг олон асуудал дээр яг ямар тохиролцоонд хүрч хэлэлцэл хийсэн талаар Ерөнхий сайдаас мэдээлэл авч, сонсох ёстой гэж үзэж байгаа.
-Оюутолгойн асуудал нааштайгаар шийдэгдэж байх шиг байна. Харин Тавантолгойн төсөл гацсан хэвээр байна. Танай намын бүлгээс Тавантолгойн гэрээг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргахыг шаардсан. Ямар нэгэн ахиц гарч байна уу?
-Одоогоор шийдсэн, ахисан зүйл алга. Тавантолгойн гэрээний төслийгУИХ-д өргөн бариад нэг сар боллоо. Гэтэл энэ хугацаанд ямар ч ахиц гарсангүй. Тиймээс манай намын бүлэг Тавантолгойн асуудлыг яаралтай хэлэлцэж, Монголын төр дотоод, гадаадынханд маш тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Ер нь Монголын эдийн засгийг уналтад нь ч, эргэлзээнд нь ч оруулж байгаа нь Тавантолгой, Оюутолгой шүү дээ. Гаднын хөрөнгө оруулагчид биднийг ажиглаад зосч байна. Тиймээс энэ хоёр төслийг хөдөлгөх анхны боломжууд гарч ирснээр дэлхийд хамгийн түрүүнд эерэг сигналь өгнө. Хөрөнгө оруулагчдын урсгал эргээд сэргэж эхэлнэ гэж харж байгаа. Оюутолгой шийдэгдэж магадгүй боллоо. Гэхдээ энд тодруулах асуудал, цаашид хийх асуудал олон байгаа. Харин Тавантолгойн төслийг цааш явуулах эсэх, одоо явж байгаа хувилбар, энэ консорциумд өгөх эсэхээ тодорхой болгож, аль нэг талд нь яаралтай гарах хэрэгтэй.
-Хэрвээ Тавантолгойг шийдэхгүй бол яах вэ?
-Манай улсад л асар хохиролтой. Манай улсын БНХАУ-тай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ. Манай эрдсийн гол түүхий эд болох нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны бүтээгдэхүүний гол худалдан авагч чинь ямар орон билээ гэдгийг монголчууд дахин дахин санах ёстой. Өөрөөр хэлбэл, өдийг хүртэл манай улс голлох түүхий эдээ Хятадаас өөр нэг ч оронд өгч байсангүй. Гэтэл экспортын хамгийн гол бүтээгдэхүүнийтөсөл дээр Хятадын томоохон компани оролцсон хэлэлцэл дээр ямар нэгэн байдлаар удаан хугацаанд сөргөлдөөд байх нь Монголын талд ашигтай хувилбар биш.
-Тавантолгойн гэрээнд дүгнэл өгөх Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүний ярьж байгаагаар хөрөнгө оруулалтын 51 хувь дээр дахин тендер зарлавал яах вэ?
-Тэр ажлын хэсгийнхний яриад байгааг би огт ойлгохгүй байна. Ер нь энэ ажлын хэсгийг хуулийн хүрээнд байгуулаагүй шүү дээ . Аливаа асуудлыг оруулж ирээд УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдчихээд дараа нь ажлын хэсэг байгуулдаг. Гэтэл урьдчилж байгуулсан нь энэ төслийг түгжиж, зогсоох гэсэн зорилготой байгууллаа гэж ойлгосон. Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүнийхийсэн тайлбарууд нь УИХ-ын өмнөөс хийж байгаа юмшиг барин тавин утгагүй зүйл яриад байх нь өнөөгийн нийгэмд үүссэн хагаралыг улам даамжируулах болчимгүй үйлдэл юм. Дахиад тендер зарлах уу, үгүй юү гэдгийг Л.Эрдэнэчимэг шийдэхгүй л дээ. Тэр хүн УИХ-ыг төлөөлж ярих эрхгүй .
-ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг авахаас өөр аргагүй болсон гэж танай намын зарим гишүүд, та ч бас хэлсэн. Хэрвээ Оюутолгойн бүтээн байгуулалт үргэлжилж, цаашлаад Тавантолгой хөдөлбөл энэ хөтөлбөрийг авах шаардлагагүй биз дээ?
-Яг өнөөдрийн байгаагаараа урагшилбал “Стэнд бай” авах гарцаагүй нөхцөл үүснэ гэж УИХ-ын олон гишүүд хэлж байгаа. Харин Монголын эдийн засагнааштай эргэж, хөрөнгө оруулагчийн урсгал нэмэгдэж, бодлогын алдаагаа зөв болгож эдийн засгаа тогтворжуулаад ирвэл “Стэнд бай” авах шаардлагагүй. Гэхдээ Энэтхэгийн тэрбум ам.доллар, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт, Тавантолгой л гэж ярьж байгаа ч эдгээр төслийн өгөөж нь энэ жилдээ нөлөөллөөд эхлэх үү, үгүй гэдгийг бодох л хэрэгтэй.
-Хувийн хэвшлийнхэн дотоод нөөц боломжоо ашиглаж Эдийн засгийн ил тод байдал, Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Харин танай намын бүлэг эдгээр хуулийн төслийг яаран батлах хэрэггүй гэж үзээд байгаа шүү дээ?
-Энэ хуулийн төслийг батлуулахаас илүү Чингис, Самуурай бондын олон арван тэрбумын хөрөнгийг хэрхэн яаж зарцуулсан үр дүнг үзэх ёстой. Мөн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүгнэлтээр бондын зарцуулалт илүү тодорхой болох ёстой. Ер нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэсэн гоё нэрийн цаана цагаан захтнуудыг хамгаалсан хууль гэж харж байна . Тиймээс бид бүлгийн хурлаараа энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
-Хаврын чуулган завсарлахад сар гаруйхны хугацаа үлдсэн байна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудал хэр ахицтай байна гэж та харж байна вэ?
-Бид яст мэлхий шиг л ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн