Манайхан л сүржигнээд байдаг болохоос арилжааны банкуудын хувьцаа нааш цааш хөдлөх, хувьцаа эзэмшигчид нь гарч орох нь хэвийн л үзэгдэл. Тэгэхдээ банк бол харилцагчдын хадгаламж дээр бизнесээ хийдэг учир эрсдэлтэй эмзэг салбар төдийгүй эдийн засгийн хамгийн чухал дэд бүтэц. Тийм учраас додооддоо бужигнах, нэр хаягнаас эхлээд олон нийтэд брэнд болсон “бүтээгдэхүүн”-үүддээ халдаад байдагүй. Халтай гэж үздэг. Хамгийн сүүлд “Голомт” банкны хувьцаа эзэмшигчдийн маргаан цэгцэрч УИХ-ын гишүүн Лу.Болд “Богд” банкаа зарлаж, логог нь сошиал ертөнцөд тараажээ. Тэгвэл байгуулагдаад “Хас” банкинд чимээгүйхэн хөдөлгөөн өрнөж эхэлжээ.
Хэрвээ олон нийт, харилцагч, хадгаламж эзэмшигчид нь анзаарсан бол тус банкны удирдлага солигдсон, удалгүй банкныхаа нэрийн бичиглэл, логог өөрчилсөн. Оны дараахан болсон энэ өөрчлөлтийг банкны зүгээс шинэчлэл гэж тайлбарласан.
Тэгвэл байгуулагдснаасаа хойш 14 жилийн турш харилцагч, хадгаламж эзэмшигчддээ хоногшуулсан банкны нэрийг бичиглэл, логог өөрчлөх ямар шаардлага байв аа. Хуучин бичиглэл, лого нь банкны активийг өсгөх, хадгаламж татахад тийм ихээр сөрөг нөлөө үзүүлж байсан хэрэг үү. Товчхоноор бол 14 жил болсон учраас улиг болж, хуучинсаг харагдаж эхэлсэн үү. Харин зарим эх сурвалж уг үйл явдлыг “Хас” банкны хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын дунд хөдөлгөөн гарсантай холбоотой гэж тайлбарлаж байна.
Анх 2000 онд "Хөгжлийн Алтан Сан", "Говийн эхлэл" ББСБ, "Нэтмон" зэрэг байгууллагууд хэлэлцээр хийж "Хас Банк"-ийг байгуулахаар тохиролцсон гэж ярьдаг. Нэтмон банк бус санхүүгийн байгууллагыг 1997 онд Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг байгуулсан юм байна. Тиймээс Хас банкийг үүсгэн байгуулахад Ч.Ганхуягийн үүрэг оролцоо өндөр байсан гэдэг. Тэрээр Хас банкийг үүсгэн байгуулсан цагаасаа хойш гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2009 он хүртэл хашсан юм. 2009 он төрийн албанд Сангийн дэд сайдаар томилогдож ажилласан замналтай. Түүнийг талхны үнэ андуурснаар нь сүүлийн үед л “талх” Ч.Ганхуяг гэж тодотгоод байдаг болохоос олон нийт бол “Хас”-ын Ганухяг гэдгээр анддаггүй.
Харин сүүлийн үед “Хас” банкны хувь эзэмшигчид болон Ч.Ганхуяг нарын хороонд үл ойлголцол, хөдөлгөөн гарсан сурагтай. Банкны зүгээс шинэчлэл гэж тайлбарлаад байгаа нэрийн бичиглэл, логоны өөрчлөлт нь ч Ч.Ганхуягаас “Хас” гэх тодотголыг салгах “шинэчлэл” бололтой. Эх сурвалжийн хэлснээр нэрийн өмнөх бичглэл, лого нь Ч.Ганхуягийн нэрээр оюуны өмч болон бүртгэгдсэн учир ийнхүү шинэчлэн сольсон бололтой. Ч.Ганхуяг ч сүүлийн үед Ард даатгал компаниа дагнаж “Хас” банкны төв байрны ойролцоо тусдаа байрлах болжээ.