Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Х.Халиунбат: Барилга, банкуудын монополь Монголыг баллаж байна

Х.Халиунбат: Барилга, банкуудын монополь Монголыг баллаж байна
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 31
Монголын эдийн засгийн чуулган хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Төрийн ордны Их танхимд “Бизнесийн орчин” сэдвийн хүрээндилтгэл хэлэлцүүлэг өрнөв. Торгоны замын гүйцэтгэх захирал, Монгол Айдия компанийн захирал Х.Халиунбат бизнесийн өнөөгийн орчин, ямар сорилт, эрсдэлүүд байгаа талаар илтгэл тавилаа. Тэрээр “Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан гэдэг шиг монголчууд өөрсдөө л эдийн засгаа унагасан” гэв. Ингээд түүний илтгэлийг тоймлон хүргэе.
-Монголын Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэлд барилгын салбар, банкны салбарын монополь байдал сөргөөр нөлөөлж байна.
Эдийн засагт эргэлдэх ёстой мөнгийг барилга, ипотекийн зээлийг дэмжихэд хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 8.7 их наяд төгрөгийг зөвхөн ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд зарцуулсан байна. Энэ бол эдийн засагт, хувийн хэвшлийнхэнд олгох, бизнесийг дэмжих эх үүсвэр байх ётсой байсан. Энэ нь нэг талаасаа эдийн засгаа унагааж байна.
Хоёрт, банкны салбарын монополь байдал Монголын бизнесийн орчныг хойш чангаалаа. Монголын санхүүгийн салбарын 88 хувийг арилжааны дөрвөн банк эзэлж байна. Энэ дөрвөн банк эцэстээ Монголын эдийн засгийн эрсдэлийг дааж чадахгүй байна. Өнөөдөр банкийг монополь болгосон нь бас л өөрсдөөс нь болсон. Монголын 34 хуульд банк маш олон зүйл дээр монополь байхаар заасан байна. Өнөөдөр ипотекийн зээлд ч банк оролцож,гадаад, дотоод төлбөр тооцоо дээр ч банкууд хийж байна. Сүүлдээ банкууд дэргэдээ бизнестээ болсон. Даатгал, хэвлэл, хуулийн салбар руу банкууд орсон. Дээр нь, Монголбанк хуульдаа маш олон заалтаар банкууд монополь байх боломжийг олгосон. Олон улсын трендээс гажсан үйл ажиллагаа явуулснаас болж банк үнэмлэхүй утгаар монополь болж чадлаа. Засгийн газрын нийт гаргасан бондын 91.6 хувийг банк худалдаж авсан. Үүнээс харахад банк бизнесийн зээл олгох, эдийн засгийн орчинд ажиллах боломж хомс байгаагхаруулж байна. Энэ нэг талаараа өрсөлдөөнгүй байдлыг үүсгэж байна.
Монголын эдийн засагт байгаа, бас ажиглагдсан зүйл бол улстөржсөн бизнес. Энэ бол бүх салбарт нэвтэрсэн нийтлэг . Хэдхэн улстөржсөн хүмүүс, бизнесийхний эрх ашгийн төлөө эдийн засгийг тэр чигт нь савлуулах процесс Монголоос л харж болно. 1997 онд Азид болсонэдийн засгийн хямралын гол шалтгаан нь улстөржсөн бизнес гэж тайлбарлаж байсан. Монголын хямралын гол шалтгаан улстөржсөн бизнесээс болсон.
Өнөөдөр Монголын бизнесийн орчин ямар ч чадавхигүй, мэргэжлийн биш, монополь байдал үүсч ямар ч өрсөлдөөнгүй болж байна.
Мэргэжлийн холбоод юу ч хийдэггүй юм шиг хэр нь маш лобби хийдэг. Цөөн хэдэн бизнесийн эрх ашгийг хамгаалдаг, нэг этгээд насан туршдаа тухайн мэргэжлийн холбоодын дарга нь байдаг. Мэргэжлийн холбоодууд бизнесийнхний эрх ашгийг хамгаалж чадахгүй, улам нөхцөл байдлыг дордуулж байна. Бид бүгд татвар төлж, гишүүнчлэлийг нь авсан хоёр мундаг холбоо байдаг. Түүний нэг нь үе, үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулдаг төв болсон. Нөгөөх нь хэн нэгэн улстөрчийн лоббины төлөө ажиллаж байна. Нэрийг нь хэлэхгүй, энэ холбоод бидний төлөө сайн зүйл хэзээ ч хийхгүй. Тиймээс мэргэжлийн холбоо гэдэг зүйлсийг болих хэрэгтэй. Холбоод мэргэжлийн төвшинд ажиллаж чадахгүй, бизнесийнхнийг хийж чадахгүй байна.
Хэрвээ ипотекийн зээлд оруулсан 8.7 их наяд, газар тариалангийн салбарт оруулсан дотацын мөнгийг өөр зүйл зарцуулсан бол өнөөдөр арай өөр орчинд биднийг хүлээх байсан. Хөрөнгө оруулалт буурсан тохиолдол эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа байхгүй болж байна.
Цаашид шударга өрсөлдөөн хэрэгтэй байна. Энэ бол хөгжлийн цорын ганц арга зам. Өрсөлдөөнийг хязгаарласан хуулиудыг өөрчлөх хэрэгтэй. Хэдхэн хүнд зориулсан засаг захиргаан нэгжээ өөрчлөх хэрэгтэй. Хамгийн өрсөлдөөн хэрэгтэй газар бол төр өөрөө боллоо. Төсвийн алдагдлыг банкууд нь санхүүжүүлэхээ больё. Эцэстээ Монголыг хөгжүүлэх залуусаа дэмжих хэрэгтэй гэлээ.
Монголын эдийн засгийн чуулган үргэлжилж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн