Өнөөдөр дэлхийн даяар улс төрийн намаас “brain drain” буюу оюунлагууд зугтах үйл явц эрчимтэй явагдаж байна. Нийгмийнхээ хамгийн сор болсон, хамгийн идэвхитэй, нийтийн төлөө гэсэн сэтгэлтэй элит хэсэг улс төрийн намаар дамжиж төрийг удирах ёстой гэсэн уламжлалт философи түүх болон сурах бичигт үлдэв. Оюунлагууд чөлөөт нийгэмд заавал намаар дамжилгүйгээр манлайлах, нийгмийн хөгжилд өөрийн оролцоог харуулах, баялгийг тэш хуваарилах үй түмэн боломж, арга замнал бий гэдгийг нотолсноор улс төрийн нам нь нийгмийн элитүүд гэх имижээсээ салсан билээ.
Монголын улс төрийн намуудын хувьд “brain drain” буюу оюунлагууд зугтах үйл явц бүрэн дууссан төдийгүй үлдсэн цөөн оюунлагууд нь нам дотроо бэлгийн цөөнх мэт гадуурхагдах, нийт гишүүдийн дэмжлэгийг авч чадахгүй “хоосон цэцэрхэгч” “ярихаас цаашгүй” гэсэн имиж хүртэж чимээгүй болцгоожээ. Одоо тэдний хувьд тодорхой хугацаанд гэнэт хэвлэлд “ухаантай” ярилцлага өгөх, лидерүүдийнхээ хийж буй ажлыг кофены ширээний ард шоолсон шиг суухаас өөр ажилгүй харагддаг. Би л дарга болохгүй бол одоо энэ нам ямар байх нь надад хамаагүй гэж оролцоогоо хязгаарлачихдаг оюунлаг индивидуалуудын бэртэгчин зан ч нөлөөлдөг л байх. Бүхий л намууд оюунлаг “бэртэгчингүүдтэй”.
Өртөг нь намуудын дотоод хурлууд үзэл санаа, алсын хараа, бодлого ярьж маргах, нийгмийн өмнө тулгамдаж буй шийдлийг боловсруулахаас илүүтэй хувь лидерүүдийн эртний маргаан, хэн хэзээ хэнийг хэнтэй нийлж “мурьсан” тухай шагшиж одоо энэ хурлаараа хэний бүлэглэл хэнтэй нийлж олонх болж намын удирдлага болох тухай л ярьцгааж байна. Хэдхэн хоногийн өмнө болсон эрх баригч МАН-ын их хурал гэхэд улс үндэстэнтэй холбоотой ямар ч бодлого, алсын хараа ярьсангүй. Намын даргад өрсөлдөж буй нэгнийхээ булайг дэлгэх, дэмжигчээ илүү сайн харагдуулах гэсэн муйхар сурталчилгаа явсан нь нотолгоо юм. Цагтаа АН-ын хурлууд ч илүү нанчилдаантай, илүү спиртлэг болдог байв.
Энэ бүхний үндсэн шалтгаан нь хэн нэг хувь лидерээс үл хамаарсан улс төрийн намын дотоод системийн доголдолд байгаа гэж боддог. Юуны өмнө монголын улс төрийн намууд үнэт зүйлсээ түгээх, гишүүдээ соён гэгээрүүлэх, үзэл санаанд суурилсан нэгдлийг буй болгох тал дээр хангалтгүй ажилладаг. Намуудын хийж буй сургалтууд голчлон хувь хүний хөгжил, илтгэх урлаг, пиар, багийн ажиллагаа зэрэг ур чадвар суулгах сургалтууд байна. Мэдээж эдгээр сургалт нь чухал боловч намын өөрийнх нь оршин тогтнох “амьдрах хугацаа”-г нь тодорхойлж байдаг үнэт зүйлсийн түгээлт, соён гэгээрлийн ажил үндсэн сургалт хийгдэхгүй байна.
Үнэт зүйлсээ түгээдэггүй намууд олон нийтийн хүсэл зоригийг төлөөлөх чадвараа алддаг. Нэгэнт олон нийтийн хүсэл зоригийг төлөөлөх чадваргүй учраас иргэд, сонгогчид ч тэднээс дайжих төдийгүй үгүйсгэж эхэлдэг. Намууд шиг хэрэггүй зүйл алга гэж ярьж буй жирийн сонгогчдын цаад хэлэх гэж буй санаа нь намууд миний хүсэл зоригийг төлөөлж чадахгүй байна гэсэн шүүмж юм. Иргэний хүсэл зоригийг илэрхийлэхийн оронд нам эсвэл нам дамжсан тодорхой бүлэглэлийн эрх ашгийг илэрхийлдэг болж буй нь монголын улс төрийн намууд ТӨЛӨӨЛӨХ ЧАДВАР аа алдсан гэсэн үг юм. Юу ч ордоггүй бас гардаггүй гэхдээ бусдыг өөртөө татаж сорж байдаг хар нүхний тухай бид мэднэ. Улс төрийн зах зээл дээрх хар нүх бол одоогоор улс төрийн намууд л байна. Гэхдээ үүнийг өөрчилж болно. Өөрчлөх ч ёстой.
МАН-ын хамгийн эмзэг сэдэв бол үнэт зүйл. Коммунист үзэл суртлаа 1990 оноос гээснээс хойш үргэлж өөрсдийн үнэт зүйлсээ эрж хайсаар ирсэн нам юм. Коммунизмын онолоос шууд нагаржунайн онолыг хүртэл зээлдэж нэг үзэж, социал демократ гэж ярьж, сүүлдээ нийгмийн ардчилал гэж тодорхойлох болсон. Нийгмийн ардчилал гэдэг нь социал демократ гэх үгийг орчуулчихсан ярьж байгаа юм уу, бас нэг ардчиллын тусдаа хэлбэр юм уу сайн тодорхойгүй. Намын дарга У.Хүрэлсүхийн үргэлж ярьдаг тусгаар тогтнол, эх орон ч үзэл гэж их ярьдгаас нь харвал үндэсний үзэлтэй консерватив нам ч юм шиг. Тиймээс МАН бол үнэт зүйлсийн эрэлд яваа сайн институци бүхий шинэчлэгдэж буй хуучин соёлтой нам юм.
Харин АН-ын хувьд өөрсдийгөө баруун төвийн үзэлтэй либерал нам гэж тодорхойлдог. Гэхдээ энэ үнэт зүйл дээрээ хатуу байж чаддаггүй. Чаддаггүйн үндсэн шалтгаан нь АН анхнаасаа МАН-ын улс төрийн монополын эсрэг таван намын нэгдэл хэлбэрээр үүссэн юм. Социал демократууд, либералууд, консервативүүдээс бүрдсэн механик нэгдэл гэхэд харин ч хурдан төлөвшиж үндэсний нам болж чадсан. АН бол либерал ардчилсан үнэт зүйл бүхий, институци нь төлөвших шатандаа яваа чөлөөт нийгмийн шинэ соёл бүхий нам гэж харагддаг.
Манай лидерүүд, том улс төрчид харанхуй масс хэмээн ярих, эш татах дуртай. Тэдэнд юу ч ярьж байсан итгэж, ямар нэгэн ашиг сонирхлыг нь илэрхийлбэл шууд дэмжинэ гэж тооцдог. Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу ч гэж бичиж болно гэж Мао хэлсэн гэх үгийг нэг нэгэндээ сануулдаг. Хамгийн харамсалтай нь ихэнх улс төрчид намын олон мянган жирийн гишүүдийг ч хар масстайгаа ижилхэн байлгах сонирхолтой. Улс төрийн намуудын жилдээ хийдэг ихэнх дотоод сургалт, зөвлөгөөнүүд дээр ирсэн намын гишүүддээ тухайн үеийн намын удирдлага, их хурлын гишүүд ирж мэдээлэл өгдөг сайн уламжлал тогтсон. Гэхдээ эдгээр мэдээлэл өгөх аргачлал нь өөрийн хийж буй ажлаа магтах, өрсөлдөгч намуудаа муулж сэтгэл ханамж авах байдлаар ирсэн гишүүдийнхээ тархийг угаахаар хязгаарлагдана. Уг нь улс төрийн нам гэдэг хамтын хариуцлагын систем учраас хамтдаа хөгжих үйл явцаа сургалтаараа дамжуулан хийдэг онолтой. Намын сургалт нь бүхэлдээ намын гишүүд болон лидерүүд хамтдаа хөгжих үйл явц юм. Монголд нэг бол намын лидерүүд нь хоолондоо гарч явж гишүүд нь сургалтдаа сууна үгүй бол лидерүүд нь намын доод тушаалтнууд, жирийн гишүүдээ хувийн сургааль айлдах, найрсаг зангаар татахаа сургалт гэж эндүүрдэг. Үнэт зүйлсийн сургалт аваагүй, түүний тухай төсөөлөл муутай лидерүүд шийдвэр гаргахдаа үнэт зүйлсээ баримтлахаасаа илүүтэй хувийн төсөөллөөрөө шийдвэр гаргаж эхэлдэг. Ингэснээр намын үнэт зүйлсийн тээгч, илэрхийлэгч байх ёстой тэр лидер намын гишүүдээ төлөөлөх чадвараа бас л алдаж байгаа юм. Үнэт зүйлээ тойрч нэгдэхгүй бол намын гишүүд дарга даргаа л тойрч фракцална. Намын хурлууд нийгмийн сэдэв биш хувь хүмүүсийн хэрүүлээс хэтэрдэггүй. Намын генсек нь хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчдийн тав тухыг хангах, урлаг соёлын үзүүлбэр үзүүлэх, парти хийх гэсэн сэтгэл ханамжийн үйлчилгээнээс хэтэрч бодлогын асуудал уруу орж чадахгүй байсаар байна. Уг нь намын үнэт зүйлсийн сургалтыг хамтдаа хийснээр лидерүүд болон жирийн гишүүдийн үзэл санаа, байр суурь нэг болж нэг баг болж буйг сургалтын бодлогын менежмент гэж тооцож хамгийн чухалд тооцдог.
Мөн туршлагатай улс төрийн намууд сургалтаар дамжуулан санхүүгийн асуудлаа ч шийдэж байдаг. Намууд дотоод сургалтаар дамжуулан нийгмийн тодорхой бүлгүүдтэй харилцаа холбоо тогтоох, тэднээр дэмжүүлснээр олон тооны жижиг хандив авч намын санхүүжилтээ бүрдүүлдэг. Бүрдүүлсэн санхүүжилт нь хэрхэн юунд зарцуулагдаж байгааг хандивлагчид болон жирийн намын гишүүдэд шилэн дансаар танилцуулснаар тэдний итгэлийг олж авах, нэмэлт урт хугацааны санхүүжилтийн хэрэгжүүлдэг. Харин монголд намын санхүүжилтийг зохицуулдаг генсекээс намын гишүүд нь шилэн дансны тухай зарчмын асуулт асуувал эргээд “бөгс ухсан” хэргээр дайсан мэт ханддаг. Учир нь тэр намын санхүүжилт, зарцуулалтаа бодитой тайлагнаж чадахгүй.
Улс төрийн намын нэг үндсэн үүрэг нь иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх замаар улс төрийн оролцоог хангах юм. Сургалтаар дамжуулж нийгмийн тодорхой бүлгүүдээс шинэ гишүүдээр “цус сэлбэж” гишүүнчлэлээ нэмэгдүүлдэг бол монголд баярын хурал, намын үдэшлэг дээр намын батлах тараадаг. Иймээс л улс төр судлаачид монголын улс төрийн намуудыг бодлогын нам биш массын буюу тооны намууд гэж үздэг билээ.
Улс төрийн намууд болохгүй байна, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахгүй байна гэж бүгд шүүмжилдэг. Тэр ч бүү хэл эдгээр намуудыг “бүтээсэн” том улс төрчид ч үүнийг эшлэх дуртай болсон. Гэхдээ хэрхэн яаж өөрчлөхөд тэр шүүмжлэгчийн оролцоо юу байна вэ гэдэг дээр үйлдэл хийж манлайлал харуулж буй нь хангалттай олон биш байна.
Үнэт зүйлсээ тойрч нэгдээгүй зөвхөн засгийн эрх авах сонирхлоор намд орсон хүмүүс намын удирдлагад гарч улмаар төрийн шийдвэр гаргалтад очсоноор тэдний үнэт зүйлсийн зөрчил төрийн зовлон болж нийгмийн хөгжилд хавдар болж байна. Яагаад эв нэгдэлтэй байсан нэг намынхан засгийн эрх авахаараа хоорондоо бүлэглээд төрийн институциудийг хувьчлаад эхэлдэг вэ. Яагаад намынхаа мөрийн хөтөлбөрт багтаагүй элдэв хөгжлийн санаачилгыг гишүүн болсон хойноо гэнэт санаачлаад эхэлдэг вэ. Яагаад ашигт малтмал, төмөр зам, гадаадын хөрөнгө оруулалт, татварын гэх гол түлхүүр асуудлуудаар нам дамжсан бүлэглэлүүд засгийн эрхэнд гарсан хойноо бий болж төрийн нэг шийдвэр гаргаж чаддаггүй вэ гэсэн асуултуудыг уншигч та улс төрийн намуудын үнэт зүйлс, түүнийээ хамгаалах, түгээх чадвартай холбоод нэг бодоод үзээрэй.
Гишүүдээсээ гадна дэмжигчидтэй ажиллах нь маш чухал юм.
Нам нь ард түмний хүсэл зориг бүрдэхэд тогтвортой, урт хугацаанд нөлөөлөх, төлөөлөгчдийн байгууллагаар дамжуулан төрийн бодлогыг тодорхойлоход оролцох бодит зорилго, эрмэлзлэлтэй, энэхүү зорилго, эрмэлзлэлээ биелүүлэх чадавхитай болох нь гишүүд, дэмжигчдийн тоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээ, тогтвортой байдлаар тогтоогдсон, хамтын хариуцлага хүлээдэг, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдийн нэгдлийг ойлгоно.
8 дугаар зүйл. Намын чиг үүрэг
8.1.Нам нь чөлөөт ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1.ард түмний хүсэл зориг, олон нийтийн үзэл бодол бүрдэхэд нөлөөлөх;
8.1.2.иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх;
8.1.3.иргэдийн улс төрийн идэвхтэй оролцоог хангах;
8.1.4.төрийн алба хаах, хариуцлага хүлээх чадавхитай иргэнийг бэлтгэх;
8.1.5.сонгуульд нэр дэвшүүлэн оролцох;
8.1.6.улс төрийн зорилт, мөрийн хөтөлбөрөө төрийн бодлого, шийдвэрт тусгах;
8.1.7.төр, ард түмний хооронд байнгын, тогтвортой, идэвхтэй холбоо үүсгэх.
САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ ГИШҮҮНЧЛЭЛИЙН МЕНЕЖМЭНТ